Алтангэрэл судар шигээ аз хийморь дагуулж яваарай, дүү минь

Twitter Print
2015 оны 07-р сар 22-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Зун эхлэнгүүт хөдөөг зорьж, алжаалаа тайлах гэдэг нь Монгол хүн бүрийн хүслэн. Энэ ч жишгээр Наадам дуусангуут төрсөн нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт зусландаа налайх нагац ахынхаа хаяанд, ногооны үнэр ханхалсан сэлүүхэн дэнж дээр майхнаа барин хонь ямааны майлах, үнээ саах, нохой хуцах, гол урсах, адуу янцгаах жинхэнэ Монгол ахуйн тансаг дуу чимээ чагнан, цагаан идээ эргүүлэн хэд хоноход урдхан талын жижиг бор гэрээс шавилхан биетэй хөөрхөн бор хүү өглөө эртлэн босч хонио туугаад бэлчээрт гарах, орой ирмэгцээ унага тугал татах, эргүүлэх гээд оронгийн бараа ер харах шинжгүй, хааяа бараа нь харагдсаар хэд хонолоо.

Хүүг Жанчивсэнгээгийн Алтангэрэл гэдэг гэнэ. Одоо 14 настай. Энэ жил 10-р ангид дэвшин суралцана. Жудо бөхөөр хичээллээд чамгүй амжилт үзүүлжээ. Өвөлдөө сумын төвд байранд сууж хичээлдээ явдаг хүү зуны 3 сар авга ах нарынхаа хонийг хариулж, морь унаж зусдаг гэнэ. Авга ах нар нь түүний ажилсаг, нягт нямбай, бас ухаантайг нь гайхан магтана. Хааяа харин хонины бэлчээрт амттай юм идмээр санагддаг юмуу орж ирээд "Ажаа, авдарныхаа эзэнтэй нэг уулзаадахаач" гэдэг гэнэ. Чихэр нэхэж байгаа нь тэр.

Өдөр өнжилгүй хонины хишигтэй байх түүнтэй айлын ургийн баярын хурдан морины уралдаанд оролцохоор ягаан даагаа хөтлөн явахад нь зэрэгцэн дагаж хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд толилуулъя.  Хүү хэгжүүхэн, бас буурьтай, яг л том хүн шиг “пүд, пүд” ярих нь эгдүүтэй.

-Ингэж нэг чамтай уулзах зав гардаг байжээ. Одоо бас хаа хүрэх нь вэ?

-Та намайг дандаа хонь хариулж явдаг гэж бодоогүй биз дээ. Би бас хурдан морь унадаг шүү дээ. Бүр багаасаа унасан. Одоо айлын ургийн баярт даага унахаар авга ахтайгаа явах гэж байна. Та асуух юмаа хурдан асуугаарай.

-Чи энэ урд гэрээс ганцаараа л гарч ирж харагдах юм. Ганцаараа амьдардаг юм уу?

-Би уул нь аав, ээжтэй л дээ. Ээж маань сэтгэцийн өвчтэй, байнгын эмчийн хяналтанд байх ёстой гээд хотод байдаг юмаа. Би ээж, аавтайгаа 10 нас хүртлээ л хамт байсан. Ээж маань энэ зун анх удаа, 4 жилийн дараа өвчин нь гайгүй боллоо гээд аав бид хоёртой амьдрахаар ирээд яг 2 хоноод л өвчин нь хөдлөөд буцаад Улаанбаатар явсан. Аав хүргэж өгөөд ирж яваа гэсэн, одоо 7 хонолоо, алга л байна. Аав бас группт байдаг. (Хөөрхөн нүдэнд нь юу юугүй нулимс хураад ирсэнд би өөрөө ч дагаад уйлчих шахав)

-Өө, яасан харамсалтай хэрэг вэ. Дөнгөж ирчихээд буцаад явчихдаг?

-Харин тиймээ. Аав бид хоёр одоо л сайхан байх нь дээ гэж бодсон чинь бас л болсонгүй. Тэгэхдээ эгч ээ, би чинь ээжгүй хүүхдүүдийн дэргэд ээжтэй шүү дээ. Би ирээд явахад нь надад ямар их хайртай, намайг бас их санасныг нь мэдэрсэн. Бид хоёр олон юм ярьж чадаагүй л дээ. Гэхдээ л ээж надад хайртай гэдгийг би мэдэж байна. Одоо бол яах вэ, ээж амьд, эрүүл саруул л байж байвал хамаагүй ээ гэж бодож байна.

-Миний дүү, хичээл номоо сайн хийгээд хотод очвол ээжтэйгээ ойр байж, бас тусалж дэмжиж чадна шүү дээ.

-Харин тийм. Сурлага бол гайгүй. Би сургуулийнхаа жудо бөхийн аварга ш дээ. Бас хүндэт самбарт медальтай зураг тавиатай байгаа. Та сургуулиар орвол заавал хараарай. Би жудо бөхөөрөө тууштай хичээллэж байгаад заавал тамирчин болно гэж бодож байгаа. Манай сургууль ч гэсэн их дэмждэг. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэн 2 жил дараалан шалгарч өнгөрсөн жил Архангай аймагт, энэ жил Хөвсгөл аймагт болсон Жудо бөхийн Өсвөрийн аварга шалгаруулах бүсийн тэмцээнүүдээс тусгай байрын шагнал авсан. 30 кг-ийн жинд барилддаг. Ер нь бол 27, 30, 34, 40 кг-ийн жин гээд л дээшээ өгсөөд явдаг даа. Манай Биеийн тамирын багш байсан Зоригоо надад анхны мэх зааж өгсөн. Тонгороо, хөмрөө, хутгаа гэсэн гурван мэх бол миний гол мэх.

-Ямар мундаг юм бэ. Ийм жоохон мөртлөө тэмцээн уралдаанд оролцоод зөндөө хол, хол явчихсан байдаг. Тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгөө яаж олдог юм бэ?

-Бүсээс медаль авсан бол уул нь бүр улсын аваргад Улаанбаатар явах байсан ш дээ. Улсын аваргад оролцоод, ээжтэйгээ уулзчихаад ирэх юмсан гэж бодож байсан, даанч ганцхан байр дутсан. Зардал мөнгөө тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд өөрсдөө л гаргах ёстой байдаг юм билээ. Манай сургууль, ангийн хамт олон намайг их дэмждэг. Энэ жил хүүхэд бүр 1 мянган төгрөг цуглуулаад миний Хөвсгөл явах замын зардлыг даасан. Найз нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

 

-Өдөрт хониндоо л явж харагдах юм. Хониныхоо захад юу хийж суух вэ?

-Хонинд явсан хүн хүн харахад зүгээр хонь дагаад явж байгаа юм шиг мөртлөө бараг хонь болгоноо мэдэж, ааш аягыг нь хүртэл ялгаж сурдаг. Тэгээд газрын гарц хаанаа жаахан сайн байна, тийшээ чиглүүлнэ гээд зөндөө л юм болно. Хонио бэлчээчихээд юм бодно, ирээдүйгээ төлөвлөнө, бас дуу дуулна. Хааяа сонин олдвол уншина. Тэрээр ийн хэлээд надад урд хожид сонсож байгаагүй үг, аятай, сонссон хүн нулимс дуслуулахаар дууг сэтгэл гэгэлзтэл дуулж өгсөн юм.

Хүний нутгаас өөрийн нутгаа
Гүн нойрондоо зүүдлэх юм даа
Гүүн зэлэн дээр өссөн болохоор
Гурийлах дуун цангинах юмдаа

Тэргүүн дээр тэнгэр цэнхэртээд
Тэртээ доор үүлс хөвөлзөнө
Түмний адил нутгаа яарсаар
Төрүүлсэн ижийдээ очиж явнаа

Аав ээжээс заяасан нутгаа
Амин зүрхнээс хайрлах юм даа
Ард Монголоороо овоглосон болохоор
Аргамаг хүлгээ санах юм даа

Тэргүүн дээр тэнгэр цэнхэртээд
Тэртээ доор үүлс хөвөлзөнө
Түмний адил нутгаа яарсаар
Төрүүлсэн ижийдээ очиж явнаа...

-За миний дүү, улам их хичээгээрэй. Амжилттай сайн суралцаад, жудогийн сайн тамирчин болж хотод сурах хүслээ гүйцээгээрэй.

-Тэгнээ, эгч ээ.

Хүүд амалсан ёсоороо сургуулиар нь орж, хүндэт самбарт тавигдсан зургийг нь үзэнгээ байрны багш Л.Батцэцэгтэй тааралдан хэдэн үг сольвол Ж.Алтангэрэл хүүг нэр шигээ сайхан хүү, ухаантай, эвсэг, шальдар бульдар зангүй, эр хүн шиг эр хүн дээ хэмээн магтлаа. Сургууль хамт олон ч Ж.Алтангэрэл хүүг чадах ядахаараа дэмждэг гээд дотуур байранд түүний ганцаараа суудаг гэх өрөөнд оруулж үзүүлсэн юм.

Тийм ээ, дүү минь, чамд сайхан ирээдүй байна. Судар шиг сайхан нэр шигээ одтой, аз хийморьтой яваарай.

2014.08.05

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • munkhtuya

      (77.218.249.14) 2015-04-28 02:22
      • 0
      • 4

      Huurhun huu be burhan ibeeg nutagtaa ochood zaawal olj uulzanaa amjilt husie

      Хариулах

    • Зочин

      (109.198.65.210) 2014-11-27 13:21
      • 0
      • 8

      sain huu baina.aztai odtoi yavaarai duu mini

      Хариулах

    • unshigch

      (202.126.91.104) 2014-11-26 16:13
      • 0
      • 6

      yneheer mundag uhaantai sain hyy bna. uudrug saihan yavnaa

      Хариулах

    • unshigch

      (202.70.34.244) 2014-11-26 14:33
      • 0
      • 14

      uuniig bichsen setguulch dee bayarlallaa, amidralin bodit unen ungu aysiig narin harj bichdeg yos zuitei jinhene setguulch nar olon boltugai., mungutei,erh medeltei humuusin gar hul bolon(bugs dolooj)tedni setgeld taarsan, zahialgaar bichij amidarch bgaa yos zuigui setguulch narig harhaar oi gutah yum...daanch ted uuriiguu olj harah melmii alga daa

      Хариулах

    • 247

      (202.131.231.250) 2014-11-25 18:19
      • 0
      • 9

      мундаг хүн болноо ухаантай сайн хүү байна

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.150) 2014-11-25 11:28
      • 0
      • 9

      Амжилт залуу минь сайн тамирчин болоорой

      Хариулах

    • монгол

      (203.160.55.2) 2014-11-25 11:16
      • 0
      • 9

      инээмсэглэл шигээ өөдрөг сайхан яваарай

      Хариулах

    • Зочин

      (202.70.36.226) 2014-11-25 11:08
      • 0
      • 16

      Эвий эвий ээж нь мэнд байж байгаад хүүгээ сайхан нэр алдартай тамирчин болохыг нь хараасай даа. Уншаад бүүр сэтгэл огшчлоо.

      Хариулах

    • Зочин

      (124.158.88.62) 2015-01-12 08:33
      • 0
      • 5

      amjilt husii duu dee uuniig avsan survjlagch daa ch bayrlalaa

      Хариулах