
Хөгжлийн банк гэдэг шоу үзээд бараг л сар болчихлоо. Өр зээлтэнгүүд нь өр зээлтнээ шалгана, хянана гэж шалмаг дуугараад бас ч багагүй хугацааны ард гарлаа. Аль нэг банк, эсвэл санхүүгийн нэгдлийг дампууруулж, төр дунд нь түмэн тоглолт хийдэг зуршил манайд нэг бус давтагдсан.
Эргэн сануулахад 2006 онд нийт 26 хадгаламж зээлийн хоршоо дампуурч, хэдэн зуун үл хөдлөх хөрөнгө улсын санд хураагдан, хэдэн жил дамнасан шүүх хурал болж, сүүлдээ хэний ямар байшин сав хэдээр үнэлэгдсэн, хаачсан нь тодорхойгүй болоод дууссан.
Эндээс хэн хожсоныг эргээд бодоход эвгүйцэх сэтгэл төрдөг. Мөнгөө хадгалуулсан иргэд лав хожоогүй, хөрөнгөө хураалгасан хоршоод бас хожоогүй. Иргэдийн хохирлыг барагдуулсан нэрээр баахан хөрөнгө хураан авсан тухайн үеийн төрийн эрх мэдэлтнүүд, хэрэг шийдэх эрхтэй албан тушаалтнууд харин яасныг мэдэхгүй. Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны эзэн, МАН-ын бага хурлын гишүүн Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга залууг ажлын өрөөнийх нь үүдэнд буудан алж, өөрөө цаазаар авах ял сонссон гашуун түүх байдаг.
Зоос, Анод гээд банкууд дампуурсан, төр мэдэлдээ авч, тэгсгээд шуугиан нь дарагдсан. Зоос банкны орон даяар байгуулсан сүлжээ, барьсан байшинд Төрийн банк гэсэн хаяг зүүлттэй 10 гаруй жил боллоо. 1993-2019 онд ХОТШ, Сэргээн босголт гээд нийтдээ 15 банк дампуурсан байх юм.
Тэгвэл энэ удаа Хөгжлийн банкийг дампууруулж, оронд нь Экспорт импортын банк байгуулах тухай ярилцах боллоо. Хөгжлийн банкнаас зээл авсан нийт зээлдэгчдийн 26 нь хувийн хэвшлийнхэн, бусад нь төрийн өмчит компаниуд байгаа. Тэднээс ердөө 14 нь их, бага хэмжээгээр бүтээн байгуулалт хийж, зээлээ зориулалтаар нь ашигласан компаниуд гэсэн мэдээ бий. Ямар ч барьцаа хөрөнгө тавиагүй, эсвэл хожим нь чөлөөлүүлсэн компаниудын толгойд манай бүдүүн босс сахал Эрдэнэбилэг, экс Ерөнхийлөгч Баттулга нар цохиж яваа.
Хөгжлийн банкийг дампууруулах нь бүтээн байгуулалт хийсэн, үйлдвэр босгосон, босгож байгаа компаниудад ашиггүй, харин төрийн өмчит болон, барьцаа хөрөнгө тавиагүй компаниудад ашигтай. Ямартай ч Хөгжлийн банк хэмээх найрыг тарааж, ширээгээ цэвэрлэх болсон байна. Гэхдээ яаж?
Энэ банк төрийн эрх баригчид болон тэдэнтэй сүлбэлдсэн хонгилын эздийн ээлжит найр болоод дуусахад хэн хохирох вэ? Урьдын адил бүх хөрөнгөө хураалгаад, бүх асуудлаа үүрээд, өр зээлэндээ өвдөг тохой барьцаалагдаад шоронд явахыг хувийнхан лав тэвчихгүй, хүлээн зөвшөөрөх ч үгүй. Иргэдийн эдийн засгийн мэдлэг мэдээлэл нэг үеэ бодоход нээлттэй болж, нэмэгдсэн.
Тэгвэл урьдын адил төр төлсөн болж, түүний цаана татвар төлөгчид хохирч, барьцаа хөрөнгө тавиагүй баахан олигарх хожоод дуусах уу? Бүтээн байгуулалт хийсэн компаниуд яах уу? Энэ мэтийн олон асуулт хариултаа хүлээж байна даа. Хөгжлийн банкийг дампуурууллаа гэж зарлаад, хаалга цонхыг нь нам хаахад л иргэд мэдээлэлгүй үлдэж, үйлдвэрлэгчид шүүхийн хаалга татаж, улс төрчид танил талдаа таван цаас атгуулж, олигархууд овоохон хожоод үлдэнэ. Анхнаасаа төлөхгүй гэж тооцоолоод 1.5 их наядыг бол аль эрт хуваагаад авчихсан, ширээгээ хэнээр хэрхэн цэвэрлэж, мөрөө хэрхэн баллах вэ гэдэг л одоо сонин ажээ.
Р.Эмүжин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.