Их Британид халдвар шинээр авсан иргэдийн 1/3 нь омикроны халдвар авсан нь тогтоогджээ

Twitter Print
2021 оны 12-р сар 13-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Их Британид бүртгэгдээд буй коронавирусын халдварын шинэ тохиолдлуудын 1/3 нь коронавирусын шинэ хувилбар омикрон вирусээс үүсгэгдсэн нь тодорхой болсон Их Британийн Боловсролын сайд Надхим Захави мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар омикрон вирусын халдвар авсан хүн эмнэлэгт хэвтсэн анхны тохиолдлууд мөн бүртгэгджээ.

BBC агентлагийн мэдээлж байгаагаар Их Британид өнгөрсөн ням гарагийн байдлаар омикрон вирусын халдвар авсан 3137 тохиолдол бүртгэгдээд байгаа ба омикрон вирусын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.

Надхим Захави омикрон хувилбараас хамгаалахад коронавирусын эсрэг вакцины хоёр тун хангалтгүй байгааг онцлон, иргэдийг 3 дахь нэмэлт тундаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ.

Энэ даваа гарагаас 18-аас дээш насныхан вакцины нэмэлт тунд хамрагдаж эхлэх ба нэмэлт тундаа хамрагдах хүсэлтэй иргэд 2 дахь тунгаа хийлгээд багадаа 3 сар болсон байх ёстой аж.

Иргэдийг коронавирусын эсрэг вакцинд ажилд цэргийн 42 анги бүрэлдэхүүн оролцох ба эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгаснаар иргэд коронавирусын эсрэг вакцинд 7 хоногийн аль ч өдөрт хамрагдах боломжтой болох аж.

Өнгөрсөн баасан гарагт Их Британийн эрдэмтэд коронавирусын эсрэг вакцины 3 тун омикрон хувилбараас 70-75 хувиар хамгаалдаг бол хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш 3 ба түүнээс олон сар болсон хүмүүсийг 30-40 хувиар хамгаалдаг болохыг тогтоосон билээ.

Коронавирусын шинэ хувилбар омикрон нь өнгөрсөн 11-р сард Өмнөд Африкт анх бүртгэгдсэн ба уг хувилбар нь өмнөх хувилбаруудаас илүү олон мутацитай байгаа нь илүү хурдацтай тархах эрсдэлтэй байж болзошгүйг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.