Коронавирусын 100 гаруй тохиолдол илэрсэн хотод хатуу хөл хорио тогтоожээ

Twitter Print
2021 оны 01-р сар 08-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Хятадын хойд зүгийн Шижяжуан хотод коронавирусын халдвар авсан 100 гаруй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус хотод хатуу хөл хорио тогтоожээ.

Иргэдийг хотоос гарахыг хориглосон ба сургуулиудыг хаасан байна. 11 сая хүн амтай Шижяжуан хотын бүх оршин суугчийг коронавирусын шинжилгээнд хамруулахын тулд шинжилгээ авах 5000 гаруй цэгийг байгуулаад байна. Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-д коронавирусын халдвар авсан 142 тохиолдол бүртгэгдсэний 120 нь Хэбэй мужийн Шижяжуан хотод бүртгэгдсэн аж. Хятадын хувьд энэ нь өнгөрсөн 5 сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Халдварын тархалтыг хяналтандаа авахын тулд Хятадын эрх баригчид цаг алдалгүй хатуу арга хэмжээ авах зарчим баримталж ирсэн ба халдварын голомтын том жижгийг үл харгалзан хамгийн түрүүнд иргэдийг олноор нь шинжилгээнд хамруулах арга хэмжээг авсаар ирсэн юм. Шижяжуан хотын Гаочень дүүрэг нь коронавирусын халдварын голомт болохыг тогтоосон ба тус дүүргийн иргэдийг дүүргээсээ гарахыг хориглосон бол бусад дүүргийнхнийг хотоос гарахыг хоригложээ. Түүнчлэн нийтийн тээврийн автобуснуудын хөдөлгөөнийг зогсоожээ. Хотоос гарах хурдны замууд дээр халдвар хамгаалаллын хувцас өмссөн цэрэг цагдаагийнхан хамгаалалтанд гарчээ.

Чайна Дэйли сонинд бичсэнээр коронавирусын халдвар тархсантай холбоотойгоор Шижяжуан хотын Гаочень дүүргийн 3 албан хаагчид шийтгэл ноогдуулаад байгаа гэнэ. Хоиын удирдлагуудын мэдээлснээр Шижяжуан хотод үйл ажиллагаа явуулдаг 5 эмнэлгийг коронавирусын халдвар авсан иргэдийг хүлээж авахад зориулан суллаад байгаа ба шаардлагатай тохиолдолд дахин 3 эмнэлгийг нэмж суллах аж.

Өнгөрсөн 10-р сард Хятадын эрх баригчид Чиндао хотод коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус хотын 9 сая оршин суугчдыг бүгдийг нь 5 өдрийн дотор коронавирусын шинжилгээнд хамруулсан билээ. Мөн 10-р сард Шиньжааны Кашгар хотын удирдлагууд 4.7 сая хүнээс коронавирусын шинжилгээ авч, цар тахлын тархалтыг хяналтандаа авсан юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.