
Шинэ Ерөнхийлөгчийг эсэргүүцсэн жагсаалыг хяналтдаа авахын тулд Перугийн эрх баригчид тус улсын хамгийн алдартай, аялал жуулчлалын төв болох "Machu Picchu"-г хаалаа.
15-р зууны үеийн Инка цайз болон түүнд хүрэх замыг хааж 418 хүнийг цагийн турш саатуулсан бөгөөд жуулчид болон иргэдийг хамгаалах зорилготой хэмээн тайлбарласан байна. Учир нь жагсагчид Machu Picchu-д хүргэдэг галт тэрэгний замыг эвдэж сүйтгэсэн гэж мэдээлэв.
Дотоодын 270, гадаадын 148 жуулчныг автобус болон галт тэргээр аюулгүй газарт хүргэсэн гэж Перугийн Аялал жуулчлалын сайд хэлжээ. Өнгөрсөн сард мөн эмх замбараагүй байдал үүсэхэд Machu Picchu дэх жуулчдыг онгоцоор авч байсан удаатай.
Андын нурууны уулс дээр байрлах Machu Picchu нь дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэг гэгддэг бөгөөд жил бүр сая орчим жуулчин ирдэг.
Аль хэдийн тасалбар авчихсан хүмүүс эмх замбараагүй байдал намдсаны дараа буюу нэг сарын дараа зочлох боломжтой гэж Перугийн эрх баригчид мэдээлэв.
Перугийн өмнөх Ерөнхийлөгчийг огцруулснаас хойш эхэлсэн жагсаал эмх замбараагүй байдалд хүргэж хэдэн арван хүн амь үрэгдсэн. Жагсагчид шинэ ерөнхийлөгч Дина Болуартэг огцруулж, өмнөх ерөнхийлөгч Педро Кастиёог суллан дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.