
Нэрт репер, бизнес эрхлэгч Кане Вест тэрбумтан гэдэг статусаа алдаж, түүний нийт хөрөнгийн үнэлгээ 400 сая доллар болж буурчээ.
Хэдхэн хоногийн дотор ийнхүү олон зуун сая ам.долларын алдагдал хүлээх болсон нь Канегийн олон нийтийн өмнө гаргасан ааш аяглал, нээлттэй хэлсэн үгнүүдтэй холбоотой. Еврей гаралтай хүмүүсийг үзэн ядсан өнгө аястай үг хэлсэн, энэ тухайгаа нээлттэй, эрээ цээргүй ярьж бичиж байсан нь Канег ийнхүү хүнд байдалд оруулж байна.
Канетэй хамтын ажиллагаатай томоохон брэндүүд болох Adidas, Gap зэрэг компаниуд түүний нэрийн пүүзнүүдийг худалдаалахаа больж, харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн. Канегийн нэрийн Yeezy брэндийн бүтээгдэхүүнүүдийг нэрийн дэлгүүрүүдээрээ худалдаалахгүй гэдгээ Adidas, Gap, Foot Locker албан ёсоор мэдэгдээд байна.
Мөн Кане Вестийн хувцасны брэндээс гадна өөр нэг томоохон бизнес болох маркетингийн компани нь ч хүнд цохилтонд орлоо. Тухайлбал түүний үүсгэн байгуулсан Donda Sports маркетингийн компаний үйлчлүүлэгч байхаа больж буйгаа олон алдартай тамирчид зарласан. Тэднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн зүйл нь еврейчүүдийг үзэн ядсан зүйлүүд ярьсан, ярьсаар ч байгаа Кане юм.
Түүнчлэн загварын томоохон акул болох Balenciaga ч одооноос эхлэн Кане Вестийн Ye брэндтэй холбоотой төсөл дээр ажиллахгүй, гэрээгээ цуцалж буй гэдгээ мэдэгдсэн.
Алдарт Vogue сэтгүүлийн эрхлэгч, загвар зохион бүтээгч Анна Винтур ч гэсэн түүний сэтгүүл Кане Весттэй хамтран ажиллахгүй гэжээ. Холливудын одод, жүжигчид, дуучдыг хариуцан ажилладаг CAA агентлаг мөн Кане Вестээс харилцаагаа тасалж, түүний тухай хийгдсэн шинэ баримтат кино контентыг цуцалж буйгаа зарлалаа.
Дээрхи брэндүүд, агентлагууд, түншүүдээс гадна нийгмийн харилцааны томоохон сайтууд болох Instagram, Twitter одоо ч гэсэн Кане Вестийг блоколсон хэвээр бөгөөд Канегийн гэр бүл цуцлуулах асуудлыг хариуцаж байсан өмгөөлөгчид нь хүртэл Канетэй үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ хэлсэн.
Барууны ертөнцөд энэхүү “cancel culture” буюу хариуцлагагүй, зохисгүй ааш авир гаргасан хүнд хариуцлага тооцож чаддаг байдал нь өөрөө үлгэр дууриалал болдог.
Ер нь олны танил хүн, нэртэй улс төрч, компаний захирал, тэрбумтан хэнбугай ч бай хэлж ярих үг, үзэл бодлоо илэрхийлэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй байх зүй ёсны шаардлага байдаг нь харагдаж байна.
Дамдины Жаргалсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(192.82.82.161) 2022-10-29 10:51Одоо л уучлал гуйгаад засахад хамгийн боломжтой үе байна даа, ялгаварлах үзэл чинь буруу шүү
Хариулах