Исгэгч, хөөлгөгч буюу дрожжи гэж юу вэ?

Twitter Print
2022 оны 01-р сар 17-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Исгэгч, хөөлгөгч буюу дрожжи гэж юу вэ?

Saccharomyces cerevisiae нэгэн төрлийн хөгц мөөгөнцөр. Бактери биш. Энгийн нүүрс усаар хооллож этилийн спирт болон нүүрс хүчлийн хий ялгаруулдаг. Бид хоол идчихээд яадаг билээ дээ.

Энэ чадварыг нь ашиглан талх нарийн боов, архи пиво зэрэг исгэлтийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг.

Талх нарийн боовны зуурмагт цардуулаас задарсан глюкозоор хооллож этилийн спирт болон нүүрс хүчлийн хий үүсгэж уг хийн нөлөөгөөр зуурмагийн биежилт хөөж сийрэгжинэ. Мэдээж сийрэгжиж хөөсөн зуурмагийн болц түргэн жигд байхаас гадна харахад ч бас нүнжигтэй харагдана.

Манайханд бас түгээмэл буруу ойлголт байгаад байдаг нь хөөмөл, исгэж хийсэн талх боорцогнууд илүү их илчлэгтэй таргалуулна гэдэг ойлголт юм. Адилхан хэмжээтэй гурилаар зуурсан исгэсэн исгээгүй хоёр "гамбир" исгэсэн нь арай бага илчлэгтэй. Яагаад гэвэл энэ нөхөр маань үржээд гурилын тодорхой хэсгийг задлаад зайлуулчихаж байгаа юм чинь.

Үүссэн этилийн спирт нь дулааны боловсруулалтын буюу шарах, чанах, жигнэх үед ууршиж арилдаг болохоор талх идээд учиргүй согтоод тас үсэрнэ гэж айлтгүй.

Архи пивоны үйлдвэрлэлд мэдээж этилийн спиртыг нь ялган авч ашигладаг.

Этилийн спирт үйлдвэрлэхэд улаанбуудай, төмс, эрдэнэ шиш гэх мэт цардуул өндөртэй түүхий эдийг ашигладаг ба исгэлтийн явцад ялгарах нь нүүрс хүчлийн хийг нь ялгаж хийжүүлсэн ундаа, галын хор гэх мэт есөн жорын юманд хэрэглэнэ.

Исмэгээс нь спиртыг нэрэх замаар ялгаж авдаг. Үүнийг юунд хэрэглэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.

Этилийн спирт маш хүчтэй ариутгалын бодис учир анагаах ухааны салбарт өргөн хэрэглэдэг. Манай засаг маань Корона гээд л нэг хэсэг бужигнаж байхад архины үйлдвэрүүдийн спиртээр ариутгагч хийнэ гэхээр нь би хувьдаа баярлаж л байлаа. За их олон юм нуршчихлаа.

Saccharomyces cerevisiae буюу исгэгч дрожжи нь байгаль дээр бидний эргэн тойрон хаа сайгүй Saccharomyces cerevisiae болон бусад тоо томшгүй олон хөгц мөөгөнцөр, бактери холилдон оршиж байдаг. Үүнээс зөвхөн энэ хөгц мөөгөнцрийг сонгож авч өсгөвөрлөөд цэвэрлээд хатаагаад, савласан цэвэр исгэгчийг бид гал тогоондоо болон үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хэрэг.

Хүүхэд байхад айлууд талхны хөрөнгө гэж зуурсан гурилаасаа жаахныг таслаад бие биендээ өгч авалцдаг байсан. Энэ маань энэ нөхрийн цэвэр өсгөврийг дамжуулдаг байсан хэрэг.

За ямар ч гэсэн хүний биед сөрөг нөлөө байхгүй. Харин архи хийдэг энэ тэр дээр ашиг тустайг нь тухайн хүний "философи" л мэдэх хэрэг.

Харин ч шим тэжээлийн бодис агуулсан ашигтай эд.

Хүнсний инженер О.Гал-Очир

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.