Төвөггүй бизнес

Twitter Print
2014 оны 11-р сар 23-нд 19:01 цагт
Мэдээний зураг,

Хүрээ хотод хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж амьдралын хүрдийг эргүүлсээр он жилийг үдэж угтаж байна.  Хүн амынх нь бараг тал хувь  цуглаад нэг нь нэгнээсээ хараат амьдарч байгааг хүрээ дөрвөн уул  харсаар л байгаа... Энэ дөрвөн уул хүн  байсан  бол заримдаа ч бас халширмаар болдог биз дээ... Хүйтний ам наашлаад ирэхээр хахаж цацаад нэгнээ үзэхээ больж, гурван сар тэмтрэн бидэрнэ гээч нь болно. 

Бизнес хийдэггүй хүн энэ Улаанбаатарт байхгүй ээ.  Их хурлын эрхэм гишүүнээсээ эхлээд  хогийн цэгээр  амь зогоогч, тэнүүчлэгч хүртэл бөөн бизнес... Томчууд нь ч яахав утсаар шахуу удирдаад л  хамаг ажил нь бүтэж, халаас түнтийлгэнэ. Тухлаг өрөөндөө  тавлаг суугаад  бизнес хийчихнэ. Тэдний доор “ард түмэн” хэмээх тодотголтой хүртэн хохирогчид нь бэлхнээ бий.  Түүхий эд нь үнэгүй, олдоцтой, зарлага туйлын бага  хэдэн  бизнес сүүлийн жилүүдэд цэцэглэж байна.  Юуны өмнө  хүн бүхэн үйлдвэрлээд өгдөг хог. Энэ хогийг түүн  цуглуулж тушаадаг хүмүүс бол ямар ч үнэгүй түүхий эдээр амьжиргаагаа залгуулагчид.  Нэг талаасаа бизнес эрхлэгчид мөн шүү дээ. 

Арав гаруй жилийн өмнө Өмнөговь аймгийн төвд хог худалдаж авдаг сонин үйлчилгээ бий болсноор Даланзадгад хогноосоо салж байсан түүх  мартагдаагүй байна. Үүнийг хэрэгжүүлсэн хүн бол  Жаргал гэж  хээ шаагүй мөртлөө  бизнес ухаантай нэгэн байлаа. Тэр хогийн цэгтээ том хашаа барьж, хогийг тав ангилан, шатааж устгахыг нь шатааж гарсан үнсээр нь блок цохиж хашаагаа бариад, шил  шаазан, барилгын материал, төмөр гээд ангилж авдаг. Айлууд үнсээ зөөж ирээд нэг шуудайг нь  50 төгрөгөөр өгчихөөд явдаг. Орц хонгил, хашаа байшингийн булангаар  бараг хоггүй болж байсан түүхтэй юм даа...  Энэ бол амьжиргаа дагасан амиа аргацаасан аж ахуйн хэлбэр гэж бодъё..

Тэгвэл сүүлийн хоёр жил шахам сүрхий хөгжөөд байгаа бизнес бол  гудамжнаас машин ачих  “арга хэмжээ” буюу  өнцөг солиод харвал “бизнес”. Энэ бизнесийн түүхий эд  нь,  зогсож үл болох газар машинаа  түр байршуулсан иргэд.  Өдрөөс өдөрт машин тэрэг олширч  зам дээрээ багтаж  шингэхээ болиод байгаа нийслэлийн өнгө төрх  энэ бизнесийн ирээдүйг улам саруул сайхан болгож байна.  Гаднын улс оронд  машины түргэн тусламж  маягаар санаачлан хийсэн энэ зориулалтын тэрэг техник  манайд нэвтрэхдээ  ийм нэг бизнесийн  үйлдвэрлэлийн багаж зэвсэг болж хувирчээ.  Энэ зориулалтаар нь  тэднийг дуудахад  үнэ хөлс чамлан  гудамжнаас дүрэм зөрчсөн машин ачихаа урьдал болгосон тохиолдол нэг бус удаа гарсан тухай иргэд ярьж байна. Ингэж болох уу даа.

Машин ачих бизнес үнэхээр цэцэглэж байна. Харамсалтай нь энэ бизнесийн түүхий эд болох нь тухайн жолоочийн азгүйдэл юм.  Хаана л бол хаана замын нэгдүгээр эгнээнд дүүрэн л машин зогсоостой. Хамгийн азгүй нь л түүнд өртөнө.  Олон хавар нэгэндээ гэдэг зарчимтай. Хүний өмчийг нэг газраас нөгөө газарт хүчээр аваачиж байрлуулаад л бөөн мөнгө. Сөрөг талаас нь харвал хүний өмчийг эзнийг нь байхгүй хойгуур хулгай хийгээд аваад явчихаж байгаа  хэрэг л дээ. Цагдаагийн алаг машиныг дүрэм  гэдгийг нь зарчөөд зогсож байхад ачаад явах болов уу... Ээ дээ тийм тохиолдол  зөгнөөд мөрөөдөөд ч гарахгүй. Ийм л юм. Нэг машин  журмын хашаанд аваачиж буулгаад л 70-80 мянга. Ийм ашигтай бизнес байдаг аа... Тэгээд санаснаараа л тэр нь бүтэж байдаг.  Олдохгүй гэхийн зовлонгүй. Замын түгжрэл нь гай болоод  жаахан удаан явдаг болохоос өдөрт  15 машин ачихад л  багасгаж бодоход сая төгрөг.  Ингэхэд 100 км ч лав явахгүй. Тооцоод эдийн засгийн  ухаанаар тооны машинд хийгээд үзвэл хэдэн ачдаг машин, хэдэн  компани гэрээгээр ажиллаж байгааг амархан гаргаж болно. Мөнгөн дүн нь ч тодорхой болно. 

Хотын түгжрэлийг гудамжнаас машин ачаад багасгачихна гэвэл юу л бол... Бүүр нэг зовлонтой газар машинаа байрлуулчихаад алга болдог нөхдүүд бий л дээ. Тэгээд  бухимдахдаа өнөөх ачдаг нөхөд нь хаана байна даа гэж саравчилмаар явдал зөндөө. Тэр бүхнийг үгүйсгээгүй. Нийслэлээс авч байгаа арга хэмжээг  буруушаагаагүй л дээ. Арга ядахдаа л ийм арга хэмжээ нэртэй  бизнес ухаан гаргасан биз...  Гэвч гээд бодоход  гээндээ ч бий гоондоо ч би гэдэг шиг эргэж хармаар зүйл их байна.  Үүний эсрэг  машины зогсоолыг олон хэлбэрээр барьж, зогсоолын зөв шийдлийн уралдаан  тендр зарлаж, түүгээрээ ажлын байр, мөнгө олох ухаан сийлвэл зүгээр сэн... Давхар зогсоол, ханан зогсоол, нүхэн зогсоолоос эхлээд  мөн ч олон аргаар  үүнийг шийддэг юм билээ.  Иймэрхүү үйлчилгээгээр дулдуйдсан бизнес эрхэлвэл  зүгээр сэн. 

Ийм нэг төвөггүй түүхий эд нь замаар нэг  ярайж байдаг энэ мэт бизнесээс хүмүүс залхаж л байна. Залхлаа гээд заамдаад авах биш. Доодсыг хурал дээр шүүмжилдэг, дээдсийг гэртээ шүүмжилдгийн үлгэр эсгээд л явж байхаас... Төвөггүй бизнесийг  түмэнд хүртээлтэй бизнесээр соливол ямар вэ... Ганцхан жишээгээр  ярилцахад л ийм байна. Та бүхэн өөр олон жишээн дээр  залгуулан бодоорой. Бодоцгооё. 
 

Лханаагийн Мөнхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.