МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан: Допинг хэрэглэсэн нэг бөхийг шийтгээгүй байж, нөгөөдүүлд нь арга хэмжээ авах нь шударга бус

Twitter Print
2014 оны 11-р сар 24-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд  МҮБХ нэлээд асуудал дагуулж бөх сонирхогчид болоод бөхөд хайртай ард түмний дургүйцлийг хүргэсээр байгаа билээ. Саяхан "Монгол бөхийн бөхийн хөгжил шинэчлэлт" төрийн бус байгууллагын залуус МҮБХ-ны үйл ажиллагааг  шүүмжлэн хэвлэлийн хурал хийсэн юм. Тус ТББ-ын менежер С.Болдгэрэл "Үндэсний бөхийн холбоо Монгол бөхийн хөгжил цэцэглэлтийг доош татаж байна" хэмээн манайд ярилцлага өгч байсан. Тэгвэл энэ удаа манай сайт МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас бөхийн асуудлыг тойрсон хэд хэдэн асуудлын талаар ярилцсанаа хүргэж байна. 

Танд энэ өдрийн мэнд хүргэе. МҮБХ-ы анх байгуулагдсан түүх болоод үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

Бид МҮБХ-гоо 1990 онд байгуулсан. 1990 он ямар жил вэ гэдгийг ахмад хүмүүс мэднэ. Монгол улс нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжиж орсон үе. Өнөөдөр 30-аас доош насны залуучууд бол ямар нийгмээс, ямар нийгэмрүү шилжиж орсныг мэдэхгүй. Тэр үед улс орны эдийн засгийн байдал ямар байсан гэдгийг мэдэхгүй. Тийм үед МҮБХ гэдэг байгууллагыг Монгол улсын заан Р.Давааням санаачлаад, түүний ах Р.Нямдорж, миний бие Д.Данзан, Соёлын зүтгэлтэн П.Даваасамбуу, улсын арслан П.Дагвасүрэн, улсын заан Д.Мягмар тэргүүтэй бөхчүүд хамтран байгуулсан. Анх Р.Давааням, Р.Нямдорж, П.Даваасамбуу,Д. Мягмар бид тав тус бүр 100 төгрөг гаргаад 500 төгрөгтэйгээр ажлаа эхэлж байлаа. Одоо 500 төгрөгөөр таксигаар нэг км ч газар явж чадахгүй. Тэр үед энэ мөнгөөр их юм хийж чадаж байсан.

Тухайн үед их сургуулийн багш хүн өндөр цалинтай, нэр хүндтэй, МАХН-ын төв хорооны мэдлийн боловсон хүчин байсан цаг. Р.Нямдорж бид хоёр ийм ажлаа өгөөд л МҮБХ-ндоо ажиллаж эхэлсэн. Эхний үед цалингүй ажилласан. Ямар нэг ашиг, нэр төр бодоогүй. “Монгол бөх” гэдэг их нандин өв соёл байна. Энэ өв соёл, нийгэм шилжиж өөрчлөгдөх үед устаж үгүй болох вий, эзэнгүйдэж завхрах вий гэдгээс л хамгаалах гэж, өмгөөлөх гэж, Монгол бөхөө харж ханддаг байгууллагатай байлгах гэж бодсон, зүтгэсэн. Бид энэ байгууллагадаа 25 жил ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд солигдолгүй их удлаа. Яагаад гэвэл бөхчүүд хуралдаад сонгочихдог. Эндээ ажиллаад бай гэсэн үг. Таван удаагийн их хурал боллоо.

Танай байгууллагын удирдлагын бүтэц зохион байгуулалтын хувьд ямар дүрмээр ажилладаг вэ?. “Монгол Бөхийн хөгжил, шинэчлэл” ТББ-ын тухай та хэвлэлээс харсан байх. Тэд танай байгууллагын үйл ажиллагааг зарим нэг зүйл дээр ноцтой алдаа гаргаж байна хэмээн хатуухан шүүмжилсэн. Энэ талаар ямар байр суурьтай байна?

Тэр залуучууд юуны урьд юу хийх гэж байгаагаа ярьсан бол зүгээр байсан байх. Гэтэл өөр нэг байгууллагын дотоод хэрэгт ороод, 20 гаран жилийнх нь үйл ажиллагааг бүгдийг үгүйсгээд, юу ч хийгээгүй байна, юу ч хийдэггүй, хоцрогдсон, зайлуулах хэрэгтэй гэх мэтээр ярьж байгаа нь баахан соёлгүй юм уу даа гэж би бодсон. Олон нийт ч ингэж харж байгаа байх. Төр засаг, олон түмэн, бөхчүүд МҮБХ-г маань хүндэлдэг, хайрладаг, их юм хийж бүтээж байгааг хүлээн зөвшөөрдөг, бидэнтэй хамтран ажилладаг.

Өнөөдөр Монгол улсал үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага хэд байдаг билээ. Тэдэнд бид үлгэр жишээ болж, жишиг тогтоон ажиллаж байгаа билээ. Өөрийн гэсэн орон байртай, сонин хэвлэлтэй, цахим хуудастай ийм спортын холбоо өөр байхгүй. Ингэж ажилласны үр дүнд бид Монгол бөхийн түүхэнд урьд өмнө нь байгаагүй 50 шинэ зүйлийг хийсэн. Манайх дүрмэндээ орон тооны удирдлагатай байна гэж заасан юм. Энэ маань их зөв болсон. ТББ-ын тухай хуульд бол тухайн ТББ дүрмэндээ өөрөөр заагаагүй бол гэж онцолж байгаад ТББ-ын дарга нь орон тооны бус байна гэсэн бий. Энэ бол өөрийнхөө дүрэмд энэ хуулиас өөрөөр заасан бол тэр дүрмээрээ байж болно гэсэн үг шүү дээ. Байгууллагын удирдлага хүн өөр албан тушаалтай хөндлөнгийн хүн байснаар энэ ажлынхаа төлөө зүтгэхгүй, санаа зовохгүй, цаг хугацаа, бие, сэтгэлийн хувьд ч боломжгүй.

Харин орон тооны хүн бол Монгол бөхийн төлөө би юу хийх вэ? гэж бодохоос өөр ажил бодохгүй. Ганцхан энэ л ажлаа сэтгэл зүрхнээсээ бодож, хийж бүтээнэ. Энэ бүтэц зохион байгуулалтаар явсан учраас бид дээр хэлсэн 50 шинэ зүйлийг хиж чадсан юм л даа. Гэтэл ТББ-ын залуус орон тооны удирдлага нь өдөр тутмын ажилдаа оролцдог нь буруу, бэлгэдлийн чанартай байх ёстой гэж ярьсан байна лээ.

Монголын Үндэсний Олимпийн хороо өмнө нь орон тооны биш удирдлагатай, Спортын төв ордонд 2-3 өрөө түрээслэн ажиллаж байсан. Дүрмэндээ зааж байгаад орон тооны удирдлагатай болсноос хойш тэдний үйл ажиллагаа эрчимжиж олимпын ордон, тамирчдын сэргээлтийн төвтэй болоо. Үүний үрээр олимпийн аваргуудтай боллоо. Манай тамирчдын амжилт эрс өслөө шүү дээ. Тэнд орон тоогоор сонгогдсон удирдлага нь тархи толгой, сэтгэл зүрхээ зориулж байгаа учраас ийм үр дүн гарч байгаа юм.

Бусад спортын холбоод ихэвчлэн холын удирдлагатай. Ингэснээр тэд ордон барьж чадахгүй, сонин хэвлэлтэй байж чадахгүй, санхүүжилт дутмаг. Улсын чанартай ч юм уу ямар нэг тэмцээн уралдаан болоход даргаасаа хэдэн төгрөг аваад тэмцээнээ явуулна. Өөр арга байхгүй. Бусад цагт ажилгүй шахам. Харин МҮОХ, МҮБХ хоёр бол бол өдөр тутмын ажилтай.

Танай байгууллага байгуулагдсанаас хойш Монгол бөхийн хөгжил дэвшилтэнд хэр их өөрчлөлт гарав. 1990 оны үед Монгол бөхөөр хичээллэдэг хэр их хүн байсан бэ?

Монголын дэлгүүрүүдийн лангуун дээр давснаас өөр зүйлгүй болчихсон 1992 онд бид Бөхийн өргөө барих гэж зориглоод зургаан жилийн турш нойр хоолгүй зүтгэж байж Бөхийн өргөөгөө босгож авсан. Одоо Монголын бөхчүүд тодорхой гаргасан хуваарийн дагуу жилд 30-40 барилдаанд оролцож, бай шагналаа аваад явж байна. Чухам энд л баридахын төлөө байнгын бэлтгэл хийгээд мэргэжлийн түвшинд хөгжөөд явж байна. Монгол бөхөд ийм л өөрчлөлт дэвшилт гарсан. 1990-ээд оноос өмнө СТО-нд 20-64 бөх барилддаг байсан бол одоо МБӨ-ндөө улсын цолтой бөх 224-256, аймгийн цолтой бөх 256 /тоог нь хязгаарлаад/, сумын цолтой бөх 500-600, өсвөрийн бөх 128, нийтийн Монгол бөх гээд бөхөөөр хичээллэдэггүй залуучуудыг хамруулдаг барилдаанд 128 залуус барилдаж байна.

Ийм таван зэрэглэлийн барилдаан байнга болж байна гэсэн үг. Монгол бөхөөр барилдаж болох хүн болгоныг оролцуулах бололцоотой болж байна. Тэр бүү хэл 4-5 настай цэцэрлэгийн хүүхдийн өхөөрдөл татсан барилдаан ч бий болсон. Энэ нь хүүхдүүдийнхээ сэтгэл оюунд Монгол бөхөө багаас нь шингээж өгч байгаа ажил. Ингээд 4 настай хүүхдээс, хүсвэл 70 хүрсэн хүн ч барилдаж болох нахцлийг бүрдүүлээд байна.

Бид барилдаан хийхийн төлөө хэн нэгэнд түрээс төлөхгүйн тулд, бөхчүүдээ өөрийн гэсэн ордонтой болгохын тулд “Сааль хураахаар сав хураа” гэсэн мэргэн үгийг санан, хэтийг харж МБӨ-тэй болсон маань монгол бөхөд гарсан томоохон днвшил мөн.
Бид Монгол бөхөө, бөхчүүдээ дэмждэг сайн санаат байгууллага, хүмүүстэй харилцан ашигтайгаар хамтран ажиллаж бөхийнхөө бай мөрийг нэмэгдүүлдэг. Монголынхоо эдийн засаг болон бөх сонирхогчдынхоо боломж бололцоонд тааруулаад билетийнхээ үнийг явуухан нэмнэ.

Бөхийнхөө бай мөрийг ч бас бага багаар нэмнэ. Одоо манай жирийн бөхийн барилдаанд түрүүлсэн бөх нэг сая төгрөгийн байтай, дөрвөн уулын хишиг барилдаанд түрүүлсэн бөх хоёр сая төгрөгийн бай шагналтай. Энэ нь нэг л удаа түрүүлээд миний сарын цалингаас хавьгүй ихийг авч байна гэсэн үг. Гэхдээ тэд ингэж түрүүлэхийн тулд өдөр бүр тасралтгүй бэлтгэл хийж, хөдөлмөрлөж байгаа юм.

Ер нь бидний анхны алсын хараатай нэг зорилго бол Монгол бөх, бөхчүүдээ дээдлэх үзлийг нийгэмд шинэ шатанд гарган төлөвшүүлэх ажил байсан юм. Энэ болого сайн хэрэгжсэний буянд улс, аймгийн цолтой бөхчүүд маань хувийн компаний нэр дээр барилдаж, тэндээсээ цалин аваад явж байна. Улсын цол хүртвэл бөхдөө байгууллага нь, нутаг ус нь байр орон, унаа машин өгч байна. Энэ мэтээр Монгол бөхөд гарсан дэвшлийг бүрэн ярья гэвэл дээр өгүүлсэн 50 шинэ зүйлээ бүгдийг талбарлан ярих болно л доо.

Таван удаагийн их хуралд оролцогчдыг шударга бусаар сонгож, хуралддаг тухай дээрх ТББ-ынхан мэдэгдэж байсан. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ? Ер нь их хуралд оролцогчдыг яаж сонгон шалгаруулдаг юм бэ?

Зөвхөн бөхийн өргөөг булааж авах гэсэн санаатай 2-3 бөх бий. Харин бид бол МБӨ-г хувьчлахгүй, зээлийн барьцаанд тавихгүй, МБӨ-ний асуудлыг зөвхөн Их эеэр шийднэ гээд холбооныхоо дүрэмд оруулсан. МБӨ монгол бөхийн өмч байх ёстой. Дээрх 2-3 бөх л Их эеийн төлөөлийг шударга бусаар сонголоо гэж ярьдаг. МБӨ 1998 онд ашиглалтанд орох хүртэл нэг, хоёр, гуравдугаар их эеэ хийхдээ улсын цолтой бүх бөхчүүдийг оруулаад л хийдэг байсан. Хэн нэгнийг ялгаж үлдээгээгүй. Энэ бол шударга зарчим байсан.

Дөрөвдүгээр их эедээ цол цолны төлөөллийг сонгож оруулъя гэсэн саналыг бөхчүүд гаргасан. Ингээд Улсын аварга, арслан цолтнууд цөөхөн тул тэднийг урилгаар оролцуулаад, улсын заан, начингууд, аймгийн цолтнууд тус тусдаа хуралдаад л өөрсдийн төлөөллөө өөрсдөө сонгоод их эед оролцуулсан. Тэр ед гарьд харцага цол байгаагүй. Мөн судлаачид, засуулууд гэх мэт бусад хүмүүсээс тодорхой тооны хүмүүсийг бас тэдний хурлаас төлөөлөл сонгуулан оролцуулсан. Эндээс юу харагдаж байна? Өөрсдийн санаа нэг цөөхөн хэдэн хүмүүсээ дуудаад хаалгаа цоожилж байгаад хуралдаад байж үү, шударга хуралдаж байж үү?

Ер нь Үндэсний бөхийн холбоог хоёр “хуваагдлаа” гэж хэвлэлээр ярих болсон. Энэ үнэн үү?

Үгүй, хуваагдаагүй. Улсын хэмжээнд барилддаг 40 000 орчим бөх МҮБХ-ы гишүүн. Биднийг гутаах замаар олонд жигшүүлж байгаад бөхийн өргөөг хувьдаа авчих санаатай шунал нь шулам болсон 2-–3 бөх бий. Ер нь нийгэмд сөрөг буруу юм хийдэг жудаггүй улайрсан хүмүүс, чанга, олон удаа дуугардаг, зөв юм хийдэг, зөвийг дэмждэг жудагтай хүмүүс дуугүй л урдах ажлаа хийгээд байж байдаг юм. Тэд хэт цөөн учраас дийлэх нь байгаад байгаа зөв талаа харлуулахын талд тэгж их хашгирдаг. Хар юм хүчтэй байдаг даа. Нэг аяга сүүнд нэг дусал хар бэх дусаавал сааралтдаг. Харин нэг аяга хар бэхэнд нэг дусал сүү дусаавал сааралтахгүй.

Миний хэлээд байгаа энэ хэдэн хүн муу санаат оролдлогоо олон жил хийж байгаа учраас Монголын бөхчүүд тэднийг дагасан нэг хэсэг, бусад гээд хуваагдсан юм байна гэж зарим хүн ойлгодог байх. Гэхдээ хүмүүс ч тэр, бөхчүүд ч тэр, хэн эь хэн бэ, хэн нь ажил хийдэг, хэн нь юу ч хийдэггүй вэ, хэн нь ажил ярьдаг, хэн нь хэрүүл өдддөг вэ гэдгийг сайн мэдэж байгаа. Тэгэхээр монгол бөхөд ямарч хуваагдал байхгүй.

Танай “Бөх” одоо хэвлэгдэж байгаа юу? Мөн л шүүмжлэл дагуулж байсан.

1992 онд бид Бөх гэдэг сониныг санаачлан бий болгоод эрхлэгчээр нь би ажиллаад 22 жилийн турш сард гурван дугаар тасралтгүй гаргаж байна. Нийтлэлийн бодлого гэж юм бий. Энэ нь тухайн сонин, сэтгүүлийн эрхлэгчийн болон тухайн байгууллагын ноён нурууг илтгэн харуулж байдаг. Манай сонины нийтлэл дандаа эерэг, сайн сайхан, гэгээлэг, цэвэр ариун. Үүнд манай уншигчид дассан. Бид өөрсдийн гэсэн уншигч, худалдан авагч, захиалагчтай. Сөрөг юманд дуртай хүмүүст бол энэ сонин таалагдахгүй. Энэ залуучууд надтай уулзсан, би “чи өөрийнхөө бодсоноор сайн нийтлэлтэй сонин гарга. Сайн сайтаа ажиллуул. Чиний эрх чөлөө” гэж хэлсэн.

Гарьд, Харцага цолууд анх яаж үүсэв? Энэ хоёр цолыг нэмэх болсон шалтгааныг дурьдвал?

Энэ бол Монгол бөхийн түүхэнд хийсэн хамгийн жинтэй шинэчлэл. Энийг энэ залуус эсэргүүцээд болиулж чадахгүй. Ийм цолтой тэр олон бөхчүүдийн хөдөлмөрийг үгүйсгээд цолыг нь хурааж авчадахгүй. Энэ цолны найраа гэдэг юм аль 1970, 1980-аад оны үеэс л байсан юм. Үнэхээр нүднээс далд болдог зүйл. Гэхдээ байгаа нь илэрхий зүйл. Монголд Авлигатай тэмцэх газар гэж том байгууллага байгаа хэрнээ Монгол улс маань авлигагүй болсон юм алга байна. Авлига бол далд байдаг зүйл учраас л таслан зогсоож чадахгүй байна. Үүнтэй адил манай бөхчүүдийн дунд улсын баяр наадмаар нэг удаа илэрдэг, нүднээс далд хэрнээ байгаа нь илэрхий зүйл.

Гэхдээ энэ “цолны найраа” гэх зүйл нийгэмд ямар ч хор уршиг байхгүй. Нэг нь мөнгөтэй болдог, нөгөө нь цолтой болдог, хоёр хүний л хоорондын асуудал. Шударгаар барилдаж, хөлс хүчээ шингээж авдаг цолыг зарим нэг бөх арай ббрббр аваад байгаад л буруу нь байгаа юм. Үүнд л олон нийт дургүйцдэг. Үүнтэй бид одоог хүртэл тэмцсээр л байна. Эхлээд дүрмэндээ ёс суртахууны шинжтэй заалт оруулсан. Энэ үр дүнгээ өгөөгүй. Ингээд 2002 онд монгол бөхөд язгуурын шинжтэй гурван шинэчлэлт хийсэн юм. Тэр нь нэлээд хавтгайраад байсан найрааг 70-80 хувь хүртэл бууруулсан. Тухайн үед тав, зургаагийн даваа адилхан начин цолтой, долоо наймын давааадилхан заан цолтой байсан. Хоёр өөр үзүүлэлт нэг хэмжүүртэй байгаад хамаг учир байсан учраас зургаагийн давааг харцага цолтой, наймын давааг гарьд цолтой болгож өөрчилсөн. Тэр үед зүгээр чимэг өгөөд эрэмбэлье гэх мэтээр олон янзаар ярьсан. Хуралдсан, зөвлөлдсөн, маргалдсан, тэгээд л хурлаараа хэлэлцэж баталсан. Дэвшүүлсэн хүн нь бол манай тэргүүн Р.Нямдорж. Тав давсан хүн зургаа давбал өөр цолтой болно шүү гээд чармайж барилдана. Долоо давсан бөх мөн ялгаагүй.

Язгуурын шинжтэй гурван шинэчлэл хийсэн гэлээ. Нэг нь “гарьд, харцага цолыг нэмсэн” юм бол, нөгөө хоёр шинэчлэл нь юу байсан юм бол?

Нэг нь эрэмбийн өөрчлөлт. Өмнө нь адил цолтой бөхчүүдийг цол авсан оноор нь эрэмбэлдэг байсан юм. Жишээ нь: 1970 онд нэг удаа тав давсан бөх, 1974, 1975,1976 онд гурван удаа тав давсан бөхийн урд эрэмбэлэгдээд байсан юм. Амжилтын хувьд мэдээж гурван удаа тав давсан нь илүү шүү дээ. Үүнийг өөрчилж амжилт илүүтэйг нь өмнө нь эрэмбэлэх болсон. Үр дүн нь бөхчүүдийн хөдөлмөрийг шударга үнэлэх болсон, бөхчүүд дахин шөвгөрхийн төлөө чармайдаг болсон. Нөгөөдөх нь, дөрвийн даваанд амладаг байсныг оноодог болгосон явдал. Энэ гурван шинэчлэлийн дүнд цолны найраа 70-80 хувиар багассан. 

Тэгэхээр найраа бүрэн арилаагүй байна аа даа. Гэвч бас учир бий. Одоо цол авч байгаа бөхчүүд бол энэ жил цол авах байх гээд хоёр гурван жилийн өмнөөс яригдсан, бөх сонирхогчдын анхаарлыг татаж, ард түмэндээ үнэлэгдсэн залуус байна. Тэрнээс ямар нэг амжилт гаргаагүй бөх ч юм уу эсвэл зүгээр нэг сонирхогч мөнгөөр зодоод л цол аваад байгаа юм байхгүй. Бас барилдаж байгаад нас нь явчихсан бөхчүүд мөнгө өгөөд цол аваад байгаа юм байхгүй. Яг л цол авна гэсэн, хүлээлт үүсгэсэн, олонд үнэлэгдсэн бөхчүүд л цол авч байгаа. Бас нэг зүйл нь цол авсан бөхчүүд цаашдаа цолныхоо хэмжээнд сайн барилдаж чадаж байна. Энэ бол чанар.

Цолны найрааг таслан зогсоох ямар арга зам байна?

Хоёрхон арга байна. Нэг нь бөхчүүд өөрсдөө ухамсараараа болих, хоёрт хүний эрхэнд халдах. Энэ юу гэсэн үг вэ гэвэл утсыг нь чагнах мэтийн тагнуулын арга, эсвэл наадмын үед тусгаарлах, хүнтэй уулзах, ярихыг нь хориглох, барилдаж байхад нь хажууд цагдаа гар яриа, дохиог нь хараад тойрч байх гэх мэт хүчирхийллийн арга.

Бөхчүүдэд энэ талаар сануулга өгч ажилладаг уу? 

Би саяхан “Бөхийн сэтгэлийн чанар” гэсэн нийтлэл бичиж, Бөх сониндоо гаргасан. Бид бөхчүүдийн сэтгэлрүү л хандаж ярьдаг. Долоо хоног бүрийн Баасан гаригт “Арга билэг” фм-ээр хоёр цагийн нэвтрүүлэг хийдэг. Энэ долоо хоногт юу хийв, ирэх долоо хоногт юу хийх вэ гэж. Ингэж хэвлэл мэдээллээр үйл ажиллагааныхаа тухай болон эерэг зөв мэдээллийн тухай долоо хоног бүр нэвтрүүлэг хийдэг байгууллага манайхаас өөр Монголд нэг ч байхгүй.

Сүүлийн жилүүдэд “Допинг” хэрэглэсэн бөхчүүд ганц нэг гарах боллоо. Тэдэнд авах арга хэмжээ сулраад байх шиг. Ер нь ерөнхийлөгч зарлиг гаргадаг болсноор бөхчүүдэд авах арга хэмжээ сулараад байна уу? “Нэгэнт гарсан зарлиг буцаагдаж болохгүй байна” гэх шүүмжлэл гараад байна. Энэ талаар?

Хуулинд “Допинг хэрэглэж болохгүй, хэрэглэсэн тохиолдолд ийм хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт байгаа. Допинг хэдэн жил илэрч байна. Арга хэмжээ авах гэхээр болдоггүй талтай.

Яагаад? 

Эхнээсээ буруу эхэлсэн юм цаашдаа ч буруудаад байдаг гэмтэй. Хамгийн анх допинг илэрсэн бөхөд дүрмийн дагуу(тэр үед хууль гараагүй байсан) арга хэмжээ авах гээд тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж байтал нөгөө бөх Дүүргийн шүүхээр “энэ хурлынхаа ажиллагааг түдгэлзүүл” гэсэн захирамж гаргуулж аваад өрөө бариад гүйгээд ирсэн. Бид шүүхийн захирамжыг биелүүлэхээс өөр аргагүй шүү дээ. Байгууллага дүрмэндээ заасан асуудлаар бөхөд арга хэмжээ авах гэж байхад тэр хүн өөрөө очоод шүүхээс захирамж гаргуулаад аваад ирж байгааг юу ч гэлтэй юм бэ дээ. 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль гарсан. Хууль гарснаар Ерөнхийлөгчийн мэдэлд очсон. Бид өмнө нь арга хэмжээ авч чадаагүй тэр цоорхойгоор гоожсоор байгаад олон ч бөхөд арга хэмжээ авч чадаагүй нь үнэн. Ер нь ч нэгэнд нь арга хэмжээ аваагүй байж, нөгөөд нь авах нь шударга бус. Харин сүүлийн гурав дөрвөн жилд зохих арга хэмжээ авлаа. Чимгийг нь хураах, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх гэх мэт.

Үүнийг Баяр наадмыг зохион байгуулах хороо шийддэг. Харамсалтай улс төрчдийн оролцооноос болоод адил биш шийтгэл ноогдуулсан. Ерөнхийлөгч цол олгох нь буруу гэх хүмүүс бий. Харин бөхчүүдийн хувьд төрийн тэргүүнээс цол авч амжилт, хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг маш том урамшуулал. Үүнд бөхчүүд маань дассан, дуртай. Допинг л илрэхгүй бол энэ бол байж байхад зөв зүйтэй, сайхан зүйл. Тэгэхээр допинг гэдэг зүйлийг санаатайгаар хэрэглэхгүй байх, түүнд санамсаргүйгээр өртөхгүй байхыг л бөхчүүд маань анхаарах хэрэгтэй. Ингээд засах боломжтой юм байсаар байтал Ерөнхийлөгч цол өгч байгааг болиулаад, ингэснээр бөхчүүд нь допинг хэрэглэж давхиад л, тэгэхээр нь цолыг нь хураагаад л байх нь утгагүй. Улсын наадамд цол авах, цолоо ахиулах зоилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аймаг, цэргийн, улсын цолтой бөх дээд тал нь 50, үүнээс доош л байдаг.

Яг тийм түвшинд өөрийгөө бэлдэж, хичээж, горьдож байгаа тэр хүмүүс допинг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Дор бүрнээ болгоомжтой байх хэрэгтэй. Эмчилгээ хийлгэж байхдаа “би ийм гэмтэлтэй, үүнд ийм эм тариа хэрэглэх заалттай боловч энэ нь допингийн жагсаалтанд байна, би яах ёстой вэ?” гээд биеийн тамир спортын албаны эмчээс асуугаад хэрэглэх дозны зөвшөөрөл аваад, тэр дозоороо хэрэглэсэн байвал, допинг илэрсэн ч допинг хэрэглэсэнд тооцохгүй. Тэгэхээр бөхчүүд болгоомжтой л хандах хэрэгтэй. Үүнийг бид хангалттай сурталчилж байна. Одоо бичиг үсэг мэдэхгүй, интернэт хэрэглэдэггүй бөх гэж байхгүй. Тэд нэр төр, олон жилийн хөдөлмөрөө баллахгүйн тулд дор бүрнээ өөрийнхөө төлөө хариуцлагатай байхад л болоо шүү дээ.

Барьц сонгооны тухай?

1990-ээд оноос өмнө барилдаан тун цөөхөн бөх барилддаг байсан. Дөрөв, таван л даваатай дуусдаг байсан. Сайндаа л хоёр цаг хүрэхгүй үргэлжилнэ. Үзэгчдийн сэтгэл ханахгүй. Одоо доод тал нь 224 бөх барилдаж байна. Таван цаг үргэлжлэх барилдааныг ямар ч хүн үзээд сэтгэл нь бүрэн ханана. Тэгж байтал хоёр бөх хүч тэнцэнэ, барилдаан удааширна. Энэ нөхцөлд яах вэ гэдгийг шийдвэрлэх арга байх ёстой. Хүч тэнцсэн бөхчүүдийг хэзээ дуусахыг нь хараад л сууж байдаг хүн цөөхөн, хурдан дуусгахыг шаардах хүн олон. Жишээ нь: Зургаагийн давааны хоёр бөх хүч тэнцсэн үед тэднийг хурдхан л хаялцуулахгүй бол долоогийн даваа эхлэх ямар ч аргагүй шүү дээ. Монгол бөхийн барилдаан хоёр бөхийн хэн нэг нь нөгөөгөө хаяснаар дуусдаг илт үнэн зарчимтай.

Удааширсан бөарилдааныг нэг нь дамснаар дуусгахын тулд манай Цэцдийн зөвлөл гэдэг 67 бөхчүүд, судлаачид оролцсон хурал олон талаас нь нухацтай хэлэлцээд хаялцах барьцыг бий болгосон түүхтэй юм. Үүнээс өөр арга байхгүй гэдгийг бөхчүүд бүгд мэднэ. Энэ барьц бол угаас монгол бөхөд байдаг л барьц болохоос цоо шинэ, байдаггүй ч юм уу гадаадын өөр бөхөд байдаг зүйл биш. Онцлог нь уг барьцыг хэн нэгэнд нь албаар бариулж байгаа хэрэг.

Нэг удаагийн барилдаанд хэдэн удаа барьц сонгоо гарч байна? 

256 бөх барилдсан тохиолдолд 255 барилдаан гардаг. Судалгаагаар энэ 255 барилдааны 0,9-8 хувь нь барьц сонгохоор шийдэгсэн дүн гарсан. 256 бөхийн 0,9 хувь гэдэг нь хоёр удаа, 8 хувь гэдэг нь 20 удаа гэсэн үг. Энэ бол барилдаан болгон барьц сонголтоор давалцаад байгаа юм байхгүг харуулна. Манай залуучууд хурдан хурц барилдаан гаргаж, яралзтал сайхан барилдаж байгаа шүү.

Буцаад допингийн асуудалдаа оръё. Энэ жилийн баяр наадмаар цол авсан бөхчүүдээс хоёр бөхийн нэр нийтэд цацагдсан. Энэ асуудал юу болж байна?

Шийдэгдээгүй байгаа. Энэ талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдах ёстой. Хуралдаагүй байна. Засаг төр үүнийг хэлэлцэхтэй манатай л байна. Тэр хоёрт яаран арга хэмжээ авах гээд л, тэрийг нь ард түмэн хүсэн хүлээгээд л байгаа юм байхгүй байх. Манай ард түмэн тэгж хүний мууд дурладаг улс биш.

Хоёр аймгийн гомдолтой шүүх хурлын асуудал юу болж байна?

Хуулиндаа 256 бөх барилдаад 8 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно гээд заасан байдаг. Харин 512 бөх барилдаад 9 давж түрүүлсэн бөхөд хурц арслан цол өгнө гэсэн заалт байхгүй. Бид энэ байдлыг Говь-Алтай болон Хөвсгөлийн нөхдүүдэд их хэлсэн. Тэгэхэд тэд зөрж ийм наадам хийснээр олон бөхчүүдийн сэтгэл санаагаар тоглоод гомдоож байна. Хууль зөрчөөд байгааг харсан хэрнээ чимээгүй байж болохгүй. Бөхчүүд шүүхэд хандсан, шүүх хурал болоогүй байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч С.Батзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.