
Муаммар Каддафи агсны хүү Ливийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хүү Саиф Аль Ислам Каддафи ирэх сард Ливид болох Ерөнхийлөгчийн анхны сонгуульд нэр дэвшихээ мэдэгджээ.
Муаммар Каддафийг төрийн эрхээс унагахаас өмнө Саиф Аль Ислам Каддафи Ливийн дараагийн удирдагч болно гэж яригдаж байсан ч тэрээр 2011 онд аавыг нь эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараах явдлыг дэмжсэнээр түүний нэр хүнд унасан аж.
Хүний эрхийг хамгаалах байгууллагууд 12-р сарын 24-нд болох Ливийн Ерөнхийлөгчийн сонгууль чөлөөтэй бөгөөд шударга явагдаж чадахгүй гэж эмээж байна. Дэлхийн томоохон улс орнууд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн үр дүнг луйвардах оролдлого хийсэн хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ анхааруулаад байгаа аж.
Саиф Аль Ислам Каддафи 1972 онд төрсөн ба Швейцарь, Их Британид сурч, Лондоны Эдийн засаг, улс төрийн ухааны сургуулийг төгссөн аж.
Эцэг Муаммар Каддафи нь Ливийг удирдаж байх үед Саид Ливийн гадаад харилцааны албанд ажиллаж байсан аж.
2011 оны сүүлээр түүнийг баривчилж, шүүхээс түүнд цаазаар авах ял хүртэл оноосон ч 6 жил хоригдсоны дараагаар Саид Аль Ислам Каддафи 2017 онд өршөөлийн хуулиар суллагджээ.
Олон жилийн турш иргэний дайнд нэрвэгдсэн Ливийн улс төрийн байдал тогтворгүй хэвээр байна.
Ливийн улс төрийн удирдлагууд болон сөрөг хүчин хоорондоо Ерөнхийлөгчийн. сонгуулийн дүрэм журам, тов зэрэг дээр зөрчилдсөн хэвээр байгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдох эрсдлийг дагуулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.