Эрээн мяраан учир утгагүй сүлдээсээ салсангүй ээ

Twitter Print
2019 оны 11-р сар 26-нд 18:14 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр БНМАУ-ын анхны Үндсэн хуулиа баталсан тусгаар тогтнолын өдөр. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт засвар оруулаад хэдхэн хонож байгаа түүхэн үе давхцаж байна.

МҮОНТ-ээр дөнгөж сая ноднингийн улс хувьсгалын ой, наадмын баярын өмнөхөн Төрийн сүлд дууллыг хэрхэн зохиож өөрчилсөн тухай урлаг утга зохиолын томчууд ярьж байгааг давтлаа. Буруу нь юу байхав. Төрийн сүлдийг хэн ч ярихгүй, өнчрөөд байгаа нь гүн харамсалтай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нааштай зүйл ч байна лээ. Шүүмжлэлд өртмөөр зүйл ч бий. Харин төрийн сүлдийн өөрчлөлтийн тухай нэг ч УИХ-ын гишүүн ам ангайсангүй. Ядаж урлаг соёл, утга зохиолоо мэддэг, биднийгээ төлөөлж суугаа Ж. Мөнхбат, Г.Мөнхцэцэг гишүүн ч ярьсангүй.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сүлдээ шийдэх ганц тохиолдох ховорхон бололцоо гарсан. Миний бие энэ тухай дөрөв дэхээ бичиж байна. Манай төрийн сүлд нэг л бишээ. Гэдсэн дундуураа тасархай, далавч бүхий үлгэр домгийн ч юмуу гэмээр, бас модон морь ч гэхээр үндэсний угалз хээ чимгийг дүүртэл нь нуршин давтсан тэрхүү сүлдэд цаанаа л бишрэл хүндэтгэл муутай байдаг гэдгийг олон түмний дийлэнх нь шүүмжлэн ярьцгаадаг. Ядаж их сургуулийн ромбо, бусад жижиг сажиг зүйл, бичиг баримт дээр бүх дүрс харагддаггүй юм билээ.

Харах болгонд надад таашаах бахархах, дээдлэх сэтгэл төрдөггүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт одоохондоо Ерөнхийлөгчийн гар дээр байгаа. Уран зураач, утга соёлын гүн мэдрэмжтэй гэх юм билээ, манай Төрийн тэргүүний нүдэнд өртөөсэй. Өөрчилж ядах юмгүй. Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм гуайн 1960 оны Үндсэн хуулиар баталсан морьт сүлдийн орой дээрх таван хошууг аваад хаячихдаг л болоо.

Түүнээс илүү гарах сүлд олдохгүйг 1992 онд Үндсэн хууль хэлэлцэж байхад илт мэдэгдсэн. "Төрийн сүлд туг далбаа, дуулал нь нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илтгэнэ" гэж 1992 оны Үндсэн хуульд заасан. Лав л цог хийморийн гал дөлийг мэдрэх, олж харахгүй байна. Хөх тэнгэр өршөөх болтугай. Төрийн сүлд дээшээ байх болтугай.

2О19.11. 26

До. Цэнджав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.