Шийдлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр

Twitter Print
2014 оны 11-р сар 22-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд томилогдлоо. Шинэ Ерөнхий сайд шийдлийн Засгийн газар байгуулна гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдэв. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тэргүүлэх, гол чиглэл нь түүний өөрийнх нь хэлснээр нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх нь. Шийдлийн Засгийн газрын тэргүүн юуны өмнө улс төрийн тогтвортой байдал улс оронд хэрэгтэй байгааг онцоллоо.

Тэр бас өөрийн тэргүүлэх Засгийн газрын гурван гол шинжийг дэмжлэгтэй, шийдлийн, шуурхай гэсэн гурван үгээр тодорхойлов. Түүнчлэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орон хямралтай байгааг хүлээн зөвшөөрлөө. Уг нь тэрээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа улс орон хямралын байдалд орсныг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Шинэчлэлийн Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт хийхийн өмнөхөн болон уг асуудлыг УИХ-д өргөн бариад байх үед буюу эдүгээгээс сар гаруйн өмнө Н.Алтанхуягийн танхимын сайд нар хэвлэлийн хуудаснаа яам, салбарынхаа сурталчилгааг залхтал нийтэлж, амьдрал сайхан болж байгааг, МАХН-ын эрх барьсан 70 жил, ардчиллын 22 жилд хийгээгүй их бүтээн байгуулалтын ажлыг сүүлийн хоёр жилд хийлээ гэсэн мэдээллийг түгээж байсан билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байр суурь Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийнхээс өөр байна. Улс орон хямарсан гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна. Яг энэ өнцгөөс нь сөрөг хүчнийхэн түүнийг чимхээд авна лээ. “Хямраагүй хямраагүй гээд байсан хүн одоо л улс орноо хямруулсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө” гэж УИХ дахь МАН-ын бүлгйн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдыг ёжилжээ.

Цаашид сөрөг хүчнээс энэ мэт үгэн сум тасралтгүй ирнэ. Тэр бүхний хойноос хөөцөлдөөд байхгүй гэдгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамгаа хүлээж аваад хэлсэн үгэндээ илэрхийлсэн. Улс төржилт, маргаан мэтгэлцээнийг хойш нь тавиад улс орноо хэрхэн хямралаас гаргах вэ гэдэгт бүх анхаарлаа хандуулна гэж тэрээр мэдэгдэв. Олон жил хуралдсан асуудлуудыг шийдвэрлэнэ, ингэхийн тулд зоригтой алхам хийх хэрэгтэй. Тэр бүхнийг олон нийт 100 хувь дэмжихгүй ч байж болно. Ийм хүнд шийдвэрүүдийг гаргахдаа УИХ дахь хамгийн олон суудалтай АН-ын дэмжлэгт тулгуурлана, тиймээс шинэ Засгийн газрын нэг гол шинж нь дэмжлэг гэж Ч.Сайханбилэг сайд үзэж байна.

Ерөнхий сайд Шийдлийн Засгийн газрынхаа үйл ажиллагааны гол зарчмыг маш товчоор бол маш шуурхай шийдвэр гарган, аль болох хурдан гэдэг зарчмаар ажиллах гэж тодорхойлов. Ерөнхий сайдын хувьд эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол асуудлуудад анхаарлаа хандуулах бөгөөд салбарын, өдөр тутмын асуудлуудыг сайд нар хариуцаж, тэд салбартаа Ерөнхий сайд шиг ажиллах юм байна.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг тоймлох гээд үзвэл юуны өмнө хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрдслийн шуурхай удирдлагатай эдийн засгийг бий болгохын төлөө ажиллах нь. Аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй гэсэн гурван салбарыг эн тэргүүнд хөгжүүлэх бодлого баримтлах юм байна. Тухайлбал мах, ноолуурын салбарыг уул уурхайтай зэрэгцүүлж хөгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцоллоо. Тиймээс урт болон дунд хугацааны бодлогоо зангидах эдийн засгийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид, бизнесийнхэн, гадна, дотны зөвлөхүүдийг оролцуулан байгуулах юм байна.

Харин ойрын хугацаанд хийх ажлаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ингэж томъёолжээ. Үүнд, 2014 оны УИХ-ын 34 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх ажээ. “Юуны өмнө хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл хоёрын зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгоно. Засгийн газрын гадаад өрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг боловсруулж, энэ хүрээнд төсвийн зохистой бодлого болон өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах арга хэмжээг тусгах болно. Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгох бодит шаардлага байна. Энэ оны эхнээс эхэлсэн ажлаа дуусган, хөрөнгө оруулалтын сангаа байгуулна.

Мөн зарим арилжааны банкны гаднаас хөрөнгө босгох, одоо яригдаж байгаа ажлыг Засгийн газрын зүгээс идэвхтэй дэмжинэ. Мөн зарим томоохон төслийг хөдөлгөснөөр урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийднэ. Ингэснээр америк долларын ханшийн өсөлтийн эсрэг эерэг дохиог зах зээл дээр өгөх юм” хэмээн Ч.Сайханбилэг сайд УИХ-ын чуулган дээр мэдэгдэв.

Шатахууны импорттой холбоотой асуудлаар Шийдлийн Засгийн газар яаралтай хоёр арга хэмжээ авах бөгөөд энэ нь ирэх арванхоёрдугаар сард багтаан ОХУ-ын төв банктай рублийн своп хэлцэл байгуулах, ОХУ-тай хийх гадаад худалдаагаа рублээр хийдэг тогтолцоонд шилжүүлэх зэрэг гэнэ. Ингэснээр валютын ханшид сар бүр 100 сая ам.долларын дарамт учруулдаг шатахууны импортод таатай нөхцөл бүрдэнэ гэж тооцжээ.

Хувийн хэвшийг дэмжиж байж хямралаас гарна гэж Ерөнхий сайд мэдэгдэв. Тиймээс бизнесийн орчныг ээлтэй болгох бодлогыг эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл, лицензийн хуулийг баталж, хяналтын реформоо дуусган, бизнесийнхэнд үзүүлж буй хууль, хяналтын байгууллага, татварын гаалийнхны дарамтыг хөнгөлснөөр бодитой үр дүнд хүрнэ гэж төлөвлөсөн байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг бас батлах гэнэ. 

Том төслүүдээ урагшлуулахад Шийдлийн Засгийн газар анхаарах юм байна. Хос төмөр зам барих, “Талын зам” төслүүдийг урагшлуулж, ирэх жилд 900-1200 мегаватт бүхий цахилгаан станцын хоёр төсөл эхлүүлнэ. Улаанбаатарын хурдны зам, шинэ онгоцны буудал, нисэх буудлын хурдны зам болон Дорнод, баруун таван аймгийг холбосон автозамын төслүүдийг 2016 оноос өмнө амжуулна гэж төлөвлөсөн байна.

Шинэ Засгийн газар “Оюутолгой”, “Тавантолгой” төслийг хөдөлгөх шийдвэрээ удахгүй УИХ-д танилцуулан, нэг тийш болгоно. Оюутолгой, Тавантолгойн араас Засгийн газар дэлхийн санхүүгийн төвүүд болох Хонконг, Нью-Йорк, Лондонд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг хувийнхантайгаа хамтран зохион байгуулж, Монгол руу чиглэсэн хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх идэвхтэй үйл ажиллагааг явуулна гэж Ерөнхий сайд хэллээ. 

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хэлснээр Засгийн газар үнэхээр зовлонтой шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй. Улс орны хэмжээнд хийдгийн хомсдолд ороогүй, харин шийдвэрийн хомсдолд орсон гэдэг ч яах аргагүй үнэн. Тиймээс Шийдлийн Засгийн газраа яаралтай байгуулан ажилдаа орно гэдгээ шинэ Ерөнхий сайд мэдэгдсэн.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.