Богино боловч дурсгалт түгжрэл...

Twitter Print
2023 оны 04-р сар 27-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

1967 оны 9 дүгээр сарын 3-ны ням гарагийн өглөөний 05 цагт Швед улс замын хөдөлгөөнийг баруун гарын дүрэмд шилжүүлжээ. Хөрш орнууд нь ийм тул Швед ч бас энэ өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байв. Гэвч иргэд нь ихээхэн дургүйцэж байв. Үндэсний хэмжээний санал асуулга явуулахад 80 гаруй хувь нь энэ өөрчлөлтийг эсэргүүцэж байжээ.

Тиймээс "Dagen H Day" гэж нэрлэсэн томоохон кампанит ажил хийсэн байна. Dagen нь "өдөр" гэсэн утгатай, "H" нь "Högertrafik" буюу "баруун траффик" гэх швед үг аж.

Улс орныг өөрчлөлтөд бэлтгэх нь өртөг зардал ихтэй, төвөгтэй ажил байв. Гэрлэн дохио, замын тэмдэг, шугам, уулзвар, нийтийн тээврийн зогсоол зэрэг бүгдийг өөрчлөх шаардлагатай. Хамгийн хэцүү нь олон нийтийн санаа бодлыг өөрчлөх байв. Тусгай лого гаргаж, сүүний хайрцагнаас эхлээд бүсгүйчүүдийн дотуур хувцсан дээр хүртэл хэвлэж байв. Дууны уралдаан зарлаж “Баруун тийшээ байлга” гэдэг дуу ялагчаар шалгарч байжээ.

Ингээд ням гарагийн өглөө 04.50 цагт зам дээр гарч ирсэн машинуудыг зогсоож, зүүн талаас баруун тийш болгоомжтой хөдлөхийг зохицуулав. Яг 05.00 цагт радиогоор Харилцаа холбооны сайд О.Палме иргэдээ зоригжуулсан үг хэлж байжээ. Дараа нь “Швед улс баруун гар талдаа жолоодлоготой боллоо” хэмээн дэлхий дахинаа мэдээлсэн байна.

Өөрчлөлт хийснээс хойш 2 жилийн хугацаанд жолооч нарын болгоомжлолоос шалтгаалсан уу, зам тээврийн ослын тоо ихээхэн буурсан ч түүнээс хойш эргээд хэвийн түвшиндээ очсон гэнэ. Гэсэн ч тэрхүү өөрчлөлтийг хийгээгүй бол үүнээс ч илүү их осол гарах байсан гэдэгт тус улсын удирдагч нар итгэлтэй байдаг ажээ. Энэхүү түүхэн өдрийг “Time” сэтгүүлд “Богино боловч дурсгалт түгжрэл” хэмээн нэрлэсэн байдаг…

Төмөрийн Мөнхтунгалаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.