
Улсын баяр наадмын хурдан морины уралдаан энэ удаа ямархуу байхыг тандаж, ер нь онцгой нөхцөл байдалд болох гэж буй Төрийн наадмын талаар уяачдын дунд яриа хөөрөө ямар чигтэй байгааг сонирхож сурвалжилсан юм. Өглөө эртлэн гарч, 09.00 цаг гэхэд Төв аймгийн Баянцогт сумын Агьтын ам хэмээх газарт улсын алдарт уяач Ү.Атарсайханы ээжийнд шинэхэн өрөм, гарын боорцгоор дайлуулсан шигээ гэрийн эзэн Атраа, тод манлай уяач Б.Мөнхтөр, нийслэлийн алдарт уяач С.Ганхуяг нартай хөөрөлдөж суув. Гэрийн үүд онгорхой. Газар чийгтэй, өнөө хэр нялх ногооны үнэр анхилам агаад гал дээр буцалж буй хийцтэй цайны үнэр “хамар чангаах” нь хотын, байшингийнханд ховор тохиох завшаан юм. Туслах уяач Д.Хүрэлбаатар нь өглөөний ажлаа удирдан зохион байгуулж дуусчээ. Тэрбээр гадаа цээж нүцгэн зогсож, хүзүү, толгойгоо угаагаад гэрийн зүг түргэн алхахад бага насны хоёр хүү нь араас нь хурд мэдэн гүйцгээх нь өхөөрдөм.
Билгийн тооллоор Зуны дунд хар морин сарын есөн улаан улаагчин хонь, төрөн түгэхүй шүтэн барилдлагатай өдөр буюу дунд сунгааны хоёр дахь өдөр таарчээ. Энэ амныхан өмнөх, нэг цагаан улаан морь өдөр нь хязаалан, шүдлэнгээ сунгасан бол энэ өдөр азарга, их насны морьдоо холын замд гаргах гэж байлаа. Харин маргааш нь соёолон, дааганы ээлж.
Гэрт орохын өмнө ойролцоо бэлчих цайвар зүсмийн олон унагатай азарга адуу анхаарал татсан тул асуух юмтай босго давсан юм. Зорьж ирсэн хэргээ хэлэхэд гэрийн эзэн Ү.Атарсайхан баруун орон дээр суугаа өндөр настнаас эхэлж танилцуулав. “Эмээ минь байна, одоо 90 настай. Манайх Ховд аймгийн Дарви сумын уугуул айл. Өвөөгийнх 1969 онд наашилж суурьшсан. Өвөө минь нутагтаа алдартай уяач, улсын наадамд даага, шүдлэн дараалан түрүүлүүлж байсан З.Ядам гэж сайхан буурал байлаа. Манай ээж байна, нас 70 хүрч байгаа. Баянцогт сумын харьяат. Харин би Ховдын Дарви сумаараа дуудуулдаг, Улаанбаатарын оршин суугч. Гэргий төрийн ажилтай тул амралтын өдөр л ирдэг юм. Энэ аманд долоон уяа байна. Хойшоо давахад “Зууны манлай уяач” Д.Даваахүү, “Сонор трейд” компанийн захирал, тод манлай уяач Б.Энхболд, Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, манлай уяач Д.Цэнд-Аюуш, манлай уяачийн болзол хангаад буй Х.Барсүрэн гээд олон сайхан уяач бий. Сүүлийн үед уяаг гал гэж ярьдаг болоод байгаа. Манай энэ дэнжээс сүүлийн жилүүдэд Төрийн наадамд нас, насанд “айраг тасарсангүй”. Хэнийх нь ч уяаны, өөрөөр хэлбэл галын морь түрүүлж, аман хүзүүдэх, айрагт орж ирэхэд амныхан тэр чигээрээ баяр хөөр болдог. Монгол наадмын сайхан нь эндээ байдаг. Д.Даваахүү ах өглөө цайны сүүнд ирдэг юм. Харин өнөө өглөө сав өгөөд явуулж. Завгүй байгаа бололтой” гэх зэргээр ярив. Түр завсарлахад нь уяан дээр буй хурдан морьдын тухай асуухаар хамт гарлаа. Уяа руу дөхөхийг урьтал болгосонгүй.
Гэрийн хойхно ойрхон харагдаж буй уяан дээрх зургаан насны морьдыг харж зогсоод яриа өрнүүллээ. Уяач “Дээд талд буй хар, хээр хоёр их морины тухай танилцуулахад болох байх. Бусад нь бол битүү морьд. Дээрээс хоёр дахь хээр морь ноднин Баян-Өлгийд болсон баруун бүсийн даншигт эрлийзийн дээд насанд түрүүлсэн. Хар морь тэнд зургаалсан. Энэ хар бол даагандаа улсын наадамд зургаагаар, баруун бүсийн наадамд аман хүзүүдэж байсан юм. 2017 онд Увсын Өндөрхангайд болсон баруун бүсийн даншигт эрлийзийн дээд насанд аман хүзүүдсэн. Засгийн газрын тогтоолтой наадамд хоёр удаа айрагдаад байгаа морь. Эцэг нь цэвэр англи, эх нь монгол гүү” хэмээн ярьж байлаа.
Түрүүнд хальтхан хөндөөд орхисон англи бор азарга сонирхол татаат болдоггүй. Лавлаж асуухад алдарт уяач “Англи азаргаа түрүү жил Оросоор дамжуулж авчирсан юм. Интернэтээр мэдээлэлтэй нь танилцаад худалдаж авсан. Угшил сайтай хурдан морьд нэрээрээ, паспорттой байдаг. Эцэг, эх нь хаанахынх юм, уралдаанд үзүүлсэн амжилт ямар вэ гэх зэргийг бүгдийг мэдэж болно. Манай бор азарганы эцэг, эх нь Америкт төрсөн, цэвэр англи адуунууд. Эцэг нь тойргийн уралдаанд дэлхийн аварга болж байсан юм билээ. Энэ бор бол шүдлэндээ ОХУ-ын Ростов хотын уралдаанд түрүүлж байсан. Одоо долоотой, залуу азарга. Монгол гүүнүүд хураалгаж байна. Анхны төл авлаа. Эр, охин нийлсэн арав гаруй унага байна. Хүзүүндээ өөрийнх нь тухайн бүхий л мэдээллийг багтаасан чийптэй. Компьютерт уншуулахад гараад ирнэ” хэмээн ярихыг нь сонсоход адууны тухай ярьж байна гэх аргагүй, сонин санагдав. Цахим худалдаагаар гадаадаас элдэв янзын бараа оруулж ирдэг. Хурдны морь, сайн үүлдрийн адууг ч интернэтээр захиалаад авчруулах нь энэ цаг үеийн онцлог юм даа. Ү.Атарсайхан “Энэ удаа эрлийз адуу уралдуулахгүй гэж байгаа ч уяач болгон эрлийзүүдээ “барьсан”. Уяа сойлгыг нь тааруулж байна. Уралдах, үгүй нь чухал биш, жилийн дөрвөн улирлын ажилд хий гаргаж болохгүй. Уяж, сойж буй учир хэнийх нь ч морь уралдахад бэлэн. Төрөөс шийдвэр гаргаад, наадмаа зохион байгуулж л байгаа юм чинь, эвийг нь олоод эрлийз гурван насаа уралдуулчихвал зүгээр байна. Монгол наадмын нэгээхэн хэсэг болсон уяачдын хөдөлмөрийг бодолцож үзвэл сайн байх юм” гэж байлаа.
Өглөөн нарнаар уяан дээр морьд хагас зүүрмэглэнхэн сүүлээ шарваж зогсох нь Монголын минь амар амгалан юм даа. Өндөр хар морь уу, зэгзийсэн, сунайсан, гялгардуу хар зүстэй үнэхээрийн сүрлэг сайхан адуу аж.
Гэрийн эзэн уяа руугаа явахад тод манлай уяач Б.Мөнхтөрөөс энэ жилийн хурдан морины уралдааны талаар ямар төсөөлөлтэй байгаа талаар нь асууж товч ярилцлаа. Тэрбээр “Уралдах морины тоо цөөрөхгүй байх. Өөр газар наадам болохгүй болохоор бүгд наашаа ирнэ. Тэгээд ч сэрвээний өндрийг хэмжиж, явуулах болохоор олон морь замд гарах байх. Наадмыг нөхцөл байдалтай холбоотойгоор цомхон, цахимаар хийе гэж байна. Тэр нь ч зөв. Бүр алгасах байсан ч, уяачид морьдоо уях л байсан. Яагаад гэвэл жилийн дөрвөн улирал үргэлжилдэг ажлаа зун, ид оргил цагт нь тасална гэж байхгүй. Улс, аймгийн ямар нэг наадамд уралдахгүй байсан ч, амандаа тарладгаараа тарлаад, сунгадгаараа сунгаад, сүүлд нь ёсолж нэг сайхан уралдуулаад тарах байсан. Морь уях гэдэг бол уралдаанд түрүүлж, айрагдах, дээгүүр давхих, эсэхийн тухай ойлголт биш юм. Уяачид тоос өргөх, ур чадвараа сорих, хүслээ гүйцээх, Төрийн наадамд хувь нэмэр оруулж явдаг хүмүүс гэдгээ мэдрэхийн жаргал байдаг. Эвсэг, хамтач, нэг, нэгнийхээ төлөө гэсэн уур амьсгал дор хувийн соёл, дэг, жудагтайгаар морьдоо уяж, сэрүүн намар, хахир өвөл, хавсаргатай хаврыг давах энергиэ базаадаг эрхэм чухал ажил бол морь уях юм. Сүүлийн үед уяачдыг соёлын уламжлалт өвийг тээгчид, түгээн дэлгэрүүлэгчид гэж тодотгох болсон нь сайхан санагддаг. Өөрсдийгөө илүү тоох ч шиг” хэмээгээд инээхэд нь санал нийлэхгүй байхын аргагүй.
Уяачидтай ийнхүү ярилцсаар байтал Агьтын аман дахь хурдан морьдын дунд сунгаа эхлэх цаг дөхлөө. Морь барианы газартаа цугладаг юм байна. Тэртээд зогсох машины цонхоор бололтой, цагаан хоолойгоор “Эрхэм хүндэт уяачид, азаргаа мордууддахад бэлтгээрэй” гэж зарлаж байв. Тэгтэл удалгүй нэг мэдэхнээ хаанаас гараад ирэв гэхээр олон, нүдэн баримжаагаар 70-80-аад тооны азарга замд гарахад бэлэн болсон юм. Нэгэн сумын ганц аман дахь дунд сунгаанд энэ хэрийн олон азарга уралдаж байхад улсын наадмын хурдан азарганы уралдаанд хэр олон хурдан хүлэг замд гарах нь тодроод ирэв. Монгол наадам айсуй.
Р.Оюунжаргал
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.