Хятадын эсэргүүцлийг үл ойшоон АНУ, Тайвань хоёр худалдааны шинэ гэрээ байгуулав

Twitter Print
2023 оны 06-р сар 02-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

АНУ, Тайвань хоёр эдийн засгийн харилцаагаа харилцан сайжруулах зорилго бүхий худалдааны шинэ гэрээ байгуулсан нь Бээжингийн бухимдлыг төрүүлжээ. Тайванийн засгийн газар уг гэрээг Вашингтонтой 1979 оноос хийсэн худалдааны хамгийн том, цогц гэрээ болсон хэмээн тодорхойлсон байна.

АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газрын хэвлэлийн төлөөлөгч Сэм Мишэл өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дээрх гэрээ талуудын "эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэх, гүнзгийрүүлэх зорилготой" болохыг онцолжээ. АНУ-Тайванийн 21-р зууны худалдааны санаачлага нь гаалийн шалгалтыг хялбарчлах, дүрэм журмыг сайжруулах, авлигын эсрэг арга хэмжээ авах зэргээр хоёр талын худалдааг нэмэгдүүлэх зорилго агуулжээ.

Талуудын сүүлд гаргасан санаачлагад Тайвань дахь Америкийн Институтын төлөөлөгчид болон АНУ дахь Тайпэйн Эдийн засаг, Соёлын Төлөөлөгчийн газрын төлөөлөгчид гарын үсгээ зуржээ. Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд АНУ-ын Худалдааны дэд төлөөлөгч Сара Бианчи оролцсон талаар Сэм Мишэл онцолж, "Энэ чухал мөчид хүрэхэд тусласан Тайванийн түншүүддээ талархал илэрхийлье, гэрээнд тусгагдсан худалдааны бусад салбаруудын асуудлаар хийх гэрээ хэлэлцээр хийхээ тэсэн ядан хүлээж байна." гэжээ.

Вашингтон, Тайпэй хоёрын хооронд албан ёсны дипломат харилцаа байхгүй ч Тайвань дахь Америкийн Институтээр дамжуулан албан бусаар харилцдаг. Вашингтон 1979 онд Тайваниас харилцаагаа тасалж, Бээжинтэй дипломат харилцаа тогтоосон ч Тайванийн зэр зэвсгийн гол нийлүүлэгч, худалдааны хоёр дахь том түнш хэвээр байсаар байна. Тайванийг Хятадын нэг хэсэг хэмээн үздэг Бээжингийн хувьд Тайванийг өөр улс орнуудтай ямар нэг байдлаар харилцахыг тэвчдэггүй билээ.

Тайванийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Алан Лин АНУ-тай байгуулж буй гэрээ нь "түүхэн бөгөөд шинэ эхлэлийг бэлгэдэж байгааг" онцолжээ. Түүний хэлж байгаагаар Тайвань эдийн засгийн аюулгүй байдлаа бататгахын тулд АНУ-тай Чөлөөт худалдааны гэрэээ байгуулахыг зорьсон хэвээр байх аж.

Бээжингийн зүгээс Вашингтон худалдааны гэрээ нэрээр Тайванийн салан тусгаарлагчдад буруу дохио өгөх ёсгүй хэмээн мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Бээжин Тайванийн эсрэг үйл ажиллагаагаа идэвхжүүлж, арлын ойролцоо тогтмол цэргийн хээрийн сургуулилт хийж, Тайваньтай дипломат харилцаатай улс орнуудыг Тайваньтай харилцаагаа тасалж, Бээжинтэй дипломат харилцаатай болгохоор ажиллаж байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси Тайваньд айлчилж, Тайванийн удирдагч Цай Ин Вэн АНУ-д Төлөөлөгчдийн танхимын одоогийн дарга Кэвин МакКартитай уулзсан зэргийг Бээжин барууны орнууд Тайваньд тусгаар улс мэт хандаж байна хэмээн бухимдахад хүргэсэн юм.

Өнгөрсөн 4-р сард Бээжин Цай Ин Вэн, К. МакКартигийн уулзалтын хариуд Тайванийн арлын ойролцоо 3 өдөр үргэлжилсэн цэргийн хээрийн сургуулилт хийж, сургуулилтынхаа үеэр Тайвань арлыг бүслэлтэнд оруулах ажиллагааг туршжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.