Горгона /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2021 оны 11-р сар 12-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Манай телевизийн нэгэн төслийн ерөнхий продюсерээр нэг эмэгтэй ажилладаг юм. Тавь хэдийн гарсан мөртлөө дөнгөж 38-тай гэмээр сайхан эмэгтэй. Хурц ширүүндүү ааштай тул бид түүний (мэдээж өөр хоорондоо л доо) Горгона (эртний грекийн домогт гардаг хүн төрхтэй, амьд могойн үстэй мангас) гэж дууддаг юм.

Горгона гайгүй чинээлэг хүн... Ноутбүүкийг бол Стив Жобс шинэ загвар гаргах болгонд сольдог. Мөртлөө тэтгэврийн эмээ өвөө нар ч голоод барихааргүй хуучин гар утас барьдаг нь хачин санагддаг байв. Ихэндээ бид түүнд:

- Та энэ хүй нэгдлийн үеийн, хар цагаан дэлгэцтэй утсаа хаяаад шинэ утас авчихаач гэдэг байлаа.

Хариуд нь Горгона ихэд хүйтнээр:

- Би та нарт “Надад гар утасны талаар зөвлөгөө өгөөч” гэж цалин өгдөггүй юм шүү! гэдэг байв.

Манайхан хэд хэдэн удаагийн төрсөн өдрөөр нь түүнд мөнгө нийлүүлж өгсөн боловч Горгона хуучин утсаа барьсаар арван жил болж байна.

Хоёр сарын өмнө бид хэд хуралдаж байгаад Горгона, утасных нь арын таг хагараад салж унаад байхаар нь өнгөгүй скочоор ороогоод тогтоочихсон байгааг олж харав. Ороох ороохдоо бүр ДЭЛГЭЦИЙГ нь ДАВУУЛААД шүү. Хурлын дараагаар манайхны зарим нь “Цаадахын чинь утсан дотор өндөг, өндгөн дотор амь нь байдаг юм байгаа биз” гэх нь дуулдав.

Би зүгээр өнгөрч чадсангүй... Савеловскийн зах орж хоёр цаг явсны эцэст хайж байсан зүйлээ олж авав. Маргааш нь оффист хүн байхгүй байгаа дээр Горгонагийн өрөөгөөр шагайгаад:

- Мартын найман хэдий өнгөрсөн ч би танд нэг супер-гоё бэлэг барьмаар байна гээд хуучин утсанд нь шинэ таг авчихсан явснаа өмнө нь гаргаж тавилаа. Тэгтэл Горгона, нүд нь сүрхий том болж ирээд, мөнөөх тагийг шүүрэн авч хэдэнтээ үнссэнээ яагаад ч юм уйлчихав.

Сэтгэл нь ихэд догдлон гар нь чичрээд байсан тул би утасных нь тагийг өрөө сольж өгчихөөд өрөөнөөс нь гарахаар дөнгөж эргэтэл манай “төмөр хатагтай”:

- Баярлалаа танд... Та надад ямар тус хүргэснээ төсөөлөх ч үгүй. Миний муу “жаал” одоо алцахгүй ээ! Яг л шинэ юм шиг болчихлоо, хараач! гэснээ намуухан дуугаар үргэлжлүүлэн:

Энэ утсанд манай нөхөр бид хоёрын хоёр минутын яриа бичээстэй байдаг юм. Нөхөр маань албан томилолтоор явж байхдаа төрсөн өдрөөр минь залгаж надад баяр хүргээд "Зааны бяцхан тугал"-ын (мөстлөгийн үеэс гэнэт сэргээд ээжийнхээ эрэлд гардаг арслан зааны бяцхан тугал) дууг дуулж өгч билээ. Тэр өдрөөс хойш есөн жил өнгөрчээ. Нөхөр маань тэр томилолтоосоо эргэж ирээгүй... Автын осолд ороод өнгөрчихсөн юм хэмээн өгүүлэв.

Түүнийг нандин нууцаа ийн ярьж дуусахад хурц ширүүн "Горгона" төрх нь замхран арилсан байлаа.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.