
Перугийн Ерөнхийлөгч Педро Кастильог огцруулсантай холбоотойгоор сонгууль зарлахыг шаардсан иргэдийн жагсаал цуглааны үеэр 2 хүн амиа алдаж, 4 хүн шархджээ.
Перугийн хүний эрхийн комиссын дарга Илиана Револларын мэдээлснээр Апуримак мужийн Андахуйалас хотод болсон жагсаалын үеэр 15 болон 18 настай хоёр иргэн амиа алдсан ба тухайн хоёр иргэний үхлийн шалтгаан нь "бууны сумны шарх" байх магадлалтай аж.
Апуримак мужийн захирагч Бальтазар Лантарон Canal N сувагт өгсөн ярилцлагадаа шархдсан 4 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, тэдгээрийн 3 нь толгойндоо олон тооны гэмтэлтэй оношлогдсон гэжээ. Өнгөрсөн ням гарагт Перу даяар мянга мянган иргэд жагссан байна.
Жагсагчдын дийлэнх нь Педро Кастильогийн дэмжигчид бөгөөд Дина Болуартэг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилохын оронд сонгууль зарлахыг, зарим нь парламентыг тарахыг шаардаж байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагт жагсагчид Андахуйала хотын нисэх онгоцны буудлын дамжуулагчийн өрөөг галдан шатаасантай холбоотойгоор тус онгоцны буудал үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
Перугийн нийслэл Лимад болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацжээ.
Иргэдийн жагсаал цуглаан орон нутагт ихээр зохион байгуулагдаж байгаа нь Педро Кастильог орон нутаг ихээр дэмждэгтэй холбоотой бөгөөд өнгөрсөн бямба гарагт жагсагчид цагдаагийн хэсгийг галдаж, зэвсэгт хүчнийхний ашигладаг онгоцны буудлыг тоножээ.
Мөн жагсагчид цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 16 иргэн, цагдаагийн 4 албан хаагч шархдсан байна.
Перугийн Ерөнхий сайд Педро Ангуло Ерөнхийлөгч Дина Болуартегийн засгийн газар нөхцөл байдлыг үнэлж, авах арга хэмжээгээ боловсруулахаар төлөвлөж байгаа гэжээ.
Онц байдал зарлан, Перугийн парламентыг тараахыг оролдсон Педро Кастильог Перугийн парламент өнгөрсөн долоо хоногт огцруулж, түүний оронд Дина Болуартег томилсон билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.