Хакүхо М.Даваажаргал COVID-19-ийн халдвар авчээ

Twitter Print
2021 оны 01-р сар 05-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал covid-19 халдвар авсан талаар Сүмо бөхийн холбоо өнөөдөр /2021.01.05/ мэдээллээ.

Сүмо бөхийн холбооны мэдээлснээр Хакуход үнэрлэх чадвараа алдах шинж тэмдэг илэрсэн учир шинжилгээ өгсөн байна. Хакүхогоос гадна шүүгч Кимура Мотокигийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнд халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Баасан гаригт Арашио дэвжээний эзэн Вакатакакагэ, жюүрио зиндааны бөх Вакамотохару болон доод зиндааны найман тамирчин, үсчин зэрэг хүмүүс халдвар авсан нь тогтоогдож, Сүмо бөхийн холбоонд кластер халдвар гарсан талаар мэдээлжээ.

Гэсэн ч одоогор энэ сарын башёг цуцлах талаар мэдээлэл гараагүй байна. Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 28 настай сүмоч Шобуши covid-19 халдварын улмаас эрхтэн тогтолцоо нь ажиллагаагүй болж нас барсан харамсалтай явдал болсон билээ. Хакүхо 2020 оны арваннэгдүгээр сарын башёд барилдах боломжгүй гэдгээ мэдэгсэнээр 17 удаа дараалан башёг алгассан тохиолдол болсон билээ. Иймд Сүмо бөхийн холбооноос түүнд хатуу анхааруулга өгсөн бөгөөд хэрэв энэ нэгдүгээр сарын башёг алгасвал зодог тайлах магадлалтай байв. Гэвч тэрбээр ийнхүү Covid-19-ийн халдвар авсан нь сүмо сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Өдгөө 35 настай Хакүхо М.Даваажаргал нь өнгөрөгч долдугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авсан бөгөөд наймдугаар сард хагалгаанд орж есдүгээр сарын башёг өнжсөн. Харин дараагийн башё болох арваннэгдүгээр сарын башёг нурууны гэмтлийн улмаас өнжсөн юм. Тэрбээр 2019 оны есдүгээр сард албан ёсоор Япон улсын иргэн болсон билээ. Сүмо бөхийн карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрмийн дагуу ийм шийдвэр гаргасан гэдгээ тайлбарласан юм.

Заяа Минжүүр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.