Буриадын газар тариалан Монгол Улсаас үлгэр жишээ авах хэрэгтэй

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Уналтад орсон Буриадын газар тариалангийнхан Монголчуудаас үлгэр жишээ авахын оронд тансаг баяр тэмдэглээд сууж байна хэмээн АРД сайтын шинжээч Бато Очиров үзэж байна.

Эдүгээ Буриад өөрийнхөө ХАА, газар тариалангийн ажилтнуудынхаа баярыг тэмдэглэж байна. Уригдсан зочдын дунд Монгол Улсын Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид аймгийнхаа засаг дарга С.Бүрэнбатаар ахлуулан иржээ.

Надад танилцуулснаар бол Монголын төлөөлөгчдийн зорилго нь ёс болсон баяр хүргэлтээс гадна ХАА-ын гаралтай бүтээгдэхүүндээ зах зээл хайж байгаа ажээ.

Үнэн хэрэгтээ энэ баярын өнгөнд нэгэн тохирохгүй гаж зүйл байгаа юм. Учир нь Буриадын ХАА-нханд баяр хүргэчихээр юм юу ч байхгүй. Харин Сэлэнгэ аймгийн ХАА-н төлөөлөгчид өөрсдийнхөө амжилтаар гялалзаж буй тул тэд баяр талархал хүртэх эрхтэй болохоос биш баяр тэмдэглэж буй буруутнууд л лав биш.
Бүх зүйлийг ойлгомжтой болгохын тулд хоёр бүс нутгийн ХАА-н үндсэн үзүүлэлтийг Зөвлөлт засгийн үетэй харьцуулаад үзье л дээ.

Монгол Улсын Сэлэнгэ аймгийнханы (хүн ам ойролцоогоор 150-200 мянга) ХАА, газар тариалангийн ажлын үр дүн Буриадын мэргэжил нэгтнүүдийнх нь хувьд ердөө л даган дуурайх жишээ гэсэн үг:

-Энэ онд тэндхийн бог малын тоо толгой 1 сая 60 мянгад хүрчээ. Энэ нь Зөвлөлтийн үед 300 мянга байснаас даруй 3,5 дахин өссөн гэсэн үг.

-2014 онд нийт үр тарианы ургац хураалт 240 мянган тонн хүрсэн бөгөөд Зөвлөлтийн үед 80 мянган тонноос илүү гардаггүй байснаасаа даруй 3 дахин өссөн.

Бүр саяхны 2008 онд монголчууд Буриадаас үр тариа, төмс худалдан авдаг байсан даа. Гэтэл одоо эсрэгээрээ тэд Буриадад 2013-2014 онуудын хавар, намрын улиралд бараг 15 мянган тонн төмс зарж, борлуулсан байна.

Тус аймагт чацаргана тариалалт, үйлдвэрлэл тогтвортой хөгжиж байна. Одоо тэнд 10 гаруй чацарганын тариалан байгаа юм. Нэг бүр нь 1000 га газраас багагүй талбайтай. Ингэхэд энэ жимсийг АНУ-д хэмжээ хязгааргүйгээр оруулж болдог цорын ганц бүтээгдэхүүн.

Харин Буриадын үр дүнг монголынхтой харьцуулахад урвуу хамааралтай болжээ:

-Энэ онд бог малын тоо толгой 350 мянга хүрсэн нь Зөвлөлтийн үед 2 сая хүрч байсантай харьцуулахад 5,7 дахин хорогдсон байна.

-Үр тарианы нийт ургац хураалт энэ онд 80 мянган тонн байгаа нь Зөвлөлтийн үед 600 мянган тонн байснаас даруй 7,5 дахин хорогджээ.

-Буриадад чацарганын байтугай олигтойхон шиг төмсний тариалан ч байхгүй.

Энд ганцхан асуулт урган гарч байгаа нь яг адилхан байгаль цаг уурын нөхцөлтэй мөртлөө Монголд газар тариалан яагаад ийм хурдан хөгжив гэдэгт л байгаа юм.

Учир нь их энгийн. Хөрш оронд ажлыг мэргэжлийн үүднээс барьж авсан. Яг л тодорхой мэдэрч, зөв байрлуулах гэж ярьдагчилан шүү дээ. Ингээд л боллоо. Эдүгээ Монголд "Монгол төмс" (“Монгольский картофель”) хэмээх нэгдэл энэ чиглэлд амжилттай ажиллаж байна. Улсын төмсний аж ахуйг дэмжих хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн.
Бүгдийг шинжлэх ухаан - үр - ХАА-н технологи гэсэн дэс дараатай хийж байна. Усжуулалтын системийн байгууламжийг хөгжүүлж байгаа юм. Үр тарианы тариалалтын хувьд "Атарын аян-3" хөтөлбөр дээр дурдсан чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн. Энэ бүх төслүүдэд Канадын болон Оросын мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан байдаг.

Энэ бүх төсөл хөтөлбөр Буриадад бий л дээ. Ялгаатай нь гэвэл тэнд үүнийг хэрэгжүүлж чадаж байхад... харин бид бахь байдгаараа.

Энэ үүднээс харвал хөршүүдийн хөгжлийн түвшингийн ялгаа цаашид ч улам ихсэнэ гэсэн сэтгэгдэл төрж байна. Тун удахгүй Буриадын оршин суугчид Монголын хөгжин цэцэглэж байгаа аймаг руу мөнгө хийхээр явах байх даа.

Орчуулсан С.Майдар

На русском языке – статья Бато Очирова “Убыточный агропром Бурятии чествует себя пышно вместо того, чтобы взять пример с монгольских аграриев” на АРД.
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.