
Өвөл эд хүйтний үеэр хөл дээрээ тогтож ядсан хоёр ч хөгшинтэй таарлаа. Хашаа түшин чадан ядан ганц хоёр алхах хөгшчүүл. Харахад хэцүү, олон зүйл бодогдуулна. Энэ эмээ энэ хүйтнээр хаашаа алхаж байгаа юм бол? Гэртээ үлдэж болоогүй юм болов уу, энэ хүйтнээр хаачдаг байна?
Тэнэг юм бодох юм, амьд хүн л юм хойно амьдралын хэрэгцээгээр гэрээсээ гарч байгаа, хоол хүнс, хэдэн эм тариа, арга ядахад хэдэн хүүхдүүд дээрээ очих гээд “амьд хүний зовлонтой, зорилготой” явж байгаа. Энэ хашаа дуусаад "юу түшиж" алхах юм бол? Цаашаа автобусанд яаж суух юм бол? Автобусны өндөр шатруу яаж алхаж сууна даа? Автобусанд суухгүй бол энэ эмээ энэ хоёр хөл дээрээ хаа хол явах вэ?
Англид анх 2008 онд очиход надаас арай түрүүлж очсон найз маань, -Энд хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин хүмүүс “ихтэй” юм билээ, гудамж, автобусанд их тааралддаг гэж хэлж байсан. Англид хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин иргэд манайхаас олон нь юу байхав дээ. Харин тэдгээр иргэд нь нийгэм, эдийн засгийн амьдралд бүрэн оролцдогийн л илрэл. Англид эмээ нар цахилгаан скүүтэр дээр суугаад дэлгүүр хэсэх нь энгийн үзэгдэл. Өвөө нар ихэвчлэн дугуйтай түшүүртэйгээ алхана. Ойр зуурын хүнсээ өөрсдөө цуглуулна, эмийн сан орно, найз хөгшүүлтэйгээ салхинд гарч зугаална, бидний хэлж заншсанаар shopping хийнэ. Тэдний худалдан авах чадвар сайн, дэлгүүр хоршооноос эхлээд эмийн санд хөгшчүүлд зориулсан маш олон бүтээгдэхүүн харагддаг. Давсагны сулралтай эмээ нарт зориулсан том дамсакнаас эхлүүлээд хиймэл шүдний цавуу, хөдөлгөөнийг дэмжсэн төрөл бүрийн түшлэг, цахилгаан хэрэгсэл гээд хөгшчүүлд зориулсан зах зээл маш том. Харааны төрөл бүрийн хагалгаа, хиймэл шүд гээд тэдэнд зориулсан бүтээгдэхүүн түм бумаараа.
Капитализмыг оновтой хөгжүүлж чадсан улсын иргэд, улсынхаа эдийн засгийн өгөөжөөс гадна оновчтой санхүүгийн тогтолцооноос өгөөжөө хүртэж буй нь. Тэтгэврийн сан нь иргэн, "ажилчин хүний хуримтлалын зарчим"-аар ажилладаг. Гэтэл манай хөгшчүүл бүхэл насаараа нийгмийн даатгал “төлж” амьдарчхаад өтөлсөн хойно сардаа нэг ганц хоёр эмээ авах “алаан болно” бөөн очир, арын хаалга, нүүрээ барж царайчилна. Тэглээ гээд хэдэн эмээ олж авах баталгаагүй. Тэдэнд зориулсан бараа, бүтээгдэхүүн, зах зээл ховор. Тэтгэвэрт гарсан хойно герман, японы хөгшчүүл шиг гадаадаар зугаалах тухай санахын ч хэрэггүй. Үр хүүхдүүд нь санхүүгийн чадвартай, ачлалтай бол ээж аав нартаа чанартай эмнэлгийн үйлчилгээ, амьдралыг санхүүжүүлдэг “тогтолцоо”-той. Өөрөөр бол найдах, түших “тогтолцоогүй”.
Тэтгэврийн тогтолцоо нь бүхэлдээ иргэддээ бус “сонгуульд ялсан намын албан тушаалын шагналын эзэн”-д үйлчилдэг зарчимтай. Иргэдийн хэдэн зуун тэрбум төгрөгийг санхүүгийн эргэлтэд оруулж иргэдийн “хуримтлал”-ыг өсгөх байтал хамгийн завхарсан компанийн засаглалтай, хамгийн бага хүүтэй найдваргүй банканд аваачиж түгждэг. Өмнө нь ядаж бага хүүтэй ч “сурагтай” байсан бол одоо бол дампуураад алга болдог. Иргэд бидний “залуу насны хамаг эрч хүчийг шимсэн хуримтлал” авилгачдын тансаглал, сураггүй алга болоод дуусдаг.
Иргэн хүний хувьд угтаа бол тэтгэвэр нэмлээ, тэдний маань амьдрал сайжирлаа гээд хэдэн хөгшчүүлийнхээ өмнөөс баярлах ёстой. Гэтэл бодит байдал дээр гажуудсан, дампуурсан үндсэн системээ засаагүй байж залуу иргэдийнхээ кармаг ухаж, хөгшин иргэдэд шилжүүлж байгаа “аргацаасан хөгийн үйлдэл”, улс төрчдийн санхүүгийн дээрэм. Тэгээд үүнийгээ шоудах улс төрчид харахаар ой гутам, үүнийг хараад талархаж суй нийгэмд сэтгэл гутарна, харин хөгшчүүл нь, -Төр засагтаа баярлалаа гэхийг хараад гомдох юун. Бидний капитализмын боловсрол. Социалист нийгмийн хөгшчүүлээ хараад өрөвдөнө, хуримтлал үүсгээгүй тогтолцооны гайг амсаж буй гэхсэн. Гэтэл бид нарын нөхцөл байдал ч дээрдсэн юм алга. Хамгийн эрч хүчтэй, чадалтай үедээ олсон хэдэн төгрөгөө “хуримтлал үүсгэж ч чадсангүй”. Тэгш бус боловсролын системээр дамжуулаад хэдэн хүүхдүүдээрээ дамжуулаад хэдэн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт өгөөд дуусдаг.
Яг нөгөө гажуудсан, дээрмийн тэтгэврийн тогтолцоотойгоо тэтгэвэртээ гарах үеийнхэн. Бидний ирээдүй нэг их дээрдсэнгүй. Энэ улсад өтөлмөөргүй байна.
С.Халиун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.