Эзэнгүй утаа

Twitter Print
2014 оны 11-р сар 21-нд 08:12 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн өдийд улиг болгон ярьж, бичихээс аргагүйд хүрдэг сэдэв бол Улаанбаатарын утаа. Орхилгүй хөндөж, бодлого гаргагчдын чихнээс уяхгүй бол мартагддаг учраас сануулах, анхааруулах эрх, үүрэг нь сэтгүүлчдэд бий. Өнөөдөр утаатай хийх тэмцлийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн гараа өргөөд бууж өгчихлөө. Яндангийн тоог цөөлөхийн оронд зуух тараасан, халаагуур биш Багануурын нүүрс олгосон, эцэс сүүлд нь “гэрээ дулаалцгаая” гэж уриалсан тэмцэлд ялагч байсангүй.

Татвар төлөгчдийн мөнгө өнгөрсөн жилүүдэд дэмий зүйлд зарцуулж үрэв. Ажил хариуцсан хүмүүсээс агаарын бохирдол таван жилийн өмнөх мөн үеийнхээс хэдэн хувиар буурсныг зоригтой баталж дуугарах хүн алга. Харин нэг агаараар амьсгалж байгаа нийслэлийн 1.6 сая иргэний өмнөөс “Утаа багасаагүй” гэж хэлэх жирийн иргэд олон байна.

Эргэн санавал, Улаанбаатарын утаа Монголын агаарын чанарын стандартаас 14, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын стандартаас 35 дахин давсан гэдгийг Дэлхийн банкныхан олон жилийн өмнө сануулсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл, “Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрлээ” гэж 2011 онд ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаан дээр мэдэгдсэн. Төрийн тэргүүн тухайн үед Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дэргэдээ байгуулж байв. Улаанбаатарын дээгүүр онгоцтой нисч танилцаад, хотыг утааг бууруулах ажил явуулахыг төр, захиргааны байгууллагуудад үүрэг болгож байв.

Утааны эсрэг тэмцэл эхлүүлсэн тэр жилдээ улсын төсвөөс 34 тэрбум төгрөгийг зарцуулсан. Агаарын бохирдлыг 40 хувиар бууруулна гэж ярьсан нь тунхаг төдий зүйл байсан. Дараагийн жилд нь 30 тэрбум гэж явсаар дөрвөн жил хэдийнэ өнгөрчээ. Агаарын бохирдлыг бууруулах амлалтууд бүтэхээр байсан бол утаа 40+30+20+10=100 хувь буурсан байх байлаа. Харамсалтай нь, Үндэсний хороог дэргэдээ байгуулсан Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа утаатай тэмцэхээсээ эвтэйхэн зайлсхийсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр утаатай тэмцэх ажлыг Засгийн газарт шилжүүлсэн юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед ч агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнтэй яваагүй. Харин ч тортог ихтэй Багануурын нүүрсийг гэр хорооллын 180 мянган өрхөд нийлүүлж, утааг улам л нэмсэн. Утааг багасгах ажил нь утаа ихэсгэж ашиг хүртэх хувийн бизнес болж хувирсныг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргээс ажиглаж болно.

Нөгөөтэйгүүр, Сү.Батболдын Засгийн газрын үед эхэлсэн зуух тараах ажил /АНУ-ын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр хийсэн/ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Цэвэр агаар” сангийнх болж өргөжсөн. Харамсалтай нь, сангийн удирдлага, нягтлангууд амьжиргаа доогуур орлоготой өрхөд очих байсан төслийн зуухны мөнгийг завшсан. “Цэвэр агаар” сангийн ажил урагштай яваагүй гэх шүүмжлэлд өртсөн нь бас л дараагийн балгаа сая тарилаа.

УИХ-ын дарга З.Энхболдоор удирдуулсан парламентын гишүүд 2015 оны Төсвийн тухай хуулийг баталлаа. Ингэхдээ Засгийн газрын “Цэвэр агаар” сангийн төсвийн талыг танав. Танасан төсөвт тааруулж ажлын байрны цомхотголыг явуулна. Үүнээс гадна Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албыг татан буулгахаар боллоо. Утаатай тэмцэх төсөвгүй болов. Утааг хариуцах эзэнгүй болов. Өөрөөр хэлбэл, УИХ ирэх онд утаатай тэмцэхээс татгалзлаа. Нэг ёсондоо, утаатай тэмцэх дайнд гараа өргөж бууж өгч байгаа бололтой. “Утаа гамшиг болсон гэдэгтэй санал нэгдэж байна уу” гэж аль хэдийнэ гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад асууж байсан З.Энхболдын алх төсөв батлахад ялагдлын талд тогшлоо. Одоо тэгээд яах вэ. Улаанбаатар утаатай хэвээр үлдэх үү.

-ҮАБЗ-ийн гишүүд Улаанбаатарын утааг багасгах талаар ийн хэлж байжээ-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Өдөрт 4-5 хайрцаг тамхи татах хэмжээний хордож байна

-Өнөөдөр өглөө, Улаанбаатарын гэр хорооллын утаа, нөхцөл байдалтай танилцаад явж байхдаа бохирдлын хэмжээг тусгай багажаар хэмжиж үзлээ. Айлын гэрт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээснайм дахин их, гадаа гараад хэмжихэд 20 дахин их байна. Хотын агаарын бохирдлын одоогийн төвшин 1952 оны Лондонгийн гамшгийн хэмжээнд үндсэндээ хүрчихээд байгааг мэргэжлийн судлаачид хэлж байсан. Агаарын бохирдол тэвчих боломжгүй хэмжээнд хүрж, монгол хүний амь нас эрүүл мэнд аюултай байдалд орчихоод байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас  гаргасан хэдхэн тооноос харж болно.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн иргэдийн дунд  уушги, амьсгалын замын өвчнүүд, нярайн болон ургийн өвчлөлүүд, тархи зүрх судасны өвчлөлт 1-6 дахин нэмэгдсэн байна. Хотын хүүхдүүд, хөдөөгийн хүүхдүүдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин, багтраа өвчнөөр 5-8 дахин илүү өвчилж байна. Сүүлийн 12 жилд, нярайн төрөлхийн гажиг зургаа дахин өссөн байна. Утаан дахь хар тугалганы агууламж хотын хүүхдийн цусанд, ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 60 хувиар илүү байна. Хар тугалга бол тархины хөгжлийг сааруулах хор нөлөөтэй бодис юм. Өнгөрсөн 2010 оны долоо, наймдугаар сард ойн түймрийн улмаас Москва хотод утаа, агаарын бохирдол ердийн үеийнхээсээ 4-10 дахин их болоход, хүн өдөрт гурван хайрцаг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалж байна гэж судлаачид дүгнэж байсан.

Тэр үед Москвагийн агаар дахь тоосонцрын агууламж 1000 мкг байсан бол өнөөдөр Улаанбаатрынх 1575 болчихсон байгаа. Тэгэхээр хүн өдөрт 4-5 хайрцаг тамхи татаж байгаа  хэмжээний  хордож байна гэсэн үг. Монгол Улсын нийслэлд амьдарч байгаа оршин суугчид хотын агаарын бохирдлын нөлөөгөөр учирсан хохирлын эрүүл мэндийн эмчилгээнд 775 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь  манай улсын ДНБ-ий 12.8 хувьтай тэнцэж байна.

/2011 оны нэгдүгээр сар. ҮАБЗ-ийн хуралдаан дээр хэлсэн үгнээс ишлэв/

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Утаа гурван жилийн дотор буурахгүй бол надтай ярь

-Нийслэлийн 180 мянган өрхийн 140 мянгад нь утаагүй зуух тараасан. Үлдсэнийг нь энэ жил дуусгана. Мэдээж зуух солиод л агаарын бохирдол арилахгүй нь тодорхой. Түүхий нүүрсний хэрэглээг багасгах ёстой.Өмнөх Засгийн газрын үед нүүрсийг хагас коскжуулахаар 17 тэрбум төгрөгийн туршилт явуулсан ч бүтээгүй. Тиймээс агаарын бохирдлын асуудлыг Засгийн газар нь зангидах хэрэгтэй. Тэгээд би хариуцлагыг нь хүлээе. Гурван жилийн дотор утаа арилахгүй бол Н.Алтанхуягтай ярь. Үүнээс өмнөх жилүүдийнх нь надад хамаагүй.

Өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгийг зарцуулав гэдгээс эхлээд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо. Маш түүхий байна, юу хийхээ мэдэгүй байна, хэнтэй яаж ажиллахаа мэдэхгүй байна. Ийм үед яаж утаатай тэмцэх вэ дээ. Багануурын нүүрс хямдрууллаа гэж юм. Амьдрал мэдэхгүй байна. Нэг хэсэгтээ нүүрс байсаар байх болно. Утаа гаргадаггүй болох технологийг яаралтай нэвтрүүлэх ёстой. Хоёр жилийн өмнө утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 17 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо 17 тэрбум төгрөг ч байдаггүй, утаагүй түлш ч алга. Утаатай тэмцэх зорилгоор өнгөрсөн хугацаанд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл ирэх онд хэдэн төгрөг байна вэ гэтэл 20 гаруй тэрбум төгрөг гэсэн. Ийм л дүр зураг байна. Болохгүйгээс аваад болохыг нь хүртэл зүтгэнэ.

/2013 оны арванхоёрдугаар сарын 1. Ерөнхий сайдын 30 минут/

УИХ-ын дарга З.Энхболд: Тэр үед зөвшөөрсөн бол утааны менежмент хийж болох байсан

-Ер нь З.Энхболд утааг гамшиг биш гэх нь бүү хэл мөн гэж үзээд 2005 оны өвөл УИХ дээр санал хураалгаад цөөнх болж байсан. Тэгэхэд “Утаа бол гамшиг биш. 800 жилийн ойг тэмдэглэх гэж байхад Улаанбаатарыг гамшгийн бүс гээд зарлачихвал хэн ирэх юм” гээд “гамшиг биш” гэж дүгнэн асуудлыг хаасан. Тухайн үед Ц.Батбаяр хотын даргаар ажиллаж байсан. Харин өнөөдөр  гамшиг гэдэгтэй бүгд санал нийлж байна. Гамшигтай яаж тэмцдэг вэ гэвэл санал асуудаггүй. Бүр сайн дурын ажил ч өрнүүлэлгүйгээр зөвхөн албаддаг.

Дугуйн хаймар түлж байгаа айлыг Улаанбаатараас албадаж гаргах ёстой. Хашаандаа 2-3 машин тавьчихсан баян айл мөнгө хэмнэх нэрийдлээр дугуйн хаймар түлдэг гэж байна. Улаанбаатар хотод тийм айл байж болохгүй. Тиймээс Гамшгийн тухай хуульд утааны асуудал зайлшгүй орох ёстой. Утаатай тэмцэж байгаа иргэдэд албадлагын арга хэрэглэх ёстой. 2005 онд миний гаргасан санал “Улаанбаатарт шинэ айл авахаа больё” гэж байсан. Хэрвээ тэр айл утаа гаргах бол авахгүй, орон сууцанд орох юм уу, халаалтын гэх мэт арга хэлбэрийг сонговол байж болно. Тэр үед үүнийг хүлээн зөвшөөрсөн бол утааны менежментийг хийх боломж байсан.

Тухайлбал, 1993 оноос хойш нийслэлд 423 мянга гаруй айл шилжиж ирсэн байна. Харин 2006 оноос хойш шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бол өнөөдөр 218 мянга гаруй айл нийслэлд ирэлгүй, утаа үйлдвэрлэхгүй байх байсан. Тэгэхээр одоо гамшгийн бүсэд гамшгийн менежментийг явуулах ёстой. Гамшгийн менежмент явуулалгүйгээр саналыг нь асууж зуух, дулаалга тарааж өгөөд байхаар шилжилт хөдөлгөөн үргэлжилж, утаа үйлдвэрлэх бүс тэлсээр байна.

/2014 оны нэгдүгээр сарын 16-ны "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагаас/

 

Сэтгүүлч: Г.Улсболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.