Оюуны сор болсон бүтээлүүд

Twitter Print
2016 оны 05-р сар 10-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

"Хэн уншихаа болино, тэр хүн сэтгэхээ болино" хэмээх алдарт үг байдаг. Номын амтыг мэдэрч, түүгээрээ оюунаа цэнгүүлдэг уншигч та бүхэнд сүүлийн үед номын дэлгүүрүүдэд борлуулалтаараа тогтмол тэргүүлж, уншигчдын дунд эрэлт ихтэй байгаа доорх бүтээлүүдийг танилцуулж байна. 

1.Сорхугтани роман / Зохиолч Б.Сарантуяа/   

13-р зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор цуглаж байв. Энэ үед Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү Жаха Ханбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх,  ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж бага хүүтэй нь гэрлэсэн юм.

Гэвч удалгүй аав нь их хааны цэргүүдэд хороогдож, эр нөхөр нь төрсөн ахынхаа төлөө золиос болон тэнгэрт хальж, өнчин хөвгүүдтэйгээ, хагацал зовлон, өнчрөл бэлэвсрэлийг сөрж, өөрт заяасан ухаан авьяасын хүчээр эх хүний үүргээ нэр төртөй биелүүлж, эмэгтэй хүн энэ орчлонд ирээд буцахдаа юу хийж болохыг өөрийн биеэр харуулсан түүхт хатан байв.

 

 

 

2. Ногоон нүдэн лам /Зохиолч Ц.Оюунгэрэл /  

Ногоон нүдэн лам хэмээх роман нь Монголын түүхийн үнэн бодит баримт, харгислал хэлмэгдүүлэлтийн хар шуурганд олон арван мянган гэм зэмгүй хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэж, хэрхэн зовж тарчилж байсан, Монгол улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнэ, цусаар олдсон хийгээд Монголын тухайн үеийн аж байдлыг цөөн хэдэн хүмүүсийн амьдралаар тод томруун, сонирхолтой байдлаар дүрсэлж, мөн лам нарын зовж зүдэрч байсан хийгээд хайр сэтгэлийнн нандин холбоог харуулсан зохиол юм.

Зохиолын гол баатар нь хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, амьдралын төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцсэн Баасан хэмээх Хөвсгөл аймгийн нутаг, Үүрийн голын эрэг дэх /Ховчилтойн хөндий/ Даян дээрхийн хийдийн залуу лам, Архан нутгийн сайхан бүсгүй Сэндмаа нар юм. Зохиолд тэдний үнэнч хайр сэтгэл хийгээд, зовлонт амьдралын тухай өгүүлдэг.    

 

3. Луун шивээст охин /Зохиолч Стиг Ларсон/                                                        

Шведийн нэгэн хэвлэлийн газарт адал явдалт гурван романыхаа гар бичмэлийг өгсөн гэдэг. Түүний эдгээр гар бичмэлийг тэд “Миллениум” нэртэйгээр гурамсан роман болгож хэвлэсэн нь хэний ч санаанд оромгүй гайхалтай амжилтыг дагуулсны нэг нь “Луун шивээст охин” юм.  Энэ ном нь хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл юм. Шведийн нэгэн баян гэр бүлээс гаралтай Харрист Вангер гэгч дөчин жилийн өмнө ор сураггүй алга болжээ. Энэ хугацаанд нас дээр гарсан авга ах нь эл хэргийн үнэн мөнийг мэдэхийг хүснэ. Тэр хилс хэрэгт гүтгэгдсэн чавдарлаг сэтгүүлч Михаел Блумквистийг хөлсөлдөг. Сэтгүүлч эр өөрт тохиолдсон таагүй явдлаа мартахын тулд ээдрээ нь үл тайлагдах найдваргүй хэргийн зангилааг тайлахыг оролдоно. Блумквист санаснаас илүү хэцүү хэрэгт ороолцолдсоноо  аажимдаа ойлгох болно. Шведийн өнцөг булан бүрт янз бүрийн цаг хугацаанд гарч байсан хэд хэдэн эмэгтэйг хөнөөсөн хэргийн үзүүрээс атгаж эхэлмэгц түүний амь насанд аюул  учир ч нэг л мэдэхэд амьдрал нь там болж хувирдаг. Харин түүнд нь Лизбет Саландер гэгч ер бусын, нууцлаг охин туслана. Ингээд тэд хамтдаа хээл хахууль, шударга бус байдлаар дүүрсэн ертөнцөд хөл тавина.

   4.  Бид амьд хүмүүс / Зохиолч Айн Ренд/                                                                

Орос гаралтай гэдэг боловч жүүд гаралтай Америк зохиолч юм. Түүний жинхэнэ нэр нь Алиса Розенбаум. 1905 онд Оросын Санкт Петербург хотод төрж, өсчээ. “Бид амьд хүмүүс” романд төр улс, бие хүн хоёрын нийгмийн сайн сайхан, хувь хүний аз жаргалын эсрэг, тэсрэг шинж чанарын тухай өгүүлдэг. Энэхүү зохиол нь нэг талаас уран зохиол боловч нөгөө талаас философийн бүтээл болсноороо онцлог. 1920-иод оны эхэн үеийн Оросын хувьсгалын түүхэн жилүүд, ахуй амьдралын адармаантай үйл явдлуудыг дүрслэн харуулсан. Тэрээр нийгэмд чиглэсэн олон асуудлыг энэ романаараа хөндсөн байдаг. Зохиолын баатарууд бүгд л тухайн нийгэмдээ гадуурхагдсан, нийгмийн олонх гишүүдээс эрс өөр. Гэвч өөрийн гэсэн бодолтой хүчирхэг бие хүмүүс ажээ. Уран барилгач, төмөр замын эзэн, металлургич нарын тухай мэт боловч бүгд л бүтээгч хувь хүмүүсийн тухай өгүүлдэгш сонирхолтой ном юм. Ер нь бол хувь хүний хийж бүтээж байгаа зүйлд хөндлөнгөөс оролцохоо болъё гэсэн нь энэ романы гол санаа ажээ. Тиймдээ ч тэрээр “Бид амьд хүмүүс” байх ёстойг бидэнд ойлгуулахыг хичээж энэхүү гайхамшигт номоо туурвисан болов уу.

5." Алхимич”/ Зохиолч  Пауло Коэльо/                                                                                                               

Энэ цаг үеийн хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг. Түүний зохиолууд 100 сая хувиар дэлхийн хамгийн олон хэлээр хэвлэгдэн гараад байгаа билээ. Пауло Коэльо 1947 онд Бразилд төрж, зохиолч болтлоо олон төрлийн ажил хийж үзжээ. Харин 1987 онд ном бичих хүсэлдээ хөтлөгдөн “Мөргөлчид” зохиолоо тууривсан аж. Пауло Коэльогийн удаахь тууж болох “Алхимич” нь хамгийн ихээр алдаршиж 30 сая хувиар хэвлэгдсэн юм. 

Залуу хүү Сантьягогийн хүсэл мөрөөдлийн тэмцлээр энэхүү зохиол хөглөгдөнө. Испани орны жирийн нэгэн хоньчин залуу хонио хариулж явах зуураа юу эсийг эрэгцүүлж, юу эстэй тохиолдохов. Сантьяго урьд өмнө хэн ч хэзээ ч олж хараагүй, ертөнцөд хосгүй сайхан эрдэнэсийг олж авах мөрөөдлөө даган Испани эх орноо орхин алс холын аян замд гардаг. Тэрээр Африк тивийн баруун хойд өнцгөөс Египтийг зорьж Сахарын элсэн цөлийг гатлан явахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд нь Орчлонт ертөнц тэр чигээрээ түүнд тусладгийг ойлгож авна. Ингээд Сантьягогийн ертөнцийг нээх хийгээд өөрийгөө олох том аялал эхэлдэг. “Алхимич” нь хүн өөрийн зүрх сэтгэлээ сонсох, амьдралын зам дээр буй дохио тэмдгийг олж харах, хамгийн чухал нь мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдрах тухай өгүүлж, уншигч бидний сэтгэлийн хэмнэлийг хөглөх увидастай зохиол юм.

                                                    

6.Хотын үлгэрүүд /Зохиолч Л.Өлзийтөгс/                                      

Урьд нь хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн "Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Үзэхийн хязгаар" номууд нь уншигчдын дунд ихээхэн эрэлт үүсгэсэн яруу найрагч энэ удаад тууж, өгүүллэгээсээ толилуулж байна.  Энэхүү ном нь 330 гаруй хуудастай бөгөөд "Өлсөхүй", "Хоёрхон алдаа" зэрэг бэсрэг тууж, "Хулгайч", "Эрэгтэй, Эмэгтэй", "Зөн", "Тэр хэн бэ?" зэрэг өвөрмөц сэтгэлгээ бүхий өгүүллэгүүдээс орчин цагийн Монголын утга зохиол дахь давтагдашгүй, онцлогийг мэдэрч,  хүүрнэл зохиолын нэгээхэн өнгө аястай танилцаж  болох аж.

 

 

 

 

7. Үзэхийн хязгаар/Зохиолч Л. Өлзийтөгс/

Энэхүү ном нь намтарчилсан эссэнүүдээс бүрдэнэ. Зохиолч утга зохиол, урлаг гоо зүй, танин мэдэхүйн чиглэлийн 100 орчим номын редактороор ажилласан. Яруу найргийн бүрэн түүврээ солонгос хэлнээ хэвлүүлсэн бөгөөд шүлэг зохиолоос нь англи, хятад, польш, румын, унгар, серб, орос, япон хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн. 

       

 

 

 

 

 

 

8. “Өлсөглөн тулаан” /Сьюзань Коллинз/                                                                                                    

2008 оны есдүгээр сард хэвлэгдсэн цагаасаа эхлэн жил гаруйхан хугацаанд нийт 1,5 сая хувь борлогдож, “Нью- Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтанд 60 долоо хоногийн турш  үлдэж чадсан гайхамшигтай ном юм.  Түүгээр ч зогсохгүй  энэ зохиолоор хийсэн найруулагч  Гари Россын кино дэлхийн зах зээл дээр байр сууриа олж чадсан.

Ирээдүйд Хойд Америкт 12 дүүрэгтэй Панем гэх улс оршино. Нийслэлийг нь  Капитол гэх бөгөөд дүүргүүдээ маш хатуу чанга хяналтан дор захирна. Мөнхөд захирч байх нэг арга нь жилд өрх бүрээс 12-18 насны нэг хүүхдийг “Өлсгөлөн тулаан” гэх амь өрссөн тэмцээнд оролцуулахыг шаарддаг.

Энэ цаг үед 16 настай Катнис ээж, дүүгийнхээ хамтаар 12-р дүүрэгт амьдарна. Нэг л өдөр дүү нь тэмцээнд оролцохоор сонгогдоход тэр үүнийг нэг ёсны үхэх ял гэж үзээд оронд нь явахаар шийддэг. Тэрээр олон удаа үхэлтэй нүүр тулж тэмцээнээс амьд гарах магадлал тун бага болно. Гэвч санамсаргүйгээр хамгийн хүчтэй оролцогч болон хувирдаг. Ингээд Катнис охин тэмцээнд түрүүлж амьд үлдэх, хүнлэг чанар хоёрын аль нь чухал болохыг, амьдрал хайр хоёрын аль илүү болохыг сонгох хэрэгтэй болно.

 9. Галаар наадагсад /Зохиолч Сьюзань Коллинз/                                               

АНУ-ын зохиолч 2008 онд тэс өөр бүтээл, тэс өөр үнэнийг дэлгэн бичиж, зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн юм. “Өлсгөлөн тулаан” цувралын хоёрдугаар дэвтэр  болох “Галаар наадагсад”  бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн  монгол төдийгүй дэлхий уншигчдыг байлдан дагуулж адал явдалд хөтөлж байна.

Панемын 12 бүс дэх аймшигт өлсгөлөн амьд үлдэхийн төлөөх тулаан билээ. Симийн намхан байшингууд, 12 дугаар бүсийн иргэдийн өвчин зовлон, өлөн зэлмүүн амьдрал, зэвсэг мөрлөсөн энхийг сахиулагчдын сэжиглэнгүй  харц, Капитолоос ирэх аймшигт тушаал, хэзээ ч үрэгдэж болох хэврэгхэн амь. Капитолынхон буюу эрх баригчдын зүгээс Панемын 12 бүсийг хамруулан зохиодог айдас хүйдэс тэсвэр тэвчээр доромжлолын тулааныг зохион байгуулсны 75 жилийн ойг угтахаар шийдэв. 12 дугаар бүсийн оролцогчид болох Катнис Эвердин, Пийта Мелларк хоёр ер бусын байдлаар “Өлсгөлөн тулаан”-аас амьд гарч чаддаг. Тийнхүү Катнис гэр бүлийнхэн, олон жилийн найз Гэйл дээрээ эсэн мэнд эргэж ирэх боловч нөхцөл байдал түүний хүссэнээр болсонгүй. Гэйл түүнтэй албан ёсны, хүйтэн хөндий харилцаж, Пийтаа нүүр буруулна.

Цаашлаад Катнис, Пийта хоёрын үйлдлээс болж бүсүүд Капитолын эсрэг босох байдалд хүржээ. Эцэстээ гал болон дүрэлзэх тэмцлийн оч үсэргэсэн юм биш байгаа гэж Катнисын сэтгэл зовно. Хамгийн гачлантай нь тэр Капитолын эсрэг босох хүчгүйгээ мэдрээд байв. Катнис, Пийта хоёр “Ялагчдын тойрон аялал” хэмээх уламжлалт, харгис үйл ажиллагаанд оролцож, бүс нэг бүрээр зочлохдоо нөхцөл байдал төсөөлснөөс нь хурцадсныг ойлгоно. Тэр хоёр гагцхүү энэ боломжийг л ашиглаж, ухаангүй дурлалаасаа болоод бодлогогүй алхам хийсэн гэдгээ Панемын иргэдэд итгүүлж, эсэргүүцлийн уур амьсгалыг намжааж чадахгүй л бол тэднийг аймшигт шийтгэл тосох болно.

“Өлсгөлөн тулаан” гурвал зохиолын дэд дэвтэр “Галаар наадагсад” романд зохиолын үйл явдал туйлдаа хүрч, Катнис Эвердин урьд өмнө байгаагүй хэцүү сорилттой тулгарна. Санаанд оромгүй сонирхолтой эргэлтүүд уншигчдын сэтгэлд  хүрнэ бизээ.

10. Мокинжэй /Зохиолч Сүзаань Коллинз/                                                   

Сүзаань Колинзийн цуврал бүтээлийн гутгаар дэвтэр “Мокинжэй”  энэхүү бүтээл уншигчдыг шинэ адал явдалд хөтөлнө гэдэгт итгэлтэй байна. Галан дундаас гарч ирсэн Катнис Эвердин төрөлх, гэр орон нь сүйдсэн хэдий ч амьд үлдэнэ. Гэйл зугтаж, Катнисын гэр бүл аюулгүй болон Капитолынхон Пийтаг олзолно. 13 дугаар бүс гэж үнэхээр байх бөгөөд босогчид, шинэ удирдагчид гарч ирэн, бослого тэмцэл өрнөнө.

Катнис Ялалтын 25 жилийн харгис тулааны талбараас эсэн мэнд гарсны дараа өөрөө ч мэдэлгүй Капитолын эсрэг хуйвалдаанд оролцсоноо ойлгоно. Нуугдмал байсан 13 дугаар бүс ил гарч, Капитолыг түлхэн унагах ажиллагаа явуулж эхэлнэ. Катнисаас бусад хүн бүр өөрсдийн ашиг сонирхлын дагуу нарийн төлөвлөгөөтэй хөдлөх аж. Гэвч бослогын амжилт гагцхүү Катнисын шийдвэрээс шалтгаалах болдог. Босогчдын шатрын хүү болсон, тоо томшгүй хүний өмнөөс хариуцлага хүлээх Катнис охин Панемын ирээдүйг өөрчилж дийлэх болов уу? Үүний тулд тэрээр уур хилэнгээ дарж, сэжиг хардлагаа таягдан хаях шаардлагатай болно. Катнист хувийн хүсэл сонирхлоо золиослон, босогчдын "Мокинжэй" болохоос өөр сонголт үлдсэнгүй.

 

Д. Цэнд-Аюуш

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.