Увс аймгийн 9 гайхамшиг

Twitter Print
2018 оны 08-р сар 05-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 15: Увс аймгийн 9 гайхамшиг

1. Увс нуур

Увс нуурын Дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур нийт 3350  га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана.

Сүүлийн 100 жил нуурын ус нэмэгдэх төлөвтэй байна. Увс нуур д.т.д 759м буюу төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм.

Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.

Увс нуурын орчмын экосистемийн нуур орчимд өндөглөх болон зусдаг усны шувуудын амьдрах өвөрмөц орчин бөгөөд намрын цагт Төв Азийн усны шувуудын гол цуглаан үүсгэдэг. Увс нуур давстай бөгөөд  1 литр усанд 18.7 гр-н агууламжтай, бөгөөд энэ нь сульфат натрийн ионуудаас бүрдэнэ. Нуурын хөвөө хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ойтой учраас малын бэлчээрт нэн тохиромжтой.  

Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүнээс алтайн сугасыг (Oreoleuciscus potanini) барьж идэх боломжтой.

Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий. 

Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.

Увс нуурын ай сав нь Сибирь, Төв Азийн газарзүй-уур амьсгалын зааг дээр байрладаг тул температурын маш их хэлбэлзэлтэй: өвөл −58°C хүрч байхад зун 47°C байх жишээтэй.

Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэнээсээ төдий л алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон. 

2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр "…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…" хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.

2. Хяргас нуур

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино.

Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам нь 5 километр байдаг. 

Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно.

Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана. Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг  Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно.

Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий. Дотор өвчин анагаах рашаан байхаас гадна шаврыг нь эмчилгээнд хэрэглэдэг.

Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирэн аль нэгэн айлын хотонд очно, бух очсон тэр айлын үхэр өсдөг юм гэнэ лээ” гэсэн домог бий.

Хэцүү хад: Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ.

Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой. 

3. Алтан элсний дархан цаазат газар

Алтан элсний кластср нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг элсний зүүн хэсгийн Алтан элсийг ларна. Талбай нь 177.5 мянган га юм. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг устай гол горхи, булаг шанд, баян бүрдүүд болон элний нүүлт зэрэг яын нөлөөнд автагдаагүй манхан элс, эрт дээр үсийн амьтдын үлдэгдэл, түүхийн дурсгалыг Хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авчээ.

Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуур-пролювийн гаралтаи дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хийсэн хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үстэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно.

Уг бүлгэмдэлд хиаг, срхөг, агь, ганга, цагаан бургас зэрэг ургамал ордог. Элсний урд хаяа дагуу хэсэг, хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Амьтдаас суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна. Алтан элс нь дов толгодлог гадаргатай ба түүнийг элсний зүүн хэсэгт элсэн дунд орших Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс гэрчилнэ. Алтан элсний кластсрт элсэн манхнаас гадна түүнд бэхлэгдэн ургасан бага хэмжээний нарс, шинэс, чацаргана нь маш их юм.

Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна.

4. Ханхөхий уулс

Нийслэл Улаанбаатар хотоос 1160 км, Аймгийн төв Улаангомоос 270км зайд алслагдсан. Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад  чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр.

Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанха