Канад, Хятад хоёр улсын харилцаа хурцдав

Twitter Print
2022 оны 06-р сар 07-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Канад болон БНХАУ бие биенийхээ байлдааны онгоцыг Хойд Солонгосын агаарын хилийн ойролцоо ниссэн хэмээн буруутгаснаар хоёр улсын дипломат харилцаа дахин хурцдах нөхцөл бүрджээ.

Өнгөрсөн даваа гарагийн өглөө Хятадын Гадаад харилцааны яам Канад улс эрсдэл дагуулсан ямар нэг өдөөн хатгалт хийсэн тохиолдолд ноцтой үр дагавар амсах болно хэмээн анхааруулсан бол өнгөрсөн долоо хоногт Канадын зэвсэгт хүчин Хятадын байлдааны онгоцнууд Канадын эргүүлийн онгоцнуудын үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгасан билээ.

Канадын зэвсэгт хүчнээс мэдээлснээр онгоцнууд нь Хойд Солонгос улс тавьсан хориг арга хэмжээг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж байсан аж. Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян хэвлэлийн бага хурлын үеэр, "НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл хориг арга хэмжээний хэрэгжилтийг хяна гэж нэг ч оронд өөр бусад орны далай болон агаарын бүсэд цэргийн хяналт тавих зөвшөөрөл өгөөгүй, өгч ч байгаагүй." хэмээн онцолжээ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Оттавад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Канадын байлдааны онгоцнууд НҮБ-ын ажиллагаанд оролцож байгаа хэмээн тайлбарлаж, Хятадын "хариуцлагагүй, өдөөн хатгасан үйлдлээрээ НҮБ-ын Хойд Солонгост тавьсан хориг тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх шийдвэрийг үл хүндэтгэхийн зэрэгцээ хүмүүсийг эрсдэлд оруулсан" хэмээн онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт Канадын зэвсэгт хүчин Хятадын байлдааны онгоцнууд Канадын онгоцнуудыг замаасаа гарахад хүртэл хүргэсэн хэмээн мэдээлж байсан юм.

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Вү Чяны мэдэгдсэнээр Хятадын зэвсэгт хүчин Канадын үйлдлийн хариуд үндэслэл бүхий арга хэмжээ авч, дипломат шугамаар холбогдож мэдэгдэл хүргүүлсэн аж.

Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ Канадын байлдааны онгоцнууд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх нэрээр тагнуулын болон өдөөн хатгах үйл ажиллагаа явуулж, БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн онцолсон байна.

Өнгөрсөн сард Оттава Хятадын Huawei Technologies компанийн 5G төхөөрөмжнүүдийг Канадын үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ хэмээн хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ.

Түүнээс өмнө 2018 онд Канадын хууль сахиулагчид Huawei компанийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр баривчилсны хариуд Хятадын зүгээс Канадын хоёр иргэнийг тагнуул хийсэн хэргээр мөн баривчилсан билээ.

Ингээд өнгөрсөн оны 9-р сард Мэн Ваньжоу АНУ-ын Прокурорын албатай тохиролцоонд хүрсэнээр эх орондоо буцаж, Бээжинд хоригдож байсан Канадын хоёр иргэн мөн суллагдсан юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.19.249) 2022-06-07 14:27
      • 0
      • 0

      Дэлахийн хэдэн орны тэргүүнүүд бие биедээ томроод л, дэлхийн хүн ам цөөрөх юм байнаа.

      Хариулах