
ХБНГУ-ын Канцлерийн үүрэг гүйцэтгэгч Ангела Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогдож, Беларусь-Польшийн хил үүссэн асуудлыг хөндөж, ОХУ-ын төрийн тэргүүнийг Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод нөлөөлөхийг хүсчээ.
Тэрээр В. Путинтэй ярьж байхдаа Беларусь-Польшийн хил дээр гацсан цагаачдын асуудлыг хүнлэг ёсоор шийдэх нь чухал гэдгийг онцолсон аж. Кремлиэс мэдээлснээр хоёр улсын төрийн тэргүүнүүдийг утсаар хийсэн хэлэлцээрийн санаачлагыг ХБНГУ-ын талаас гаргасан ба А. Меркель, В. Путин нар дахин холбогдож ярилцахаар тохирсон аж.
ХБНГУ-ын сайд нарын танхимын төлөөлөгч Штеффен Зайбертийн мэдээлснээр А. Меркель Беларусийн Ерөнхийлөгч А. Лукашенко бус ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй түрүүлж холбогдсон нь Беларусийн тал ХБНГУ-тай холбогдож яриа хэлэлцээр хийхээс татгалзсан мөн ОХУ-ын засгийн газар Минскт тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх чадалтай хэмээн үзсэнтэй холбоотой аж.
Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен Европын холбоо ирэх долоо хоногт Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж буй талаар мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар АНУ мөн адил Беларусийн эрх баригчдын эсрэг багц арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа аж. Европын холбооноос мэдээлснээр ОХУ-ын Аэрофлот, Туркийн Turkish Airlines зэрэг агаарын тээврийн компаниуд хууль бус цагаачдыг тээвэрлэж, Беларусь-Польшийн хил дээр эмх замбараагүй байдал үүсэхэд нөлөөлсөн байж болзошгүй аж.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мария Захаровагийн онцолсноор хил дээр үүссэн нөхцөл байдалд үндэслэн Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авах нь хууль бус аж. Тэрээр Литва, Польшийн эрх баригчид хил дээр үүссэн асуудлыг шийдвэрлэхийн оронд ямар ч аргаар хамаагүй Беларусийг шийтгэхийг хичээж байна хэмээн онцолжээ.
ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Алексей Пушков АНУ-ын зүгээс Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ нэмэгдүүлнэ гэсэн мэдэгдэл нь ямар ч утгагүй гэжээ. Тэрээр АНУ, Европын холбооны орнууд Ойрх Дорнодын цагаачдыг хүлээж авахыг уриалж, цагаачдыг хүлээж авахыг эсэргүүцсэн орнуудыг цагтаа хатуу шүүмжилж байсныг онцолж, цагаачид Европын холбооны эрх баригчдын заасан замаар Европын хилээр нэвтрэхийг оролдож байгаа гэдгийг сануулжээ.
Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мөн адил Польш, Литвийн эрх баригчдыг цагаачлалын асуудлуудаа шийдэхийг хүсэхгүй байна хэмээн буруутгаж, тус хоёр орон уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Москвагаас ямар нэг тусламж хүсээгүй гэдгийг онцолсон билээ. Өнөөдрийн байдлаар Беларусь-Польшийн хил дээр хэдэн мянган цагаачид гацсан байдалтай байгаа юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Холбоотой мэдээ:
-Беларусийн эрх баригчид Польшийн хил рүү 1000 орчим цагаачдыг буцаалаа - http://mongolcom.mn/read/16256
-Улс орнууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалж байна - http://mongolcom.mn/read/16397
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.