2 тэрбумыг нэг, хоёр өрөөнд хэдэн хүүхэд хашдаг сонин бизнес рүү гулгуулах вий

Twitter Print
2020 оны 08-р сар 28-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ жинхэнэдээ 2 нас хүртэл ижий нь болж өгвөл өөрийн хайраар өсгөж хүмүүжүүлвэл дээр л дээ. Харин 2 наснаас эхлэн цэцэрлэг юмуу урьдныхаар ясли-д явахгүй бол хүүхдийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг, хүүхэд хүүхдүүдийнхээ дунд л нийгэмшинэ.

Эх нь ч мөн чаддаг зүйлээрээ улс эх орондоо ажиллах нь зүйтэй. (өөрөөр хэлбэл дараа дараагийн хүүхдээ гаргасан ч бага хүүхдээ хоёр хүрүүт нийгэмдээ ажиллах боломж гэсэн үг. Яахав боломжтой бол 3 хүртэл харна уу тухайн хүний шийдвэр.) Бид чинь цөөхүүлээ хүн амтай улс шүү дээ. Гэтэл улсын бүү хэл хувийн цэцэрлэгт “хэрэв 2 настай хүүхэд авбал торгоно” гэдэг шийдвэр гаргачихаад араас нь 2 настай хүүхдүүдээ хувийн “хүүхэд харах үйлчилгээнд” өгөөрэй, түүний нь дэмжье гэдэг улс байх уу. Логик ер нь байна уу? (Том талбайтай цэцэрлэгт хоёр настнууд явж болохгүй, харин 5-10 уулаа жижиг умгар байруудад болохоор зөвшөөрдөг!)

Гишүүд сая “хүүхэд харах үйлчилгээ”-нд мөнгө гаргууллаа бус харин урьдын “2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт өгөхийг хориглоно” гэдэг шийдвэрийг цуцлах тал дээр ажилласан бол ард олны сэтгэлд нийцэх байлаа. Одоо татвар төлөгчдийн 2 тэрбум төгрөгийг баахан хувийн “хүүхэд харах үйлчилгээ” гэсэн нэг ба хоёр өрөө давчуу байрны хэдэн хүүхэд хашдаг сонин бизнес рүү гулгуулах вий, замаас нь завших вий ч гэж өөрийн эрхгүй хар бууж байгаа юм. Түүний оронд байгаа цэцэрлэгүүдээ өргөтгөх, хийгээд 2 настнуудаа цэцэрлэгт авахтай уялдаатай, нэмж ажиллуулах мэргэжлийн багш нарын цалин зэрэг арай ирээдүйтэй зүйлд зарцуулах нь зүйтэй юм. Эсхүл мөнгө өгөх гээд байгаа юм бол 3 хүртэлх насны хүүхдээ хараад сууж буй ээжүүдэд олгодог 50 мянгаа л нэмэх нь өлзийтэй.

Хэрэв улсын цэцэрлэгт байр хүрэлцэхгүй гэвэл яагаад 2 настнуудаа хувийн цэцэрлэгүүдэд өгч болохгүй гэж. (Хувийн цэцэрлэгийн том саруулхан байрууд хоёр настай хүүхэд авч болохгүй хорионоос үүдэж байр нь хоосон, багш нар нь ажилгүй байна гэж бичиж буй хүн ч байна.) Ер нь бол яслийн байруудыг элдэв аргаар хувьчилж, эсвэл эсэн бусын төв нэртэй өөр зориулалтаар ашиглаж завшиж буйн гор л гарч байгаа юм, өнөөдрийн энэ их бухимдал.

Германд бол Kindergarten буюу цэцэрлэгтээ 2,5 -аас 6 нас хүртэл хүмүүждэг. Цэцэрлэгийн байшин байлаа гэхэд нөгөө хаалгаар нь Kinderkrippe (буюу манайхаар бол хуучнаар ясли)-д 5 сараас 2,5 нас хүртэлх хүүхэд хүмүүжнэ. Ихэнхдээ цэцэрлэг ясли хоёр нь нэг байранд байрлах нь элбэг. Тусдаа байлаа гэхэд эрүүл ахуй, соёл хүмүүжил, хоол унд хөтөлбөр программ болон гол нь байрны стандатр талбай нь ижил, бүрэн мэргэжлийнхний хяналттай, мэргэжлийн багш сэтгэл зүйч эмч, тогоочтой төрийн хатуу хяналт, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс эцэг эхийн сэтгэл тэнүүн.

Хэрэв хүүхэд нь олуулаа байх сэтгэл зүйн бэлтгэлгүй, эсхүл цэцэрлэг яслийн орон тоо зарим хотод үл хүрэлцэх, орон тоо хүлээх тохиолдолд хувь хүмүүсээр хүүхдээ харуулна. Хүүхэд асран хүмүүжүүлэх эрх авсан тийм сурган хүмүүжүүлэгчид мөн л мэргэжлийн курс семинарт сурч шалгалтыг нь өгөөд мэргэжлийн үнэмлэх гэрчилгээ авсан байх ёстой. Тэр нь асар хатуу хяналттай, мөн л нэг хүүхдэд оногдох БАЙРНЫ ТАЛБАЙ орчин, хүмүүжүүлэгчийн боловсрол, эрүүл мэнд бүх зүйлийн шалгалтыг давсан байх ёстой байдаг. Гэхдээ ийм хувийн багш асрагч нар төрөөс мөнгө авахгүй. Ялгаа байгаа биз... Ийм л байна.

Бид харин балчир үрсдээ шат шатандаа арай л хүйтэн сэтгэлээр хандаж байна. Тэд чинь энэ улсын ирээдүй. Дуугүй суумаар байвч ийм зүйлийг мэдрээд дунд нь үр хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээд явж буйн хувьд үг дуугарахаас өөр аргагүй болох юм.

Оюун Дорждамдин, Карлсрүэ

2020.8.28

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дорж ба Дулмаа

      (66.181.186.106) 2020-08-29 08:19
      • 0
      • 0

      Төрөөс санхүүжүүлэх хүхэд харах үйлчилгээ явуулах эрх хэнд олгогдох уу, төрөөс мөнгөө даалгаж хүүхдээ энд хэн өгч чадах уу гэдэг чинь шат шатандаа хахууль дээр суурилсан эрх мэдэл танил талын асуудал болох юм байна даа. Зүгээр нэг Дорж юмуу Дулмаад ийм үйлчилгээ явуулах эрх олдохгүй бас хүүхдээ төрөөс төлбөрийг нь дааж харуулах завшаан ч ноогдохгүй

      Хариулах