Монголчуудын элсэнд булагдсан ХАР ХОТ

Twitter Print
2020 оны 06-р сар 08-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Элсэн цөлд 500 гаруй жил булаатай байсан “Хар” хэмээх хотын үлдэгдэл эдүгээ Монголын өмнөд хилийн цаана 100 км зайд Өвөрмонголын Алшаа аймаг, Эзний голын эрэг орчимд бий. Хар хотыг цэргийн бэхлэлт байдлаар 1032 онд Баруун Сяо буюу Тангудууд барьсан гэж үздэг бөгөөд 1227 онд Чингис хаан эзэлснээс хойш 150 орчим жил монголчуудын хот болон цэцэглэсэн түүхтэй.

Хар хот нь элсэн цөлийн дунд “ногоон арал” мэт хот байсан ба Хархорум, Хами, Шанду хотуудыг холбосон чухал газар байв. Мөн 1368 онд Тогоонтөмөр хаан Бээжингээс дүрвэн Хар хотод ирж Мин улсын эсрэг байлдахаар цэргийн ихээхэн хүчийг төвлөрүүлж байжээ. Мингийн цэрэг Хар хотын хэрмийг нэвтлэх аргагүй байснаас гадна монгол цэргийн томоохон хүч хамгаалж байсан тул эзэлж чадахгүй байсан гэдэг. Эцэст нь хотын дундуур урсах Эзний голын усыг өөр тийш нь урсгахаар суваг шуудуу ухаж ундны усны эх үүсвэрийг тасалснаар хот усгүй болж эзлэгджээ.

Хар хотыг хамгаалж байсан Хар баатар жанжин гүнзгий нүх ухаж эхнэр хүүхдийнхээ амийг хороон хийгээд дээрээс нь алт эрдэнэсээр дарж нуусан төдийгүй хотыг хамгаалж байсан бусад цэргүүд бүгд амиа егүүтгэсэн гэдэг. Хар хот ийнхүү эзлэгдсэнээс хойш худалдаачид ирэхээ байж, хүн ард ч суурьшихаа байж эзгүйрэн аажмаар элсэнд дарагдан мартагдаж гагцхүү Хар баатарын нуусан алт эрдэнэс л домог мэт яригдсаар иржээ.

Хожим 500 жилийн дараа говь цөлд хаягдаж мөхсөн Хар хотыг судлахаар эрдэмтэн Н.М.Прежевальский, судлаач П.К.Козлов нар экспедици байгуулж, Монголоос Цогт Бадамжаваар газарчлуулан /Хожим Монголын Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга болсон/ 1907 оны 3-р сарын 19-нд Энцин /Эзний/ голын тохойд иржээ. Тэд элсэнд бүрэн дарагдсан өндөр цайз, бүтэн ба бүрэн сүйдсэн хоёр суварга олжээ. Олон тооны үнэт олдворуудыг олсны дотор торгон дээр зурагдсан будда бурханы хөрөг, модон ба металл баримлууд, маш сайн хадгалагдсан 2000 гаруй гар бичмэл, ном, хуйлаастай бичгийг олсон юм.

Суваргын голд төмөр багана бүхий чулуун довжоо засаад дээр нь хүний шавар дүрс 20 гаруйг тавьж, хажууд нь гар бичмэл хуудсуудыг хэдэн зуугаар нь давхарлан өрсөн байв. Суваргын дотор булангаас сууж буй хүний араг яс олдсон бөгөөд судлаачид ямар нэгэн санваартан хүний цогцос, суварга нь түүнд зориулагдсан гэж таамаглав.

Хар хотын элсэн дундаас судлаачид 2.5м өндөр, дугуй хэлбэртэй чулуун байгууламж олсон ба байгууламжийн дээд талд хатуу гадаргуун дээр үл мэдэгдэх бичиг байсан нь гар бичмэлүүд дээрх ханзнуудаас огт өөр байв. Мөн байгууламжийг дугуй дүрс, шулуун шугам бүхий аалзны тор шиг дүрслэлээр чимсэн байсан нь “магадгүй эртний оршин суугчдын ариун шүтээний газар байх, бөө удган нар тэнгэрт өргөл өргөдөг байх” гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Хотын элсийг цэвэрлэтэл ханын зураг гарч ирсэн бөгөөд санваартан, хүн толгойтой загас, хоёр толгойтой шувуу, сүрлэг луу зэргийн дэргэд жижигхэн дүрслэгдсэн хүний зургууд илэрчээ.

Эл судалгааг ид хийж байтал ган гачиг тохиож, хүчтэй газар хөдлөлт ч болоод амжжээ. Нутгийн оршин суугчид, өвгөд хөгшид “харийнхан манай нутагт хөндөх ёсгүй зүйлийг хөндсөнөөс ийнхүү байгалийн гамшиг тохиож байна, Хар хотыг манаж байдаг хамгаалагч сүнснүүдийг хилэгнүүлчихлээ” хэмээн гомдоллож эхэлжээ. Оросын судлаач нар төд удалгүй “малтлагаа зогсоож Монголын газар нутгаас явах” тухай зарлиг гардан авснаар энэхүү судалгаа дууссан гэдэг.

Н.М.Прежевальский, П.К.Козлов нар олж илрүүлсэн олдвор, гар бичмэлүүдээ Санкт-Петрбургийн Газарзүйн нийгэмлэгт аваачсан байна. Бичгийн олдвор дунд “си-ся” буюу тангуд хэлний толь олсон нь бусад гар бичмэлийг тайлж уншихад ихээхэн тус болжээ. Зарим бичигт 1226-27 онд Чингис хаан Тангудыг эзэлж Монголын бүрэлдэхүүнд оруулсныг дурдсан бол зарим хуйлмал бичигт хүн болон тэжээвэр амьтдыг анагаах элдэв эмийн жор бичээстэй байсан гэдэг. Мөн одоо болтол тайлж уншиж чадаагүй, эрдэмтдийн мэдэхгүй хэлээр бичсэн бичээсүүд байсныг судлаачид “Хар хотыг хэрхэн барьсаныг нууцлахын тулд тайлгач нарын үйлдсэн бичээс байх” хэмээн үзсэн юм.

Хар хотыг олсны дараа дэргэд нь түүдэг асаах, хоол идэх, ачаа бараа буулгах, тэр байтугай эмэгтэй хүн хот руу орохыг хориглосон хориг заавар хүртэл гаргажээ. Домгоор бол, хоригийг зөрчвөл Хар хотын хамгаалагч сүнснүүд хилэгнэдэг гэнэ. Одоогоос 100 гаруй жилийн өмнө нутгийн нэгэн малчин эмэгтэй адуугаа хайж энд санамсаргүй ирээд эвдэрхий балгасан дотроос хэлхээтэй хэдэн сувд олж аваад явжээ. Төд удалгүй говийн аймшигт угалз дэгдэж бүсгүйг авч одсон гэдэг. Эл явдлаас хойш хэд хоногийн дараа хотын хажуугаар жин тээж явсан хүмүүс элсэнд дарагдсан өнөөх бүсгүйн цогцсыг олсон бөгөөд гарт нь хэлхээтэй сувд атгаастай байсан аж.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.