
Австралийн засгийн газар коронавирусын цар тахлын улмаас уналтанд ороод буй аялал жуулчлалын салбартаа 1.2 их наяд австрали долларын дэмжлэг үзүүлэх тухай төслийг баталжээ.
Уг төсөлд онгоцны тасалбарын үнийг хөнгөлөх, аялал жуулчлалын жижиг компаниудад бага хүүтэй зээл олгох, Австралийн агаарын тээврийн хамгийн том хоёр компанид санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэх тухай тусгасан байна. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон засгийн газраас баталсан төслийн ачаар дотоодын аялал жуулчлал цэцэглэж, аялал жуулчлалын салбар дахь ажлын байр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Аялал жуулчлал нь Австралийн эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой салбар бөгөөд 2018-2019 онд л гэхэд аялал жуулчлалын салбар Австралийн ДНБ-ий 60.8 их наяд австрали долларыг бүрдүүлж байжээ. Түүнчлэн тус салбарт Австралийн ажиллах хүчний 5 хувь нь харъяалагддаг байна. Коронавирусын цар тахлын улмаас олон улсын хилээ хааснаар Австралийн аялал жуулчлалын салбар уналтанд орсон ба Qantas Airways, Virgin Australia агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ зогсоож, мянга мянган ажилчид нь Австралийн засгийн газраас олгож буй цалингийн нөхөн олговроор амьжиргаагаа залгуулахад хүрсэн билээ. Засгийн газрын баталсан төслийн дагуу Qantas Airways, Virgin Australia компаниудад ирэх 4-р сараас 10-р сар хүртэл 200 сая австрали долларын дэмжлэг үзүүлэх ба энэ нь дотоодын нислэгүүдийг хэвийн горимд ажиллуулж, олон улсын нислэгийн багуудыг цалинжуулахад зарцуулагдах аж.
Qantas Airways компани ирэх 10-р сарын сүүл гэхэд олон улсын зарим нэг нислэгүүдээ эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа ч Ерөнхий сайд С. Моррисон хилээ нээх тухай ярихад эрт байна гэдгийг онцолжээ. Түүнчлэн Австралийн засгийн газрын шийдвэрийн дагуу гадаадын жуулчдын ихээр очдог байсан газруудад хүрэх нислэгүүдийн нийт 800 мянган тасалбарт ирэх 4-р сарын 1-нээс 7-р сарын сүүл хүртэл 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.