Д.Сугар сугарч үлдэнэ

Twitter Print
2013 оны 11-р сар 29-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Жаст групийн захирал Ш.Батхүүг залилангийн хэргээр давхар яллана

Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 160 сая ам.доллар зээлсэн хэрэг олон нийтийн анхаарлыг төвд ороод буй.

Уг хэрэг дэгдэж эхэлснээс хойш УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Ш.Батхүүгийн “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний бичиг баримтад шинжээч томилон шалгуулсан юм. Өдгөө шалгалтын явцад Ш.Батхүү хуурамч баримт бичиг үйлдсэн нь тогтоогджээ.

Хэргийг шалгах явцад Төрийн өмчийн хорооны  даргаар ажиллаж байсан Д.Сугар мэдүүлэгтээ “Стандарт” банкнаас зээл авахад ямар нэгэн байдлаар оролцож, гарын үсэг зурж, тамга дараагүй гэдгээ тайлбарласан бол Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Ерөнхиий сайд асан С.Баяр нар ч мэдүүлэг өгчээ.

Харин Ш.Батхүү бичиг баримт хуурамчаар үйлдэж залилангийн хэрэг үйлдсэнээ хүлээжээ.

Тиймээс  Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилан мэхэлж авсан”, 233 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Хуурамч бичиг баримт ашиглаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхээр халхавчлан суугаа Д.Сугар “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүтэй хуйвалдаагүй гэдгээ ил цагаанаар хэлсэн.

Тэрбээр “Өнгөрөгч 2007 онд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. Энэ гэрээ хэлцэл 2008 онд хэрэгжээд дууссан. Тэр үед бид гэрээ хэлцэл амжилттай хэрэгжиж үйлдвэрт ашигтайгаар дууслаа гэсэн ойлголттой үлдсэн юм. Авсан бүх зээлээ төлсөн” гэх утгатай хариултыг өгч байв. Өөрөөр хэлбэл 2009 оноос хойшхи гурван удаагийн үйлдлээр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан авсан зээлийн баримт бичигт зурагдсан Д.Сугар болон Ч.Ганзориг нарын гарын үсэг хуурамч юм шүү гэдгийг баттайгаар хэлж суугаа. Үүнийгээ ч мөрдөн байцаагчдад тайлбарласан юм.

“Жаст” группийн захирал Ш.Батхүү ч хэвлэлийн хурал зарлан “Стандарт банкнаас зээл авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрийн баталгааг хуурамчаар үйлдсэн нь үнэн л дээ” хэмээн хэнэггүйхэн өчсөн нь бүлэг хэрэг бүр хүндрэхээс зайлсхийж хар толгойдоо хамаг хэргээ үүрэхээр болж дээ гэх хардлагыг төрүүлэв.

Банкны мэргэжилтнүүд ч ардын малчин Б.Дорж, алтны магнат Ц.Мянганбаяр хоёрын банкнаас зээл авах, Европын банкнаас зээл хүсэх хоёр тэмээ ямаа шиг зөрүүтэй. Европын банкны зээлийн судалгаа маш нарийн, баримт нотолгоотой явагддаг тул “Жаст” группийн захирал Ш.Батхүүд “Стандарт” банкныхан хулхидуулсан гэвэл монголчуудаас өөр итгэх хүн гарахгүй гэдэгт мөрий  тавьсан ч алдахгүй гэж хэлэх хүн ч цөөнгүй бий.

Монголчууд 160 сая ам.долларыг нугалж төлөхөд хүрч байна

“Стандарт” банкнынхан Английн Хатан хааны шүүхэд хандаж дэлхийн номер нэг хуулийн фермийг хөлслөн манай “Эрдэнэт” үйлдвэрийн зээлсэн 160 сая.ам доллараа буцаан авахаар ажиллаж байгаа нь тодорхой болсон. “Жаст” группийн захирал Ш.Батхүү хийгээд  Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар хоёрын өмнө нь ярьсан үлгэрийг түр орхиод Арбитрийн шүүхэд дуудагдсанаар бид хэдий хэрийн хохирол амсч болохыг урьдчилан зураглая. Өмнөх практикиас харахад монголчууд Арбитрийн шүүхэд дуудагдаж байгаа тохиолдол анхных биш юм.

Өнгөрсөн жилүүдэд “Алтан Дорнод Монгол”-ын С.В.Паушок хүртэл Монголын Засгийн газраас тэрбум ам.доллар нэхэмжлэн дээрэлхэж байв. Арбитрийн шүүхийн шийдвэрт ямар нэгэн хугацаа заасан зүйл байхгүй учраас Олон улсын практикаас харахад маргаанаасаа шалтгаалаад урт хугацаагаар сунжрах тохиолдол цөөнгүй. Тиймдээ ч Арбитрийн шүүхийн танхимд С.В.Паушоктой үзэлцэхийн тулд эхний ээлжинд гэхэд л өмгөөллийн хөлсөнд бидний халааснаас таван  тэрбум төгрөгийг суйлж байв.

Хоёр жил сунжирсны эцэст шүүх хурал эцэслэгдсэн ч үнэн хэрэгтээ С.В.Паушокын тэрбумын нэхэмжлэлд татварын өрийг тооцох маягаар шийдэж орхисон. Тэгвэл дэлхийн номер нэг хуулийн фирмийг хөлслөн 150 гаруй хуудас хөдөлшгүй баримт бүрдүүлэн Арбитрийн шүүхэд хандсан “Стандарт” банкныхны өмнөөс бид хоосон алгаа хавсраад зогсохгүй нь тов тодорхой. Өөрөөр хэлбэл “Стандарт” банкныхны нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн хэрээр хэргийг өмгөөлүүлж нааштайгаар шийдвэрүүлэхийн тулд манайх мөнгө хаяхаас аргагүй байдалд хүрнэ.

Тэгэхийн тулд мэдээж дэлхийд ядаж эхний аравт бичигддэг хуулийн фирмийг сонгох хэрэг гарна. Эс бөгөөс манайх 160 сая. ам.долларыг хүүгийн хүүтэй нь нийлүүлээд 300 сая ам.доллар хүртэл төлбөрийг төлөх шийдвэрийг Арбитрийн шүүхээс гаргаж таарна. Арбитрийн шүүх ч Монголын шүүхтэй огт адилгүй. Төлбөрийг заавал барагдуулдаг тул бидэнд хулхидах боломж гарахгүй. “Стандарт” банк манай хоёрын маргааныг таслахын тулд дор хаяад бүтэн жилийн хугацаа зарцуулна гэсэн үг.

Ц.Мөнх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.