Европын холбоо ОХУ-ыг “Их-7”-д эргүүлэн нэмэх боломжгүй гэжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 03-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Европын холбооноос эдийн засгаараа тэргүүлэгч орнуудаас бүрдсэн “Их-7”-гийн бүлэгт ОХУ-ыг эргүүлэн нэмэх тухай ямар ч санал хүлээж авахгүй ба АНУ тус бүлгийн дүрмийг дангаараа өөрчлөх эрхгүй хэмээн өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Их-7”-г “маш хоцрогдсон бүлэг улс орнууд” хэмээн тодорхойлж, 9-р сар хүртэл хойшлогдсон “Их-7”-гийн чуулга уулзалтанд Австрали, ОХУ, БНСУ болон Энэтхэг зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүдийг урих хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн билээ. Европын холбооноос мэдээлснээр тус холбоо “Их-7”-г маш чухал ач холбогдол бүхий олон талт бүтэц хэмээн үздэг ба тус бүлгийн нэг гишүүн орон болох АНУ дангаараа “Их-7”-гийн дүрмийг өөрчлөх эрхгүй гэжээ. “ОХУ бодлогоо өөрчилж, “Их-8”-ын бүрэлдэхүүнээр хэлэлцээр хийх нөхцөл бүрдэх хүртэл ОХУ-ыг “Их-8”-аас хассан.

Одоо уг асуудлыг ярилцах цаг биш.” хэмээн Европын холбооноос онцолжээ. 2014 онд ОХУ Крымийн хойгийг нутаг дэвсгэртээ нэгтгэсний дараагаар ОХУ-ыг “Их-8”-аас хассан билээ. ОХУ одоог хүртэл Крымийн хойгийг эзэмшиж байгаа ба АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ыг эргүүлэн тус бүлэгт нэмэх талаар нэг бус удаа дурдаж байсан билээ. Европын холбооноос гадна Их Британи болон Канад улс ОХУ-ыг “Их-7”-гийн чуулга уулзалтанд оролцуулахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Москвагийн зүгээс “Их-7”-гийн чуулга уулзалтанд оролцохыг Ерөнхийлөгч Д. Трамп урьсан явдлыг Вашингтонтой холбогдож тодруулна хэмээн мэдэгдсэн бол Энэтхэг, Австрали, БНСУ “Их-7”-гийн чуулга уулзалтанд оролцох урилга хүлээн авсан гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.