Бусдыг байгаагаар нь ойлго

Twitter Print
2020 оны 06-р сар 06-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

..Хүмүүс бид эгэл жирийн амьдралаа өөрсдөө зовлон болгож хувирган, өрөөл бусдад гомдон хорсож байдаг шалтгааны нэг нь үл ойлголцол.

Хүн болгон энэ ертөнц хийгээд амьдралыг үзэх үзэл болон санаа бодол нь янз бүр. Адил төстэй байх боловч, цавуу шиг яг тал нийлж наалдах нь үгүй. Санал зөрөлдөж байгаа асуудлаар нөгөө хүнээ яг өөртэй нь адил байсангүй гэж бид гомдон хорсдог. Эцсийн мөч хүртэл "өөрийн зөв" гэдэгтээ итгэлтэй байгаа зөрүүд сэтгэл, өөр нэгэн өнцгөөс нь харах хүслийг төөрөгдүүлж, өрөөл бусдад дургүйцэн улмаар үзэн ядах санаа руу чиглүүлж байдаг аж.

"Үгүй ер дөө..." гэж гомдсон сэтгэл аясаар урсах нулимстай холилдохоороо алив зүйлийг уужуу ухаанаар эргэцүүлэх боломжийг шууд л хааж орхино. Багтарсан сэтгэлдээ бусдаас өөрийгөө илүү ухаантай гэж нотлох гэж бухимдах тусмаа, улам улмаар өөрийгөө дорой арчаагүй байдалд аваачна. Дорой байдалд орж буйгаа мэдрэх тусмаа багтран тэвдэх араншин, санаанд оромгүй тэнэг үйлдэл рүү хөтлөх тохиолдол ч бишгүй гарч байдаг.

Хэрвээ чи өөрийгөө нөгөө хүнээсээ "ухаантай" гэж бодож байгаа л юм бол, "тэнэг" түүний хэмжээнд очин маргалдаж өөрийгөө тэнэг байдалд оруулах хэрэг байсан уу? Энэ тухай бид зогтусан боддоггүй. Зөрчилдөж маргалдаж байгаа нөгөө хүнээ заавал давж гарахын тулд "тэнэгтэж" байхын оронд "энэ хүний оюун санааны хэмжээ нь энэ л юм шүү дээ" хэмээн сэтгэлдээ уучлан тайвширч яагаад болохгүй гэж? Эсвэл өөрөөсөө илүү хэн нэгэнтэй зөрүүдэлж маргалдан өөрөө ичгэвтэр байдалд орохын оронд өөрийн дутуугаа ойлгож, зүгээр л инээмсэглэн өөрийн үнэ цэнээ авран үлдэж болохгүй гэж үү?

Заавал өөрийн "зөв" гэдгээ нотлохын тулд зөрүүдэлж, нөгөө хүнээ давж гарахын тулд "тэмээний тухай биш ямааны тухай" хашгичих тусмаа чи өөрийгөө болон өрөөлийн сэтгэлийг хиртүүлэн тарчлаадаг. Хүмүүсийг байгаагаар нь ойлгож, хэмжээгээр нь үлдээх гэдэг тийм ч хэцүү зүйл биш л дээ. "За яахав дээ, энэ хүний маань байгаа нь л энэ юм шүү дээ" хэмээн уучлан бодох бодол нь олон хүмүүсийг утга учиргүй хэрүүл маргааны улмаас өөрийн сэтгэлээ хиртээлгүй, цэвэр хэвээр нь үлдэх боломж юм шүү дээ.

Бусдын санаа сэтгэл, оюун бодол ямар байдалтай байгааг огт анзаарахгүйгээр өөрийн хүсэл, санаа бодлоо тулган хашгичих нь оюун санааны хүчирхийллээс өөр юу ч биш. Монголчууд бид ялих ялихгүй зүйлээс бухимдсан сэтгэлээ бусад руу хорсон тургилж, хүмүүсийг айлгаж ичээн эвгүй байдалд оруулж байгаа нь ердөө л бүдүүлэг араншин, сэтгэлгээний дарангүйлал. Бид үүнийгээ ахуйн ядууралтай холбон учирладаг боловч сэтгэлгээний их ядууралд орсон буйгаа ойлгож хүлээн зөвшөөрдөггүй. Бид өөрсдийн сэтгэл доторхи бухимдлаа өрөөл бусдад заавал гаргах гэж зүтгээд байдаг нь угтаа бол, болж бүтэхгүй байгаа олон зүйлийн бурууг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайж олдог мунхаг араншинтай л холбоотой юм шүү дээ. "Тэнэг мунхаг хүнтэй тэрсэлж бүү маргаж бай" хэмээн өвөг дээдэс минь бидэнд сургажээ.

Зүгээр л тэнэг мунхаг хүмүүсийг байгаагаар нь ойлгож, маргалдаж хэрэлдэлгүйгээр орхиж байх нь сэтгэлээ хиртээхгүй байхад хэрэгтэй. Аажим аажимдаа энэ бүхэн нь өөрөөсөө дорой нэгнийг уучлан бодож, өөрөөсөө илүү нэгнийг бахдан талархаж байхын эхлэл болно. Заавал маргалдаж хашгичихын хэрэг юун. Амьдралд заримдаа ТЭМЦЭЖ БИШ ТЭВЧИЖ ЯЛАХ үе зөндөө. Хүмүүсийг байгаагаар нь л ойлго.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.