
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт Оросын засгийн газрын хуралдааны үеэр ОХУ байгалийн хий нийлүүлсэн төлбөрөө евро, доллар зэрэг валютаар бус зөвхөн рублиэр авна гэдгийг мэдэгдлээ.
Тэрээр, "ОХУ-ын байгалийн хийг импортлодог нөхөрсөг бус улс орнуудаас төлбөрөө оросын рублиэр авах тухай цогц арга хэмжээг байж болох хамгийн богино хугацаанд хэрэгжүүлэхээр шийдлээ." хэмээн мэдэгджээ.
Нөгөө талаас Ерөнхийлөгч В.Путин ОХУ байгалийн хийн экспортынхоо үнийг нэмэхгүй, тухайн улс орнуудтай хийсэн гэрээнд заагдсан үнээр нь нийлүүлнэ гэдгийг онцолж, "Зарим нэг улстай харьцуулахад бид найдвартай түнш, нийлүүлэгч гэсэн нэр төрөө авч үлдэхийг эрмэлздэг." хэмээн дурджээ.
Гаргасан шийдвэр нь зөвхөн төлбөр тооцоо хийхэд хэрэгжинэ гэдгийг онцолж, "Газпром" компанид одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй гэрээнүүдэд өөрчлөлт оруулах үүрэг өгчээ.
Түүнчлэн ОХУ-ын төв банкнаас засгийн газартай хамтран гадаадын хэрэглэгч нарт төлбөр тооцоо хийх, дотоодын валютын зах зээлээс рубль худалдан авахыг ойлгомжтой, ил тод болгож өгөхийг хүссэн байна.
В.Путины мэдэгдсэнээр барууны орнууд евро болон доллараар тооцоо хийх нь ямар ч утгагүй гэдгийг харуулсан аж. ОХУ-ын хувьд энэ сарын эхээр нөхөрсөг бус улс орнуудынхаа жагсаалтыг шинэчилсэн билээ.
Одоогийн байдлаар тус жагсаалтанд АНУ, Канад, Япон, Сингапур, Шинэ Зеланд, БНСУ гэх мэт нийт 50 орчим улс багтаж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.