Манай мангар дарга нар

Twitter Print
2020 оны 08-р сар 20-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Миний мэдэхийн социализмын үеийн дарга нар бол ард түмний нуруун дээр суусан бүдүүдэг харгис мангар дарга нар байлаа. Оросын УАЗ-469 машин хөлөглөөд малчны хотхонд давхиж очоод мал мэнд үү хэмээн мэндлэхчээ аядаад малын ноосны төлөвлөгөө, төл бойжуулах төлөвлөгөө биелүүлсэн үү, нөхөөр хэмээн зандачсан хиймэл загвардсан хэнхэг дарга нар байлаа.

Цэдэнбалын тушаалаар 1959 онд ард түмний хамаг мал сүргийг булаан авч нэгдэл хэмээх ялтай малын ашигггүй байгууллага байгуулчихаад олон жил малчдыг дарлан мөлжиж байлаа. Сум,аймаг, хотын дарга нар, хамгийн дээр нь Улс төрийн Товчоо. Бүгд нэг загварын мангар дарга нар. Хамаг малаа дээрэмдүүлсэн ард олон сүүтэй цай уух эрхгүй байлаа. Хамаг сүүг нь цөцгийн тосны төлөвлөгөө хэмээн хураан авч цөцгийг нь орос цэргийн хүнсэнд өгчихнө, хамаг махыг нь орос цэргийн хүнсэнд өгнө. Сүү ховордоод малчдын хүүхдүүд нь сүү кальцийн дутагдалд орж өсөлт муутай, давжаа биетэй, өвчинд өртөмхий, шүд нь цоорхой болж байлаа.

Аймаг, сумын төвд орон сууцанд зөвхөн дарга нар, тэдний хамсаатнууд л орно. Ард түмэн өмхий модон жорлонтой хашаанд эсгий гэрт насаараа өлөн зэлмүүн амьдарна. Тэдэнд өвлийн түлээ нүүрсээ яаж олох вэ, худгаас усаа яаж зөөх вэ, ажил яаж олох вэ, нэгдлийн даргаас ганц хонь цохуулаад жаахан мах олдох болов уу гээд өчнөөн асуудал. Ард түмэнд ганц эсгий гэрээс өөр өмч байхгүй ядуу хоосон. Дарга нар даврахаас өөр юм мэдэхгүй. Тэдний үр хүүхэд нь хүртэл хамгийн сайхан сургуулийн хуваарь гадаадад авна. Төгсөж ирээд хамгийн сайхан ажил хотод авна. Ардын хүүхдүүд хөдөө хуваарилагдана. Олигтой ажил олдохгүй. Наяад онд зөвлөлтийн нөхдүүд Багануур хотыг байгуулаад нийслэл хоттой холбосон засмал зам бариад өгье гэжээ. Гэтэл Багануур дүүргийн МАХН-ын дарга "Засмал барьж болохгүй. Тэгвэл Улаанбаатараас хотын муусайн панзчингууд ирээд дамын наймаа хийх болно" хэмээн татгалзжээ.

Орчин үед дарга нарын эрх дарх улам нэмэгдэж дарга нар төрөөс төрсөн тэрбумтанууд болжээ. Ганц жишээ хэлэхэд нийслэл хотын ерөнхий менежер байсан, УИХ-ын гишүүн байсан, Хөдөө аж ахуйн сайд байсан Т.Бадамжунай гэгч этгээд нийт 10 тэрбум төгрөгийн үнэтэй 30 орон сууц, үйлдвэр үйлчилгээний байр улсаас хувьдаа завшиж, 31 компани хувьдаа байгуулж өчнөөн тендерт олон зуун сая төгрөгийн авлига өөртөө авч, хүүхдээ Америкад 38 000 ам.долларын улсын тэтгэлгээр сургаж хувьдаа газар тариалангийн том газруудыг авч авилгалын хамгийн том мангасуудын нэг болжээ. Энэ дарга 2000 оноос эхэлж 18 жилийн турш төрийн өндөр албан тушаалаа ашиглаж улсын олон тэрбум төгрөгийн хөрөнгийг хувьдаа завшжээ. Энэ авилгачин луйварчинд монголын хууль хяналтын байгууллага ямар ч арга хэмжээ аваагүй аж. Монголын мангар дарга нар төмөр зам, цахилгаан станц, нефть, зэс, гангийн үйлдвэр барих ажлуудыг 30 жил гацаажээ. Гашуун сухайтын төмөр замыг барих байсан 580 сая доллар хэн нэгэн даргын халаасанд орж овоолоостой шороо үлдээсэн байна.Одоо тэр шорооны зээлийн төлбөрт улс жил бүр 55 тэрбум төгрөг төлдөг аж. Нүүрсээ машинаар зөөхөд нэг тонн тутам 32 долларын зардал гардаг. Хэрэв төмөр замаар нүүрсээ зөөсөн бол нэг тонн тутам 8 доллар болж хямдрах байсан юм. Монголд гадаад орнууд болон олон улсын байгууллагууд 1991-2017 оны хооронд нийт 7 тэрбум ам. долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээл олгожээ. Энэ үлэмж их хэмжээний мөнгө хэн гэдэг даргын ямар компаний халаасанд орсныг хэн ч үл мэднэ.

Япончууд 2003 онд манай нийслэл Улаанбаатар хотод хамгийн хямд зардлаар орчин үеийн Метро байгуулж өгье хэмээн хүсэлт гаргажээ. Манай мангар дарга нар татгалзжээ. Одоо манай мангар дарга нар нийслэл хотод агаарын дүүжин зам тавина хэмээн сүржигнэх аж. 2010 онд хятадууд “Алтанбулаг -Улаанбаатар – Бугат хот”-ын чиглэлд нэг цагт 380 км хурдалдаг хурдны галт тэрэгний зам барьж өгье гэсэн хүсэлт монголын талд тавьжээ. Манай мангар дарга нар татгалзжээ. Одоо болтол монголын төмөр зам цахилгаанжаагүй, ганцхан шугамтай, нэг цагт 50 км хурдалдаг дэлхийн хамгийн хоцрогдсон галт тэрэг хэвээр үлджээ. Энхүүхэнд оршдог манай өмнөд хөрш өвөр монголын Хөх хотод саяхан сайхан Метро шинээр байгуулж чаджээ. Манай мангар дарга нар яагаад улс орноо хөгжүүлдэггүй татгалзаад байдаг юм бол?

Доржийн СҮХБААТАР

2020.08.19

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.