Хөшигийн хөндийд хөндлөнгийн шунал суунаглана...

Twitter Print
2022 оны 02-р сар 15-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Хөл тавьж үзээгүй газартаа хүн гаргаж өгөх гээд очлоо доо. Хөшигийн хөндийг амттай, ач холбогдолтой, ашигтай болгож харагдуулаад, хамаг эрх мэдэлтний арааны шүлсийг алтан шүдтэй нь хавиралдуулаад байх нь аргагүй юм байна, тэр шинэ буудал чинь. Төрийн өмчит компаниа тойроод л түмэн хэлхээ, мянган шахаа үүсгэж, тойрон бүжиглэсээр байгаад тонгоруулаад авдаг жишгээр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг л тавиад туучихгүй юмсан гэж өөрийн эрхгүй бодогдлоо.

Тийм байна, тэнд буудал боссон байна. Хаашаа л харна хана тулчихдаг хуучин буудлаас маань хэд дахин том, бүртгэлийн олон улсын ба орон нутгийн 26 цэгтэй, цаашдаа ч үүнийгээ нэмэх боломжтой, цэнхэр гаригийн агаар мандалд онгоц хөөргөж байгаа нислэгийн компаниудтай цахимаар бүрэн холбогдож, үйл ажиллагааны гэрээ үзэглэсэн... Бүртгүүлэх гээд очиход л бүрэн технологижсон орчин угтаж байна.

Суух онгоцондоо зургаан хоолойгоор алхаад аюулгүй орчихно, хүсвэл унаагаа эндэхийн дулаан зогсоолд сараар орхиод нисч болно, манайдаа гоё бүтээн байгуулалт болжээ. Хөшигийн хөндийд энэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын хүрээнд дулааны станц, цахилгаан станц, Аврах гал унтраах анги, Засварын төв, 24 онгоцны багтаамжтай талбай, шатахууны агуулах гээд 30 орчим барилга байгууламж баригдсан байна. Тэнд үндсэндээ багахан хот байгуулсан байна.

Тэгээд юу гээч? Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал яагаад шүүмжлэлийн бай болоод, шүлсээ үсчүүлэх шалтгаан болоод байгааг ойлголоо. Одоо зүгээр танилтай болгон нь тэнд газартай болох гэж, мэдэлтэй болгон нь энэ буудал руу шахаа хийх гэж, хөрөнгөтэй болгон нь ядаж хаяанд нь ялаа үргээх саравч, хоноод явах буудал барих гэж уралцаж, уралдаж, Зам тээврийн яамаа заамдаж унагаахаас наагуур шүүж, сайдыг нь саваадахаас цаагуур хэлж байна.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын том, жижигт асуудал байхгүй, харин бүрэн дэд бүтэцтэй болчихсон энэ уудам газарт шунасан шуналтнуудад учир их байдаг юм байна. Хүссэн болгонд нь газар өгөөд, шунасан болгон нь шавар тагз овоолоод байвал удахгүй Улаанбаатарын мухар гудамж шиг болно.

Хэрэв тэгвэл Хөшигийн хөндий хүсээд байхааргүй газар болж, хүнд үйлчлэх ёстой энэ байгууламж хөл тавихаас зугтмаар орчин болж хувирна. Үүнийг л хаа хаанаа ухаарч ойлгомоор санагдлаа.

Энэ бүтээн байгуулалтын үнэ цэнийг зориуд унагаах, бодлогоор юу ч биш болгож хувиргах, аажмаар үнэ цэнэгүй гэсэн ойлголт төрүүлж байгаад авдрыг нь тонох, хаяанд нь хамгийн ашигтай бизнесээ шахах, бөөрөнд нь буудал ресторан нээх гэхчлэн нөгөө л бидний мэддэг зуршил эл буудлыг тойрон эргэлдэж байна даа.

Ямартай ч Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар болж, 10 мянган га газар баталсан гэсэн мэдээ бий. Тэр газраа нөгөө алдарт газрын наймаачид нь хувааж зараад, чөлөөт бүс ч үгүй, чөдөртэй морь ч үгүй үлдэж магадгүй л улс шүү. Тэгэхээр юу гээч? Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын үнэ цэнийг буулгах гэж муучилсан болгонд үүнээс хойш итгэхгүй!

Нэг ч гэсэн бүтээн байгуулалтаа үнэ цэнэтэй байлгаж, үүд хаалгаа тордоно шүү. Манайхан өөрсдөө бас хандлагаа өөрчилмөөр байна. Овор ихтэй ачаагаа зориулалтын бус хаалгаар чихээд зүтгэдэг байдал харсаар байтал хэд давтагдлаа.

Жилдээ 3.0 сая хүн хүлээн авах чадалтай, 30-аад дагуул барилга байгууламжтай, бүрэн дэд бүтэц бүхий энэ буудал олон аравны турш гаднаас ирсэн гийчдийн Монголд нэвтрэх хаалга, Монголыг харах нүд, Монголыг дурсах өнгө болох учиртай. Тиймээс ашиг сонирхлын нүдээр харж, аманд нь багтаагүйн төлөө албан тушаалтнууд хоорондоо алалцаад, алуур болгож Хөшигийн хөндийн шинэ буудлыг гоочлоод байх хэрэггүй ээ.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.