50 мянгын торгуулийг 50 саятай, 400 мянган жуулчныг 400 сая жуулчинтай андуурдаг болмооргүй байгаа бол эрдэмд шамд, ном унш!

Twitter Print
2022 оны 08-р сар 17-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

Төрийн ажлын буулга хүнд, хариуцлага өндөр. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүний түвшинд амнаас гарч буй үг бүхэн хийгүй, улс орны, ард иргэдийн төлөө байх ёстой. Үүний төлөө ажиллах гэж л Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зөвлөхүүд, яамд байгаа.

Төрийн бодлого томьёолно гэдэг дээшээ харж байгаад “Аа, ер нь ингэчихье” гээд болчихдог ажил биш. Судалгаанд суурилж, эрсдлийг тооцож, олон талаас нь ул суурьтай хандаж хийх ажил. Гучин жил улс төрчид хөнгөн хуумгай хандсаар, нийгэмд буруу үлгэрлэсээр ирлээ. Хууль батлахад уг нь бол хуулийн төслөө бичихээсээ өмнө асуудлаа судалчихсан, бодитой, хүрэх үр дүнгээ бүх хувилбараар үнэлчихсэн, тодорхой болчихсон төрийн бодлогын томьёоллын дагуу хуулийн үзэл баримтлалаа боловсруулбал л амьдралд хэрэгжинэ.

Шууд л гаднаас аваад, бодит амьдралаа судлахгүйгээр хуулийн зүйл заалт дурьдаад үзэл баримтлал гэж нэрлэх нь зуршил болчихсон. Гадаадад ийм байдаг гэж сэтгэгдлээр баталсан хуулиуд Монголын хөрсөн дээр, амьдралд огт буудаггүй.

Тоо нь гол биш, уг санаачилга нь өөр юм аа гэж зарим нь өмөөрч, өмнөөс нь тайлбарлаж байна. Тоо баримт дурьдах ч бас ялгаагүй л хариуцлага. Засгийн газрын тэргүүний үгийг өөр хүмүүс тайлбарлаж байж, орчуулагчтайгаар нийгэмтэйгээ ойлголцдог байж таарахгүй. Зөвхөн Монгол биш, дэлхий даяар харж ажиглаж байгаа.

Ярих үг, бодлогын томьёолол дээр нь зөвлөхүүд, Хэрэг эрхлэх газар ажиллах ёстой. Ажиллаж чадахгүй байгаа бол хүмүүсээ эртхэн соливол дээр дээ. Нэг хүний биш, бүхэл бүтэн бүтцийн, институцын үйл ажиллагаа, үр дүн харагдах л ёстой юм л даа.

Залуучуудаа, дүү нараа, бүтэлгүй жишээг сайн харж байгаа биз? 50 мянгын торгуулийг 50 саятай, 400 мянган жуулчныг 400 сая жуулчинтай андуурдаг болмооргүй байгаа бол одооноос эхлээд эрдэм мэдлэгийн төлөө тэмц, ном уншиж сур! Ганц хоёр дээд сургууль гадаадад төгсөөд бүгдийг сурчихдаг, чаддаг болчихдог ч юм биш шүү.

Хүн насан туршдаа суралцдаг. Эхлээд өгөгдөл, мэдээлэл, мэдлэг гурваа хамгийн наад зах нь ялгаад сурчих! Асуудлыг системтэй харж, шийдэж сурахын төлөө зүтгэ! Сэтгэгдэлд автаж, уянгалахын оронд мэдлэгээ жаахан тэлэхийг бод... Ирээдүйд та бүхэн ч бас төрийн албанд, улсынхаа төлөө ажиллах биз, шинэ үе жаахан өөр баймаар байна. Тэгээд сайн бод...

Цаг алдахгүйгээр эрдэмд шамд, чанартай сайн ном бүтээлүүдийг сонгож үз. Учрыг нь олохыг оролд.

Унш, унш бас дахин унш...!

Хэдүүлээ уншдаг үндэстэн л болчих юм сан даа...

Б.Энхбайгаль

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.165.91) 2022-08-23 09:20
      • 0
      • 0

      Маш зөв шүү, ирээдүй үеийг сургуульд нь маш сайн уншдаг л болгочихвол тархины тураалд орохгүй шүүдээ............

      Хариулах

    • Батаа

      (66.181.161.8) 2021-11-10 19:10
      • 0
      • 0

      Чи өөрөө жинхэнэ нохойтож бгаа юм биш үү?

      Хариулах