Филиппины сэтгүүлчийг буудан хөнөөжээ

Twitter Print
2022 оны 10-р сар 05-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагт Филиппины нийслэл Манилад нэртэй радио сэтгүүлчийг буудан хөнөөсөн явдалтай холбоотойгоор Филиппины хэвлэл мэдээллийн агентлагууд болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд Филиппины эрх баригчид сэтгүүлчид төдийгүй энгийн иргэдээ хамгаалах чадваргүй байна хэмээн шүүмжилж байна.

Өнгөрсөн даваа гарагийн шөнө орон сууцны хорооллол руу орох хаалган дээр машинтайгаа зогсож байсан 63 настай радиогийн сэтгүүлч Персивал Мабасаг зэвсэглэсэн 2 этгээдэд толгойн тус газар нь 2 удаа буудан хөнөөжээ.

Хэргийг үйлдсэн этгээдүүд хэргийн газраас зугтсан ба цагдаа нар сэжигтнүүдийг олж тогтоох, эрэн сурвалжлах ажиллагаагаа эхлүүлсэн гэжээ.

Түүнчлэн мөрдөн байцаагчид хэргийг үйлдсэн болох шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Филиппины Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлээс, "Хэрэг явдал Манила хотын төвд гарсан нь гэмт хэрэгтнүүд ямар ичгүүр сонжуургүйг, эрх баригчид сэтгүүлчид болон энгийн иргэдээ муу зүйлээс хамгаалж чаддаггүйг тов тодорхой харууллаа." хэмээн мэдэгдэл гаргажээ.

Амиа алдсан сэтгүүлч шүүмжлэл дагуулсан хар тамхины эсрэг дайныг санаачлагч Филиппины өмнөх Ерөнхийлөгч Родриго Дутерте болон одоогийн Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жүниор нарыг шүүмжлэгчдийн нэг аж.

Персивал Мабасагийн аллагын өмнөхөн буюу өнгөрсөн сард Филиппинд мөн л радиогийн сэтгүүлчээр ажилладаг Рэй Бланког хутгалан хөнөөсөн хэрэг гарчээ. Филиппин улс нь хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийд дээгүүр жагсдаг ч сэтгүүлчдийн хувьд ажиллахад хамгийн аюултай газрын нэг хэвээр байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас мэдээлж байгаагаар сүүлийн 35 жилд Филиппинд нийт 187 сэтгүүлч бусдын гарт амиа алдсан ба 2009 онд л гэхэд нэгэн зэрэг 32 сэтгүүлчийг буудан хөнөөсөн хэрэг гарч байжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.