Монгол улс АПЕК-т элсэхэд бэлэн

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс АПЕК-т элсэхэд бэлэн гэдгийг БНХАУ-ын Бээжин хотноо АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд 11 дүгээр сарын 8-нд болсон “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд зочноор уригдан оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Номхон далайн орнуудын удирдагчдад илэрхийллээ.
БНХАУ энэ жил АПЕК-ийг даргалагч орны хувьд санаачилга гарган Монгол, Мьянмар, Бангладеш, Лаос, Тажикистан, Пакистан, Камбож улсын төр, засгийн тэргүүнүүдийг урьж, дээрх яриа хэлэлцээг хийсэн бөгөөд АПЕК-т элсэхийг эрмэлзэгч орны хувьд Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчийн хэмжээнд тус үйл ажиллагаанд оролцсон юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улс АПЕК-ийн зорилго, зарчмыг бүрэн дэмждэг, АПЕК-тай хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа 1993 оноос эхлэн илэрхийлж ирлээ. Энэ бол манай гадаад бодлогын стратегийн зорилт юм. Монгол Улс эдийн засгаа амжилттай хөгжүүлэхэд АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай бүс нутгийн дэд бүтцийн чиглэлд ойр дотно хамтран ажиллах нь чухал хүчин зүйл болохыг тэмдэглэхийн зэрэгцээ манай эдийн засгийн хүч чадал нэмэгдэхийн хэрээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэцийн салбарт АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж байна гэсэн юм.

Манай улс 1993 онд АПЕК /APEC-Asia-Pacific Economic Cooperation/ буюу Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаанд элсэхээр өргөдлөө өгсөн. Үүнээс хойш АПЕК-ийн гишүүн эдийн засгийн удирдагчидтай уулзахдаа энэ хүсэлтээ хэлж, дэмжлэг үзүүлэхийг хүссээр ирсэн. Ихэнх нь гишүүн элсүүлэх асуудал орж ирвэл дэмжинэ гэдгээ амлачихсан байгаа. АПЕК-ийн гишүүн эдийн засаг гэдэг нь манай хоёр хөрш Хятад, Оросоос эхлээд гуравдагч хөрш гэгддэг АНУ, Япон болон бүс нутгийн орнууд болох БНСУ, Сингапур, Малайз, Филиппин, Вьетнам, Тайланд, Индонез, Бруней, Шинэ Зеланд, Канад, Чили, Папуа Шинэ  Гвиней, Перу, Мексик, Австрали, бас Хонконг, Тайвань юм.

Яагаад Монгол Улс АПЕК-т элсэх шаардлагатай вэ гэхээр анх Австрали улсын санаачилгаар 1989 онд байгуулагдсан АПЕК бол манай гариг дээрх хамгийн том худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэл. АПЕК-ийн гишүүн 21 эдийн засагт дэлхийн хүн амын 40 хувь буюу 2.8 тэрбум хүн ам амьдардаг, дэлхийн ДНБ-ий 57, худалдааны 47 хувь ногддог. АПЕК-ийн зорилго бол  энэ бүс нутагт эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, бизнесийг хөнгөвчлөх замаар асар том чөлөөт худалдааны бүс бий болгох. Ингэхийн тулд худалдаа, хөрөнгө оруулалт хийхэд учирч буй саадыг багасгах, улмаар арилгах, гаалийн бүртгэлийг хөнгөвчлөх, стандарт, дүрэм журмыг жигдлэх зэрэг боломжийг гишүүн эдийн засгууддаа олгодог. Наад зах нь гишүүн эдийн засаг орнуудын олон улсын нисэх буудлуудын хилийн шалган нэвтрүүлэхэд “АПЕК-ийн шугам” гэж байдаг. Түүгээр гишүүн орны бизнесийнхэн тусгай карт хэрэглээд визгүй зорчих жишээтэй. Энэ удаа Бээжинд болсон АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн гол асуудал ч “Ази-Номхон далайн мөрөөдөл” санаачилгын хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах, ингэснээр хамтдаа хөгжиж, урагшлах тухай байв.

Өөрөөр хэлбэл манай улсад эдийн засгийн хөгжийн асар том боломж нээгдэж, энэ бүс нутагт зах зээлээ тэлэх, олон улсын дүрэм, журмаар хамтын ажиллагаагаа зохицуулах эрх үүсэх юм. Мөн дэлхийн нийт үйлдвэрлэлийн талаас илүү хувийг бүтээдэг хүчирхэг эдийн засгуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь дэд бүтэц, түүн дотроо худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тээврийн сүлжээ, эрчим хүчний хомсдол, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд байгалийн баялаг, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүд, цаашлаад газарзүйн байрлал зэргээ уялдуулах ач холбогдолтой. БНХАУ-ын Бээжин хотноо АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээний үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин “Торгоны зам” төслийг  хэрэгжүүлэхийн тулд  Хятад улс 40 тэрбум долларын сан байгуулж байна гэдгээ зарлалаа. Энэ сангийн хөрөнгийг Төв Ази болон Энэтхэгийн далай, Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутгийн улсуудын төмөр зам, зам болон бусад дэд бүтцийг санхүүжүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн, манай улс далайд гарцгүй орон хэдий ч Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн дэд бүтэц бүхий газар зүйн байрлалтай, үүнийгээ Ази, Номхон далайн эдийн засгуудтай холбогдох гарц, давуу тал гэж харж байгаа. Үүний тулд бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаа бөгөөд бүс нутгийн дэд бүтцийн сүлжээнд нэгдэх, далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх зам, тээврийн таатай нөхцөл бүрдүүлэхээр идэвх чармайлт гарган ажиллаж байна. Тухайлбал, Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд манай улс нэгдэж, Азийн хурдны замын сүлжээний AH3, AH32 болон AH4 чиглэлийн замуудыг манай улс өөрийн нутагтаа барьж байгуулах үүрэг хүлээж, санаачилга гарган ажиллаж байна. Олон улсын шинэ нисэх буудал 2016 онд ашиглалтад орно. Энэ буудал Монгол Улс нь Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх зангилаа болох боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Мөн улсын хэмжээнд нийт 5600 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөснөөс эхний болон 2 дугаар үе шатны 1800 км төмөр замын суурь бүтцийн ажлыг эхлүүлээд байна. Нөгөөтэйгүүр, Орос, Хятадыг холбосон автозам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг багтаасан “Талын зам” төслийг хэрэгжүүлэх ажилд Монгол Улс нэг оролцогч нь байж, хамтран ажиллахад бэлэн байгаа билээ.

Тиймээс Монгол Улс АПЕК-т элсэхийг гадаад бодлогынхоо зорилт болгож, 20 гаруй жил хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. Харамсалтай нь АПЕК 1998 оноос хойш гишүүн эдийн засаг нэмж элсүүлээгүй, цаашид ч хэзээ гишүүн элсүүлэх нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ удаа Ерөнхийлөгчийн хэмжээнд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцсон нь Монгол Улс элсэхэд бэлэн, АПЕК-тай хамтран ажиллах эрмэлзлэл дүүрэн байна гэдгийг гишүүн эдийн засгийн удирдагчдад нотолсон, бас сануулсан хэрэг боллоо. АПЕК хэзээ гишүүн шинээр элсүүлнэ, түүний   эхний эдийн засгуудад Монгол Улс багтах магадлалыг энэ удаагийн оролцоо нэмэгдүүлж байгаа юм.

Мэдээж АПЕК гишүүнчлэлийн шалгууртай. Үүнд нь Ази-Номхон далайн бүс нутагт байрлах, АПЕК-ийн гишүүдтэй худалдаа, эдийн засгийн өргөн харилцаа тогтоосон, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэдэг байх гэх мэт багтана. Монгол Улс эдгээр шалгуурыг бүрэн хангаж байгаа. Тухайлбал, манай улсын гадаад худалдааны нийт эргэлтын 86 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь АПЕК-ийн гишүүн эдийн засгуудад ногддог. Түүнчлэн 2000 оноос хойш АПЕК-ийн гишүүдийн жишгээр Худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалын төлөвлөгөө гарган ажиллаж ирсэн юм.

Ш.Батболд

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lorene

      (188.143.232.27) 2016-11-18 10:20
      • 0
      • 0

      I can't hear annyhitg over the sound of how awesome this article is.

      Хариулах