Улс орнууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалж байна

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Беларусь-Польшийн хил дээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Европын холбооноос Минскийн эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг ХБНГУ дэмжиж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Хайко Маас мэдэгджээ. Тэрээр, "Цагаачдыг хууль бусаар улс төрийн зорилготойгоор оруулж ирэх үйл явцад оролцож буй бүх хүмүүсийг шийтгэх болно." хэмээн мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар Беларусийн эрх баригчид ямар ч ичгүүргүйгээр цагаачдыг ашиглан Европын холбооны улс орнууд тэр дундаа Польш, Литва улсад дарамт шахалт үзүүлж байгаа аж. Хайко Маасын мэдэгдсэнээр Европын холбоо Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ сунгаж, дахин нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хэлэлцэх ба Европын холбоо цагаачдыг тээвэрлэх үйл ажиллагаанд оролцсон бусад улс орнууд, агаарын тээврийн компаниудын эсрэг арга хэмжээ авахад бэлэн байгаа гэжээ.

Тэрээр, "А.Лукашенкогийн хүнлэг бус ажиллагаанд оролцсон хэн ч шийтгэлгүй хоцрохыг хүлээн зөвшөөрөхгүй. Европын холбоог сүрдүүлж, заналхийлж болохгүй." хэмээн онцолжээ.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мөн л Европын холбооны удирдлагуудаас Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахыг хүсэхээ мэдэгдсэн ба Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өнгөрсөн мягмар гарагт Польшийн парламентын өмнө хэлсэн үгэндээ, "А.Лукашенкогийн явуулж буй ажиллагааны гол зохион байгуулагч нь Москвад байгаа. Тэр нь ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин." хэмээн мэдэгджээ.

Тэрээр ОХУ болон Беларусь улс хамтран Европын холбооны тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдож байна хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн Польшийн төрийн тэргүүн Беларусь руу хууль бус цагаачдыг тээвэрлэж буй агаарын тээврийн компаниудын онгоцнуудыг Европын холбооны улс орнуудын агаарын бүсээр нисгэхгүй байх санал гаргаад байгаа аж.

Өнгөрсөн даваа гарагт Польшийн хилийн зурвас руу Беларусийн талаас Европын холбоо руу нэвтрэх гэсэн хэдэн зуун цагаачид орж ирсэнтэй холбоотойгоор хоёр улсын хил дээрх нөхцөл байдал хурцдсан юм.

Сүүлийн хэдэн саруудад Беларусь улсаар дамжин Европын холбоо руу нэвтрэх гэсэн олон тооны хууль бус цагаачид тэдгээрийн дийлэнх нь Ойрх Дорнодын улс орнуудын иргэд Польш, Литва, Латви улсын хилээр нэвтрэхээр хэдэн зуугаараа цуглараад байгаа билээ.

Беларусь-Польшийн хил дээр гацсан цагаачдын дийлэнх нь Ойрх Дорнод, Азийн орнуудаас гаралтай залуу хүмүүс байгаа ба тэдгээрийн дотор эмэгтэйчүүд хүүхдүүд ч байгаа юм.

Тэд хоёр улсын хил дээр майхан барин хоноглож байгаа ба шөнөдөө цаг агаарын хэм Цельсийн 0 хэмээс доогуур байгаатай холбоотойгоор хэд хэдэн хүн амиа алджээ. Европын холбоо, Балтын тэнгисийн орнууд хил дээр нь эмх замбараагүй байдал үүссэн явдалд Минскийг буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Холбоотой мэдээ: 

Беларусийн эрх баригчид Польшийн хил рүү 1000 орчим цагаачдыг буцаалаа - http://mongolcom.mn/read/16256

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.