АН бол ХАР ЗАХ

Twitter Print
2015 оны 11-р сар 18-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан  нам   зүгээр  л  улс  төрийн  наймааны  хамгийн  том  хар  зах  болчихжээ  гэдгийг  Н.Алтанхуягийн  Засгийн  газрыг  унагаснаас  хойш  болж  өнгөрсөн үйл  явдлууд   харууллаа.  Албан  тушаал, эрх  мэдлийн  хамгийн  том  наймаанууд   энд  болж  байна. Цааш  цаашдаа  ч  үүнийгээ  батлан  нотлох  үйл  явдлууд  өрнөнө.  Тэнэг  биш  бол  монгол  хүн  бүр  энэ  бүхнийг  мэдэхийн  дээдээр  мэдэж  авсан. Улс  төр  гэдэг  тун  ч  хатуу  тоглоом  хэдий  ч  ийм  эрээ  цээргүй, жудаггүй  байж  болохыг   улстөрчид  ч  өөрсдөө  тааварлаж  чадалгүй  таваргаж  явсныг  бид  харлаа.  Лав  л  Женко  хийгээд  МоАХ,  Р.Амаржаргал  хийгээд  МҮДН-ынхан  энэ  удаа  З.Энхболдод  эрүүгээ  мултартал  муруйлчихлаа. Өдий  олон  жил  улс  төрд  явахдаа  ухаан  суугаагүй  л  байж  дээ  муруйлчихдаг   хэдэд.  Магадгүй  Ч.Сайханбилэг  дараагийн  Засгийн газрыг  тэргүүлж  таарах  байх.  Баараггүй  л  дээ.  Гэхдээ  ийм  шийдэлд  хүрснээрээ   АН –ын  дотоод  зөрчил   улам  нэмэгдэх   нь  дамжиггүй.  З.Энхболдын  хэлж  байгаа  шиг  Ч.Сайханбилэгийг  гаргаж  ирснээрээ  намынх  нь  том  толгойлсон  фракцуудын  “хэмхэлдээн”  зогсоно  гэвэл  гонжийн  жоо.  Бүр  энэ  үйл  явдлаас  улбаалан  харин  АН  задарч ч  болзошгүй.  Нам дотроо   хамгийн  том  эрх  мэдлийг  авсныхаа  дараа  З.Энхболд   үнэндээ  Р.Амаржаргалыг  ганцхан  “тийрээд”  тоглоомноосоо  гаргачихсан. Тэрбээр  шууд  л  цааш өрнөх өөрийн  тоглоомын  дүрмээ  зарлан  тунхаглалаа. Нэгэнтээ  АН-ын  ҮЗХ-ны  анхны  хурлын  өмнө  буюу  намынхаа даргын  тамга,  тэмдгээ  авахаасаа  өмнө  АН-ын  УИХ  дахь  бүлгээс  Р.Амаржаргалыг  Ерөнхий  сайдад  нэр  дэвшүүлэхдээ  “... Энэ  удаа  бид  бүлэг,  фракцуудын  зөрчилдөөнгүйгээр  анх  удаа,  улс  орныг   хямралаас  гаргаж  чадах  хүнийхээ  нэрийг  зуун  хувийн  санал  нийлж   дэвшүүллээ...”  гэж  хэлж  байсан  бол  яг  энэ  үгээ  АН-ын  дарга  болсныхоо  дараа  Ч.Сайханбилэгийн  нэрийг   Гүйцэтгэх  Зөвлөлөөсөө  Ерөнхий  сайдад  дэвшүүлэн  Р.Амаржаргалыг   “няслахдаа”  Ч.Сайханбилэгт  зориулж  хэллээ. З.Энхболдын  нүүрний  арьс  ч  зузаан  юм аа. Хамгийн  гайхалтай  нь  Ч.Сайханбилэгийг  Ерөнхий  сайд  болгох  байсан  юм  бол  Н.Алтанхуягийг  огцруулах  ямар  хэрэг  байсан  гэж.  Энэ  хоёр  нэг  буулганд  хөллөгдөөд  нэг  санаагаар  нэг  зүгт  “тэргээ” чирч  явсан  хоёр  шүү  дээ. Аливаа  Засгийн  газрын  нэг  онцлог  буй.  Тэр  нь  багийн  зарчим.  Алдаа  гаргавал  танхимаараа  хариуцлагаа  хүлээдэг  болохоос  биш  хэн  нэгэнд  нь   энхийн   цагаан  тагтаа  болж  үлдэх  боломж  гэж  байдаггүй.  Тэр  тусмаа  Ч.Сайханбилэг  бол  Н.Алтанхуягийн  Засгийн  газрын  бодлогыг  боловсруулж, хэрэгжүүлж  байсан  гол  хүн нь  байсан  шүү  дээ. Тэгэхээр  аль  ч  талаасаа  Ч.Сайханбилэгийг  Ерөнхий  сайдад  нэр  дэвшүүлсэн  нь  зөөлнөөр  хэлэхэд  маш  муухай  харагдаж   байна. Өөрөөр хэлбэл  нэр  дэвшүүлж,  нэр  дэвшиж  байгаагийн  хэн  хэн  нь  хэтэрхий  “манъяак” авиртай    юм  гээч.  

Энгийнээр  бол  Н.Алтанхуяг  дандаа  буруудаж  явахад  нь  Ч.Сайханбилэг  мэдэж  байсан  мөртлөө  л  зүтгүүлээд  байсан  байж. Улс  орныг  хямруулаад  байхад  нь  л  Ч.Сайханбилэг  өөрөө  Ерөнхий  сайд  болохоо  хүлээгээд   хэлэхгүй  яваад  байсан  юм  байна  гэдгийг  түүний  ҮЗХ-ны  хурал  дээр  хэлсэн  үгнээс  ойлгогдлоо  л  доо. Энэ  лав  монгол  хүнд  байх  зан  яавч  биш ээ.  Уг  нь  мань  хүнийг   харьцангуй  боловсрол, мэдлэгтэй,  улс  төрийн  туршлага,  зангарагаа  зүгээр   нэг  хөгийн  үйлдлээр  шороотой  хольж  хутгаад  байхааргүй  хүмүүжилтэй  “жентельмен” гэлцдэг  ч  бас  биш  юм аа. Тэрбээр  мөрийн  хөтөлбөрөө   хэдийд  ч  амжуулчихсан  байсан  юм.  ҮЗХ-ны  гишүүддээ  ярихдаа “Би  Ерөнхий  сайд  болвол  улс  орноо   энэ  хямралаас  гаргана” гэж  маш  тодоор  амлалаа.  Хэрхэн  гаргах  бэлэн  жор  тэгэхлээр  түүнд  байсан  байх  нь  тийм  үү.  Өмнө  нь  Н.Алтанхуяг  гэсэн  капитаны  жолоодсон  хөлөг  онгоц багаараа  далайд  төөрчихөөд  байхад  уг  хөлгийн    боцман  байсан  Ч.Сайханбилэг   хаана  хуурай  газар,  арал  байгааг  мэдсэн  мөртлөө  багийнхнаасаа  газрын  зургаа  нуугаад  яваад  байсан    байна  л даа.  Өөдгүй  ч  эр  юм  даа. Үүнээс  өөрөөр  түүнийг  ойлгох, тайлбарлах  арга  лав  алга. Магадгүй  шинээр  байгуулагдах  Засгийн газар  нэг  их  удаан  наслахгүй  ч  байж  мэднэ.  Монгол Улсын  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржийн хэлснээр  Золиосны  засгийн  газар   байх  учраас  тэр.  Ч.Сайханбилэг  Ерөнхий  сайд  болох  нь  Н.Алтанхуяг  эргээд  болж  буйтай  ямар ч  ялгаагүй  хэрэг.  Ер  нь  тэгээд  яах  гэж  Шинэчлэлийн  Засгийн  газрыг  унагасан  юм  вэ?  З.Энхболд  үүний  учрыг  мэдэхийн  дээдээр  мэдэж  байгаа. Тэрний  дараагийн  нүүдэл  эндээс  эхлэнэ.  Нэгэн  цагт  Монголдоо   л  Путин  болж  тодрох  аваас  гайхах  хэрэггүй  ээ.  Монгол  хувилбарын   Путин  бидэнд   хэрэгтэй  бол  гарцаагүй  байж  чадах  улстөрч  нь  мань  “Зийхэн”  эр  мөн  л  дөө. Энэ  бол  жич  асуудал. Ямар  ч   байсан  Ч.Сайханбилэгийн  Ерөнхий  сайд  болно  хэмээн  зүтгэж   байгаа  мораль  засаглалын  хямралыг  улам  даамжруулахаар  болчихлоо. Түүнийг  МАН  лав  хүлээн  зөвшөөрөхгүй.  Зөвшөөрөхгүй  гэдгээ  ч  МАН-ын  УИХ  дахь  намын  бүлэг,  Удирдах  зөвлөл  нь  илэрхийлсэн.  Нэмэгдэхүүний  байрыг  өөрчлөхөд  нийлбэрийн  чанар  өөрчлөгддөггүй  гэдэг   теоромоор  МАН-ынхны   байр  суурь  ийм  байхаас  аргагүй. Тэд  Ч.Сайханбилэг  бол  Н.Алтанхуяг  гэж  харж  байгаа  нь  үгүйсгэшгүй  үнэн. Тийм л юм  чинь. Тэд  түүний  Засгийн газар  байгуулагдвал  огцруулах  асуудлыг  дахиад  тавих  болно.  

Хэрэг  явдал  нэгэнт  ингэж  өрнөх  болохоор Ч.Сайханбилэг   Шинэчлэлийн  Засгийн  газрынхаа   танхимыг  хуучнаар  нь  бүрдүүлээд  явах  хэрэгтэй  ш  дээ. Юу  нь  болохгүй  байх  гэж. Хөлгөө  хуурай  газар  хүргэхээ    мэдэж  байгаа  гэж  тэр  өөрөө  хэлсэн  биз  дээ.

Уг  нь  Монгол  Улс,  монголчуудын  амьдрал  өөдлөн  дэвжих  маш  том  боломж  дэлгэгдсэн  хэдий  ч  улстөрчдөд   маш  ашиггүй  байдаг  бололтой.  Улс  орны  эрх ашгийг  нэгдүгээрт  үнэхээр  л эрэмбэлдэг  юм  бол  бие  биенээ  хэдэн  үеийнх  нь  удам  судраар  мэдэх,  бараг  хоорондоо  садан  төрөл,  худ  ураг  болчихсон  улстөрчид  хоорондоо  ойлголцохгүй  байх  шалтгаан  бараг  үгүй  баймаар. Мань  нөхдүүд  тэгээд   хүчээр  ч  болтугай  хямрал, мухардал,  тээг  саадыг  бий  болгоод   түүнээсээ  зөвхөн  өөрсдөдөө  унац  унагаасан  ийм   зарчмаар   цааш  хэр  удаан  явж  чадах  бол.  Монголчууд  энэ  бүхнийг  бас  хэр  удаан  тэсвэрлэх  бол.  Хэн  хариултыг  нь  өгч  чадах вэ?   

Нийтлэлч Даваадорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.