
Хятадын Гадаад харилцааны сайд Чин Ган сүүлийн 23 хоногийн турш олон нийтийн өмнө ил гараагүй нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Өнгөрсөн 12-р сард Гадаад харилцааны сайдаар томилогдсон түүнийг Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний ойрын хүн хэмээн тодорхойлж байсан билээ.
57 настай Чин Ган хамгийн сүүлд 6-р сарын 23-нд ил гарсан бөгөөд удаан хугацаагаар олон нийтийн өмнө ил гараагүй нь гадаад дотоодын дипломатууд төдийгүй Хятадын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Гадаад харилцааны яамны төлөөлөгч Мао Нин түүнд Гадаад харилцааны сайд Чин Ганы хаана байгаа тухай мэдээлэл байхгүй хэмээн мэдэгджээ.
Хятадад төрийн дээд албан тушаалтнууд ямар ч тайлбаргүйгээр алга болж, хэсэг хугацааны дараа ил гарч ирдэг, эсвэл хэрэгт шалгагдаж байгаа нь тодорхой болдог явдал элбэг юм.
2012 онд Хятадын төрийн тэргүүнээр томилогдохоосоо өмнө Си Жиньпин олон нийтийн өмнө ил гаралгүй удсан нь тухайн үед түүнийг эрүүл мэндийн асуудалтай болсон эсвэл Хятадын Коммунист намын дотоод асуудалд орооцолдсон гэх таамгууд гарсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гадаад харилцааны яамнаас Чин Ганыг Индонезид болох дипломат уулзалтанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцохгүй хэмээн мэдэгдсэн ба түүний оронд тус уулзалтанд Коммунист намын Төв хорооны Гадаад харилцаа хариуцсан хорооны дарга Ван И оролцсон аж. Түүнчлэн Хятадын Гадаад харилцааны сайдын Европын холбооны Гадаад харилцааны бодлогыг хариуцсан дарга Йосеп Борреллтэй хийх уулзалтыг Хятадын талаас хойшлуулсан ба Европын холбоонд энэ талаар Бээжинд хийх айлчлалаас нь хоёрхон хоногийн өмнө мэдэгджээ.
Өнгөрсөн даваа гарагт Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутертетэй хийсэн уулзалтанд ч оролцсон төрийн дээд албан тушаалтнууд дунд ч мөн Гадаад харилцааны сайд Чин Ган байгаагүйг ажиглагчид онцолж байна.
Сүүлийн долоо хоногийн турш Хятадын хамгийн том хайлтын систем болох Байду-д Чин Ганы нэрийг хайх явдал 5000 хувиар нэмэгдэж, Хятадын алдартай одуудын нэрсийн хайлтаас ч давжээ.
Нийгмийн сүлжээ хэрэглэгчид Чин Ганыг гэр бүлээс гадуурх харилцааны асуудлаас болж шалгаж байгаа гэсэн таамгийг хамгийн ихээр ярьж, бичиж байгаа аж.
Тэрээр Хятадын түүхэнд Гадаад харилцааны сайдаар хамгийн залуугаараа томилогдсон албан тушаалтан бөгөөд сайдын албан тушаалд томилогдохоосоо өмнө БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайдаар 2 жил орчим ажилласан юм.
Чин Ган Гадаад харилцааны яамны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний гадаадад хийх айлчлалыг зохион байгуулах, түүнтэй ойр ажиллах боломжийг олгосон аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.