УРТЫН ДУУ -УЯРАЛ, УХААРЛЫН УНДАРГА

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

Бидний өвгөд цагийн эрхийг дагаж, нүүдлийн эвийг харж орчлонгийн тоосыг хөдөлгөхдөө юу эсийг үзэж, хатуу бэрх юу эсийг туулсан гэх вэ! Жилийн дөрвөн улиралд морин дэл дээр дарцаглаж, урт холын аянд тэмээн жин хөдөлгөж, ойр зуурын явдалдаа хайнагийн шар, монгол шар хөллөсөн хөдөөх цөлх өвгөд минь, мартагдаж гээгдсэн дээдэс минь өрнөдийн зарим хүмүүсийн ойлгодог шиг, өнөөгийн бидний боддог шиг мунхарсан болхи хүмүүс огтоос байсангүй.

Хойчийн та нар минь өвгөд дээдэс биднийгээ юухнаас ч бол ухаараасай даа гэсэн шиг үлдээсэн бүхэн нь өнөө эргээд үзэхэд энгийн биш, идийн юм шиг санагддаг. Нүүдэлчний соёл, өвгөдийн ухаан цаглашгүй. Монголын нүүрийг хорвоод тахлах, нэрийг нь өнө хойчид хүргэх амь бөхтэй ганц гарцаагүй дархлаа гэвэл чухам нүүдэлчний ахуй ч байж мэднэ.

Хэдий үед, хэний хүү хэн гэгч нь уяран хайлан догдолж, ухааран сэнхрэн байж, энэ дууг зохиогоо бол, хэрхэн яаж аялан дуулж байгаа бол доо хэмээн сонсох бүрд автан бодохоор уртын дуу тэр тусмаа, өрнөдийнхий нэрлэдгээр, цаг хугацаанд эс захирагдах, цагийн эрхшээлд үл автах хайрын дуу, зориулалт дуу, үдшийн аялгуу хэмээгч серенада ч гэмээр, ямар бишрэм үгтэй, яасан баясам аялгуутай байна вэ!

Ганцхан зүйлийг онцлоход л, дурлаж хайрласан бүсгүй хүнээ юутай гоёхон, ямархан дэгжин чамихнаар илэрхийлнэ вэ! “Хойноо сүлжсэн хоймсон хар гэзэг”-тэй тэр монгол бүсгүй нь “хоёр алаг нүдээ тормолзуулсан” “цэвэр гоолиг”, “уран гол шиг эрвэгэр”, “цэгцхэн зантай” “дэгжин хонгор” бүсгүй юм байжээ.

“Гэрийн сүүдэрт суугаад гэзгий нь илдэг” тэр л жаахан алдрайгаа “нүүдлийн холоос харахад нүдээр дүүрэн нулимстай” явдаг санж. “Эгмэнд наалдсан чиний минь ингэн хоёр нүд” хэмээн гагц монгол хүн л илэрхийлж чадах, ойлгож болох эгэлгүй үгээр энхрийлж, “сэтгэлийн дундаас тодорхой миний нэгэн алдрай” хэмээн хайрлан санагалзаж, “жаахан түүний харц нь олны дундаас тормолзох”-ыг нь алдахгүй анзаарч, “дун цагаан шүд нь уруул дундаа тодорно, дуран хар нүд нь сормосон дундаа тормойно” хэмээн бахдаж байх жишээтэй.

“Салхин талаасаа ганхахад, сэтгэлийн лянхуа сэргэнэ”, “алиман шугуйн бургас альхан талдаа ганхана вэ” хэмээн “завсар үгүй санагдагч тэр л нэгэн алдрай”-гаа сэвшээ төдий анзааран санан мөрөөдөж, “царайлаг төрсөн чамтайгаа цаашаа ч гэсэн уулзана” хэмээн хүсэл зоригоо хээгүй гүдэсхэн илэрхийлж байх юм.

“Яшил гэдэг мод яасан хатуу мод вэ, ямар хүний үр ийм хол суудаг вэ” хэмээн арга тасран өгүүлэх хэр нь сураг сонсохын төдийдөө “хол тэнд суувч чихэн дор минь чимэг” хэмээн баясаж, “ганцхан хайртай чамдаа газрын холоос зорино” гэсээр “агт морь сульдаагч арвин шар тал”-ыг туулан, өдөртөө бол “хол газрын зэрэглээ нь хө, хонь шиг мал шиг торолзох”-ыг харсаар, шөнөдөө бол “гурван марал гудайхад” ч, “долоон бурхан тонгойход” ч унтаж амрахыг мартан, “хун төөрөм будантай, хулан цангам говь”-ийг туулан ергүүлсээр, “дөч хоногийн замыг дөрөөн дээрээ туулан” зорьсон амрагтаа ирдэг байх юм.

Гэтэл бас сэтгэл гэдэг жолоогүй юмсанж. “Дэрвээд байгаа дээврийг дээсээр даруулаад тогтооно, дэнслээд байгаа сэтгэлийг одоо юугаар тогоох вэ, буйлаад ирсэн тэмээгий нь бурантгийн үзүүрээр тогтооно, булгилаад байгаа сэтгэлийг одоо юугаар тогтоох вэ” хэмээн гарт баригдаж, юуханд ч бол торохгүй сэтгэл гэгчийг яах вэ, хэрхэн яаж номхотгох вэ хэмээн арга тасрах үе ч байдаг санжээ.

“Хоёр сэтгэлийн дунд хатгаа хаанаас ороо вэ” хэмээн гайхширч, “алтан тэвнийн сүвэгчийг сэтэрнэ чинээ санаагүй” хэмээн зүрхнийхээ гүнээс халаглаж, “адил хүний үр байтал сэтгэл нь юундаа гажина вэ” хэмээн өөрийн биетэйгээ өрөөлийг жишсэндээ харуусч, “нуугаад суугаад уйсан чиг нулимсны минь гарз уу даа” хэмээн ухаарсан хэр нь “хоносонгүйгий нь бодохоор хоёр нүдэндээ нулимстай” хоцорч ч байх юм. “Аргагүй түргэн дассан юмсан ард нь төвөг болчих уу за” хэмээн өндгөө дарсан бүргэд шиг өмгөөлж явснаа бодож, “арын цагаан дэрсийг нална гэж санасангүй” хэмээн хайрын хүчинд байгалийг хүртэл хувиралгүй юм шиг бодож байснаа “өндөр уулын оройд ус яагаад тогтох вэ, өргөн далайн дунд түймэр яагаад асах вэ” хэмээн ус байгаад ч урсгаж дийлэхгүй, түймэр дэгдээд ч шатааж барахгүй өнө мөнхийн юм гэж цаана нь бий хэмээн уужран бодох ажээ.

Хүн гэгч хосгүй бодьгал сэтгэл гэгч хөлгүй далайд үйх вий хэмээн сэргэмжилж, “Ооны хоёр эврийг ороож зангидаж болохгүй, орчлон хорвоогийн ёсыг огоорч мартаж болохгүй” хэмээн учирлаж сургасаар хайрын тухай уртын дуу хангинаж цангинан уянгалсаар үл дуусч, эс жаргахын идийг олон дуурсах авай.

Уртын дуу гэгч энэ ид шидийн гэмээр хорвоогийн хосгүй бүтээлийг монгол хүнээс өөр хэн ч зохиогоогүй, орчлонгийн өөр хаана ч дуулдаггүй гэцгээх юм.

До.Чулуунбаатар

2021. 11. 10

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.