
Америкийн Үндэсний Сансар судлалын агентлаг НАСА-гийн "Персеверанс" робот Ангараг дээр амжилттай газарджээ. "Персеверанс" роботыг тээсэн Атлас-5 сансрын хөлөг онгоц 2020 оны 7-р сарын 30-нд хөөрсөн ба хагас жилийн дотор Дэлхийгээс Ангараг хүртэл 500 сая километрийг туулсан аж.
Ангараг нь сартай харьцуулахад өөрийн гэсэн агаар мандалтай учраас тус гараг дээр газардах нь амаргүйд тооцогдох ба Ангараг дээр газардах оролдлогуудын 40 орчим хувь нь л амжилттай болдог аж. Хэдэн зуун сая километрийн зайд байгаа учраас "Персеверанс" роботоос илгээсэн дохио дэлхий дээр 10 минутын хоцрогдолтой ирж байгаа гэдгийг НАСА онцолжээ.
"Персеверанс" робот нь камер, автомат гар, өрөм, лазер зэргээр тоноглогдсоноос гадна тус робот дотор НАСА-гийн инженерүүд 2 кг хүрэхгүй жинтэй жижиг нисдэг тэргийг суурилуулсан ба уг нисдэг тэрэг Ангараг дээр амжилттай нислэг үйлдэж чадвал Дэлхийгээс өөр гараг дээр нислэг үйлдсэн анхны нисдэг тэрэг болох юм. "Персеверанс" робот ирэх 2 жилийг Ангараг гараг дээр малтлаг өрөмдлөг хийж, тус гараг дээр амьдрал байсан эсэхийг судлах юм.
Ангараг дээр газардсан "Персеверанс" роботноос Дэлхий руу Ангараг дээр авсан анхны 2 гэрэл зургийг илгээсэн ба уг гэрэл зургуудаас "Персеверанс" робот тэгш гадаргуутай газар газардсан нь харагдаж байна. "Персеверанс" робот нь Ангараг дээр амжилттай газардсан НАСА-гийн 2 дахь робот болж байгаа юм. Анхны "Кюриосити" робот нь 2012 онд Ангараг гараг дээр газардаж байсан билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.