ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 16 дахь хэвлэлийн хурал болж өнгөрлөө

Twitter Print
2020 оны 12-р сар 18-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Жил бүрийн 12-р сард болдог ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн хурал өчигдөр болж өнгөрлөө. Тэрээр өөрийн Нового-Огарево эдлэнгээс цахимаар холбогдож, сэтгүүлчид болон иргэдийн нийт 68 асуултанд хариулсан байна. Хэвлэлийн хурал нийтдээ 4 цаг 29 минут үргэлжилжээ.

Хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин коронавирусын цар тахал, нийгэм эдийн засаг, гадаад харилцаа зэрэг асуудлуудыг хөндөсөн асуултуудад хариулт өгсөн байна. ОХУ-ын эдийн засаг хөгжиж буйг илэрхийлж буй хамгийн гол үзүүлэлт нь ОХУ-ын төсвийн 70 хувийг газрын тос, байгалийн хийн салбараас бусад салбаруудын ашиг орлого бүрдүүлж байгаа явдал гэдгийг Ерөнхийлөгч Владимир Путин онцолсон байна. Түүний хэлж байгаагаар ОХУ газрын тос, байгалийн хийн салбараас бүрэн биш ч хэсэгчлэн хараат бус болж байгаа аж.

Коронавирусын эсрэг вакцины хувьд В. Путин өөрийн насанд тохирсон вакцин гарсан даруйд коронавирусын эсрэг вакцинд хамрагдана гэдгээ дурдсан байна. Түүнчлэн ОХУ-д цаашид дахин хөл хорионы дэглэм тогтоох төлөвлөгөө байхгүй ба 2021 оны эхээр ОХУ-д коронавирусын эсрэг хэдэн сая тун вакцин бэлэн болно гэдгийг мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар удс орнууд коронавирусын цар тахлын буруутанг хайх биш коронавирусын цар тахлын эсрэг нэгдэн тэмцэх ёстой аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн хурлын үеэр засгийн газраас 7 хүртэлх насны хүүхэдтэй айл өрхүүдэд хүүхдийнх нь тоогоор тус бүр 5 мянган рубль олгохоор болсон талаар мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх талаар Владимир Путин одоохондоо ямар нэг шийдвэр гаргаагүй ба Оросын парламентын сонгуульд гаднаас нөлөөлөх оролдлого хийгдэх гэж буйд бэлтгэж байгаа гэжээ. В. Путин Оросын арми дэлхийн хамгийн хүчирхэг армийн нэг гэдгийг онцлон, Оросын тал Уулын Карабах дахь энхийг сахиулагчдын тоог нэмэхээр төлөвлөж байгаа ба Донбасст үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлнэ хэмээн онцолжээ.

Мөн түүний хэлж байгаагаар Оросын хакерууд Доналд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход туслаагүй гэнэ. Түүнчлэн В. Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдогантай байнга санал нийлдэггүй ч түүнийг хэлсэн амандаа хүрдэг, өөрийн улсын эрх ашгийг түрүүнд тавьдаг хэмээн хэмээн ярьсан ба В. Путин Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй нөхөрсөг харилцаатай гэдгээ дурдсан байна.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.