Р.Амаржаргал: УИХ-ын дарга З.Энхболд надад Ерөнхий сайд болох санал тавьсан

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өчигдөр орой 2-р суваг телевийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сонирхолтой ярилцлага өглөө. Түүний энэхүү ярилцлага АН-ын бүлэг, ҮЗХ-ны шийдвэр болон дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар хэрхэн бүрэлдэх, улстөрд тогтвортой байдлыг хэрхэн болгох гэх мэт маш өргөн асуудлыг хөндсөн байна. Ердөө жил орчмын өмнө УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгч байсан, бүлгийнхээ хуралд огт суудаггүй түүнийг Ерөнхий сайдад гэнэт нэрийг нь дэвшүүлж мөн л ҮЗХ-ны хурлаараа гэнэт дэмжихгүй гэсэн шийдвэр гаргачихсан. Гэсэн ч олон нийтийн дунд өндөр үнэлэмжтэй хэвээрээ байгаа түүний хэрхэн ярихыг олон хүн чих даран хүлээж байсан нь тодорхой.

З.Энхболд намайг Ерөнхий сайд болооч гэсэн саналыг тавьсан

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаач гэсэн саналыг УИХ-ын дарга З.Энхболд тавьсан байна. “Улс орны нөхцөл байдал тогтворгүй, эвгүй болж эхэллээ. Өөрийг чинь энэ ажлыг хийж чадна гэж итгэж байна” гэж УИХ-ын дарга З.Энхболд анх  түүнд санал тавьжээ. Харин тэрээр “Би заавал ч больё гэж бодоогүй л дээ. Ер нь бол өмнөх Засгийн газрыг болохгүй байна гээд баахан шүүмжилсэн. Тэгээд болгоодох гээд санал тавихад нь биеэ оторлоод байх шаардлага надад байхгүй. Намайг болгоно гэж үзэж байгаа бол би хийе” гэдэг хариу л хэлсэн байна. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд намын даргаар сонгогдож, Р.Амаржаргал харин Ерөнхий сайдад дэмжлэг авч чадсангүй. Энэ бүхнийг З.Энхболд хэлснээсээ буцаж няцсан гэж тайлбарлах хүн цөөнгүй.

Ард түмнээс сонгогдоогүй хүмүүс намын бодлого тодорхойлж байна

Тэрээр намаа болон ҮЗХ-г шинэчлэх зорилгоосоо ухрахгүй гэв. “Нам эрх барьж байгаа, ард түмнээс сонгогдсон хүмүүсийнх байх ёстой. Гэтэл манай ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл \ГЗ\ -г ард түмнээс сонгодоггүй. Тэгэхээр ямар ч хариуцлага хүлээхгүй. Ард түмнээс сонгогдоогүй хүмүүс намын бодлого тодорхойлоод явж байна.. Тэгсэн хэрнээ ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчдийн хийх ёстой зүйлийг нь зааж өгдөг, намаас хөөнө шүү гэж сүрдүүлдэг. УИХ-ын гишүүн хэдийгээр намаас сонгогддог ч тангараг өргөсөн цагаасаа эхэлж намын биш, ард түмний төлөөлөгч болдог. Гэтэл ард түмний төлөөлөгчийг ард түмнээс сонгогдоогүй хүмүүс зааж чиглүүлж байгаа нь буруу.

Тэгэхээр ГЗ-ийн оронд УИХ-дахь намын бүлэг байх л ёстой байхгүй юу. ҮЗХ-г ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид бүрдүүлдэг байх ёстой. Ард түмнээс сонгогдсон хүмүүс чинь ядаж наадах, цаадах хариуцлагаа бодно. Хэлж ярьж байгаагаа бодно. УИХ-дахь намын бүлэг бол УИХ-ын тухай хуулиараа ямарваа нэг намын аль нэг шатны бүтцийн байгууллагын өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн заалттай. Энэ нь нэг ёсондоо улс орны эрх ашгийг нэгдүгээрт, намын эрх ашгийг дараа нь тавь гэсэн үг.

Гэтэл ард нь байх ёстой намын эрх ашиг нэгдүгээрт тавигдаад, улс орны эрх ашгийг төлөөлөх ёстой УИХ-ын гишүүд маань намын эрх ашигтаа баригддаг болчихоод байна. Үүнийг өөрчилж байж л улстөр тогтвортой, хариуцлага болно” гэсэн агуулгатай зүйлийг ярив.

МАН-тай хамтрахгүй бол тогтвортой байдал бүрдүүлж чадахгүй

Мөн тэрээр дараагийн Засгийн газрын хэрхэн байгуулах ёстой талаар, мөн өөрөө Ерөнхий сайд болбол хэрхэн ажиллах байсан талаар байр сууриа илэрхийлсэн. “Гүйцэтгэх засаглал бол ерөөсөө л сахилга. Тэр ардчилал энэ тэрээ УИХ ч байна уу, өөр газраа ярь. Гүйцэтгэх засаглал бол шат шатандаа сахилгатай, зохион байгуулалттай, хариуцлага хүлээх ёстой бүтцийн байгууллага. Тэгэхээр сахилга, зохион байгуулалт, хариуцлага гурав маш чухал. Ажлаа хийж чадахгүй бол зайл гэдэг зарчим л үйлчлэх ёстой.

Огт ажлаа мэдэхгүй, цаг аргаасан юмнууд төрийн ордон, яамны коридороор сэлгүүцэж байна. Хөөгөөд явуул гэхээр тэрний хамаатан гээд байдаг. Сахилга, зохион байгуулалт, хариуцлага алдагдсан учраас л Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон” гэв. Мөн тэрээр өөрийнхөө Засгийн газрыг аль нэг нам гэхээсээ илүү тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлнэ гэсэн бодолтой байснаа хэллээ. Товчхондоо “хий нь гарсан миний үеийнхэн л өөрчилж чадна” гэсэн үгээр мэргэжлийн Засгийн газар байгуулах байснаа тодорхойлсон.

Харин Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд МАН-тай хамтрах хэрэгтэй гэдэг байр суурьтай байна. МАН-тай хамтрахгүйгээр тогтвортой байдал бүрдүүлэх хэцүү, одоо байгуулагдах Засгийн газарт тогтвортой байдал чухал гэдэг саналаа тэрээр илэрхийлжээ. Цаашлаад УИХ-д суудал авсан тоогоороо Засгийн газарт квоттой байх, хамгийн олон суудалтай нь Ерөнхий сайдаа томилдог байх хариуцлагыг хуваасан ийм загварруу орж болохыг ч тэрээр онцолсон юм.

Би хоёрдахь Н.Алтанхуягийн танхимд орж ажиллахгүй

Тэрээр Ч.Сайханбилэгийг “Чадалтай залуу” гэж үнэлж байгаа ч хоёр дахь Н.Алтанхуяг гэж тодорхойллоо. Намын бүлгийнхээ хуралд түүнийг яагаад дэмжээгүй вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд “Ч.Сайханбилэг бол хоёр дахь Н.Алтанхуяг би өмнөхийг нь болохгүй байна гээд кноп дарчихсан шүү дээ” гэв. Одоо байгуулагдах Засгийн газарт олон нийтийн итгэл маш чухал, итгэл төрөхгүй бол цааш явахад хэцүү. Ч.Сайханбилэг бол итгэл төрүүлэх, шинэ нүүр биш гэсэн бодолтой байна.

Гэхдээ асуудал нь УИХ-ын бүх шатаар яваад ороод ирвэл би түүнийг дэмжиж кноп дарна гэж байр сууриа илэрхийллээ. Харин таныг Ч.Сайханбилэг дараагийн танхимдаа уривал яах вэ? гэсэн асуултанд “Би Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллахгүй” гэж хариуллаа. Ийнхүү олон нийтийн анхаарлыг багагүй татаад байгаа улстөрч маань улстөрийн халуун сэдвээр сонирхолтой ярилцлага өгсөн байна.

Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс үзнэ үү: http://www.mongolcom.mn/read/16359

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.