
Миний бие зохиолч, сэтгүүлчдийн их өргөөний хатавчинд 70-аад жил хоргодож байгаагийн хувьд: Монголын зохиолчдын хороог яагаад НАХ-ын хүмүүс удирдаж байв? Зохиолч сэтгүүлч О.Цэдэндоржийг хэн матаж баривчлуулаад тэрээр шоронд 50 хоног өлсгөлөн зарлаж, тамлал даалгүй нас барсан бэ? Залуу зохиолч Г.Цэнджав яагаад Налайхад өөрийгөө буудаж таалал төгссөн бэ? Зохиолч Дарь.Нацагдорж яагаад насаараа Модны үйлдвэрт кочегар хийсэн бэ?
Монголын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч бөгөөд “Үнэн” сонины эрхлэгч Л.Түдэв гэж хэн байв? Р.Чойномыг хэн хэн матаж баривчлуулаад сүүлд анд найз нар нь болсон бэ? “Гавъяа” найрууллын хэрэгт холбогдсон 20 сэтгүүлчийг хэн хэний матаас, хор найруулгаар баривчилж хохироосон бэ? Шог зохиолч Иштавхай малчин хүүхний хэлэх үгний ард юу бичиж өгсөн бэ? Хоёр нүд хараагүй хэрнээ яруу найргийн хоёр ном хэвлүүлсэн зохиолч хэн бэ? гэхчлэн одоогийн залуучууд болон ирээдүйн зохиолч сэтгүүлчид асууж болзошгүй 100 асуултад хариулсан “Амьд гэрч” номоо бичиж дуусах тийшээ хандаж байна. Түүний нэгээхэн хэсэг нь энэ Г.Санжжав зохиолчийн тухай юм.
Би 1955 оны хавар Дорноговь аймгийн Сайншандын арван жилийг төгсгөсөн хүн. Намайг 10 дугаар анги төгсөхөөс хэдхэн хоногийн өмнө манай Дорноговь аймагт “Хүрэн морь”, "Мамий Жүкей” найраглалуудыг бичсэн алдарт зохиолч Ч.Лхамсүрэн ирнэ гэж бөөн хөл боллоо. Долоо хоног цэвэрлэгээ хийж, хашаа байшингаа будаж, бараг бүх айл цагаан бүрээстэй болсон. Урьд өмнө нь төрийн тэргүүн ч ирсэн ингэж байгаагүй шиг санагддаг юм. Монголчууд зохиолчдоо тэгж л хүндэтгэдэг байсан даа. Ингээд, их зохиолч ирлээ гэсэн, аймаг сумаар явлаа л гэсэн. Нэг өдөр захирал Д.Гүржавын өрөөнд бидний хэдэн хүүхдийг дуудаж. Шүлэг зохиол оролддог голдуухан хүүхдүүд л дээ. Захирлын ширээний дэргэд барзгар хамартай, дунд зэргийн насны хүн инээгээд л, биднийг их сайхан угтаж билээ. Ингэж, анх удаа том зохиолчийн бараа харж байгаа нь энэ. Ч.Лхамсүрэн гуай бидний бичсэн шүлгүүдийг уншуулаад, бүгдийг л магтаж байна. Төгсөх ангийнхнаас би л байсан байх. Намайг авч үлдээд хэдэн шүлгийг минь “Цог”, ”Туяа” сэтгүүлд гаргана гээд авлаа.
Намайг дэмжинэ гээд, наймдугаар сарын 20-доор хотод очиод намайг сураглаад очоорой гээд утас, хаягаа өглөө. Ингэж би Ч.Лхамсүрэн гэж хүнтэй багш шавийн барилдлага тогтоосон юм. Товлосон өдрийг тэсч ядан хүлээгээд хотод ирлээ. Вагоноос буугаад л засгийн газрын ордны баруун дэргэдэх “пропускны товчоо” гэсэн жижиг байшинг эрсээр хүрч ирлээ. Зохиолч Ч.Лхамсүрэн гуайтай уулзъя гэсэн чинь миний гэрчилгээг үзээд л пропуск бичээд өгч билээ. Зохиолчдын хороо тэр үед Засгийн газрын ордны зүүн жигүүрийн нэгдүгээр давхарт байсан юм. Мухарын том өрөөнд Д.Сэнгээ дарга, наад жижиг өрөөнд нь нарийн бичгийн дарга Г.Рэнчинсамбуу, гурав дахь том өрөөнд нь дөрөв таван ширээтэй “Цог”, “Туяа” сэтгүүлийн нарийн бичгийн дарга нар гэх мэтийн хүмүүс суудаг. Ордны арын хэсгийн 4 дүгээр давхарын нэг том өрөө нь “залуу зохиолчдын секц” , хариуцсан зохиолч нь Самбаа /А.Самбалхүндэв гуай/. Ийм газрын босгыг 1955 оны наймдугаар сарын 20-нд анх алхаж билээ. Ч.Лхамсүрэн гуай намайг сайхан угтаж авсаан. Дэргэдэх хүмүүстээ “Миний шавь Жамьян Дорноговиос ирсэн” гээд л. Орой нь Яармагийн дэнж дэх зохиолчдын хорооны зусланд гэртээ аваачсан.
Зэргэлдээ хоёр цагаан гэрийн нэлэмгэр том нь Ч.Лхамсүрэн гуайнх. Зэргэлдээ жижиг цагаан гэр нь Бөхийн Баастынх байж билээ. Эднийд гурав дөрөв хоноод, хуваарьтай Цэргийн сургуульдаа очсон чинь “Дорноговийн хоёрын нэг нь ирлээ” гээд шууд л үс машиндаад сурагч ногоон хувцас тавиад өгчихсөн. Казармагт, хаашаа ч гарах эрхгүй болж байгаа нь энэ. Би гэдэг хүн, тус сургуулийн улстөрийн сумангийн 1 дүгээр курсийн сурагч болчихлоо. Салаан дарга дэслэгч Бямбаа. Сүүлд генерал болсон.
Сургуулийн номын санд “Үнэн”, “Улаан-од” гэж хоёр сонин л ирнэ. Нэг өдөр “Улаан-Од” сонины шинэ дугаар харж байсан чинь богино өгүүллэгийн уралдаан зарласан байна. Тэр уралдаанд “Нөхрийн тус” гэж өгүүллэг бичээд явуулчихсан чинь төдхөн хэвлэгдчихэж. Ингээд л сураг алдарсан. Бид ч хичээл сургуульдаа шамдаж, манаа харуулдаа гарсаар, нэг мэдэхнээ шинэ жил гарчихаж байгаа юм.
Нэг өдөр “Захирлын өрөөнд дуудаж байна” гээд Бямбаа дэслэгч маань хөтлөөд явлаа шүү. Сургуулийн захирал генерал Дамдинхүү гэж хүнийг холоос барааг нь хэд харсан болохоос уулзаж учирч байгаагүй хүн шүү дээ. Айж бэргэсээр хүрч очсон чинь генерал маань “сайн байна уу” гээд босч гар барьж байх юм. Өмнөх жижиг ширээнийх нь нэг талд Ч.Лхамсүрэн гуай, нөгөө талд нь үл таних цагаан залуу сууж байна. Лхамсүрэн гуай намайг их л магтаж танилцууллаа. Нөгөө залуугаа "Туяа" сэтгүүлийн нарийн бичгийн дарга яруу найрагч Г.Санжжав гэж танилцуулж байх юм. Бид дөрвүүл жаахан ярилцаж байтал Г.Санжжав зохиолч нэг баярын бичиг, дугтуйтай юм гаргаж ирээд “Жамьян, Улаан-Од” сонины бичлэгийн уралдаанд “Нөхрийн тус” өгүүллэгээрээ байр эзлэсэн тул комиссын гишүүний хувьд өнөөдөр гардуулж өгөхөөр ирлээ гээд нөгөөх шагналыг над гардуулж өгдөг юм байна. Тэр шагнал нь баярын бичиг, 300 төгрөг байсан. Мөнгөнөөсөө 100-гий нь ээждээ явуулахаар хайрцагныхаа мухарт хийж, 200 төгрөгийг нь хармаалаад, Ч.Лхамсүрэн гуайн авсан 1 хоногийн чөлөөгөөр хоёр зохиолчийг даган гарч байлаа даа. Тэр паянг та нар миний дурсамжийн номноос лав уншсан байх. Ингэж би Увс нутгийн уугуул, авъяаслаг яруу найрагч, хүний дээд, хүн чанартай Гүндсамбын Санжжав гэж хүнтэй анх танилцсан хүн дээ.
Цэргийн ерөнхий сургууль тэр хавраа татан буугдаж, төгсөх нь төгсөөд, бага курсийнхэн нь гадаад дотоодын дээд сургуулиудад хуваарилагдахад би Монгол улсын их сургуулийн монгол хэл уран зохиолын ангид орж суралцаж билээ. Тангадын Галсан бид хоёр нэг ангид төдийгүй дотуур байрны нэг өрөөнд амьдрах боллоо. Бидэн дээр зохиолч “ах нар” их ирнэ. Голдуу л Г.Санжжаваар холбогдсон хүмүүс л дээ. Хоёрдугаар курст ороход манай доод ангид олон залуу зохиолч ирсний дотор Булганаас Намжимын Очирбат /Оба/ гэж халгиж цалгасан залуу ирж билээ. Ингэж манай хүрээлэл өргөжихийн хэрээр зохиолч ах нар ч бидэнтэй үеийн юм шиг уулзаж учрах болсон. Б.Цэдэндамбаа, Д.Гомбожав, Г.Санжжав... гээд л. Степенд буусан үеэр бол манай дотуур байр нэлээн л хөлтэй байна. Зохиолч ах нартай ном ярина. Ганц хоёр зуу татна. Манай их сургуулиас Ангаахын дээд, ХАА-н дээд салж тусгаарлаагүй, драмын анги шинээр нээчихсэн, охид хүүхнүүдээр цалгиж байсан үе юм чинь, ах нар биднээр захиа зөөлгөнө. Дуудуулж уулзаж учрана. “Хишигт”-ийн гуанзанд хоол захиалаад бас наргих дарвих үеч байна. Оба бид хоёр гарсан ч орсон ч хамт явна. Г.Санжжав орчуулагч Ш.Цэндгомбо хоюул салахгүй. Бид дөрвүүл нийлж аваад л хотоор “тэнэдэг” байлаа.
Нэг удаа дөрвүүл жаахан халчихаад Ардын дуу бүжгийн чуулгад шинэ концерт үзэх юм боллоо. Зритель дүүрэн. Бид дөрөв голын эгнээнд тухалсан. Сүүлд, Ардын жүжигчин болсон Г.Түмэндэмбэрэл гарч ирээд дуулсан чинь Санжжав маань енгэнэтэл уйлдаг юм байна. Бүр хүчтэй уйлаад, тэр олон хүний анхаарал бид дөрөв дээр тусдаг байгаа. Зарим нь босоод харж байх шиг. Булайгаа чирсэн л дээ. Хоёр залуу Увс-д танилцаад сайн сайхан амьдарч байснаа Улаанбаатарт ирээд сэтгэл санаа таарамжгүй болж, салсан юм билээ. Гэхдээ Г.Санжжав маань Г.Түмэндэмбэрэлд хайртай хэвээрээ, жаахан халахаар түүнийг дурсаж ярьдаг, уйлдаг байсан л даа.
Их сургуулийн жилүүдэд бид иймэрхүү л холбоотой явсан. Би жил болгоны зуны амралтаараа Дорноговьдоо очиж, аймгийн эвлэлийн хороонд гурван сар ажиллан хоёр ээждээ хэдэн төгрөг босгож өгдөг байсан юм. Үдэлт, угталт мундахгүй. Бараг л шөнө болгон вагоны буудал очно. Нэг удаа Бээжин-Улаанбаатарын суудал тосоод байж байсан чинь цав цагаан хувцастай гурван сайхан залуу бууж ирдэг юм байна. Тэдний хээнцэр хувцас, зүс царай, ааш араншин нь үлгэрийн л гэмээр. Тэгсэн чинь цав цагаан костюмтай эрэгтэй нь манай Г.Санжжав. Дэрэвгэр цагаан палааж, өндөр өсгийтэй туфельтэй нь зохиолч эмэгтэй Долгорлхам, дуучин Янжинжав нар юмсанж. Санжжав маань, Замын–Үүдийн Эвлэлийн хорооны дарга болсон гээд нөгөө хоёр эмэгтэйгээ Солонгост сурдаг оюутнууд, хил дээр тосч аваад Улаанбаатар руу хүргэж өгч байна гэсэнсэн. Вагон хөдлөх болсон тул бид удаан саатаж чадаагүй, тэд маань аян замаа үргэлжлүүлсэн. Энд нэг зүйлийг тодотгоход, зарим хүмүүс Г.Санжжавыг Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга МХЗЭ–ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан гэж бичсэн байна билээ. Миний найз, хэзээч тийм өндөр албан тушаал хашиж байгаагүй юм. Харин Эвлэлийн Төв Хороонд түр ажилд аваад, Замын–Үүдэд Эвлэлийн Хорооны даргаар ажиллуулсан нь үнэний хувьтай. Бас зарим хүн Г.Санжжавыг Дорноговь аймгийн Эвлэлийн хороонд ажиллаж байсан мэтээр бичсэн байна. Дорноговь аймгийн Эвлэлийн хороо, Замын–Үүдийн Эвлэлийн Хороо гэдэг чинь тухайн үед тусдаа байгууллага байсан юм. Би Дорноговь аймгийн эвлэлийн хороонд зургаан жил ажилласны хувьд эрхбиш мэдэлгүй яахав.
Хамгийн сонин нэг зүйл байна. Г.Санжжав “Тууврын хоньд” гэдэг тууж бичээд сэхээтний төөрөгдлийн үед буруудсан гэж хэд хэдэн хүн бичсэн байна. “Тууврын хоньд” гэдэг бэсрэг туужийг чинь зохиолч орчуулагч “Сарх” Сандагдорж бичсэн юм. Намайг УИС-д байхад бидний “Сарх” хоч нэр өгсөн С.Сандагдорж маань тус сургуулийн Тоо-физикийн салбарт надаас дээхнэ ангид суралцаж байсан. Тэрээр, “сэхээтний төөрөгдөл”-д голлон оролцсон Да. Багш, Га. Багш, Рэ.багш нарын үзэл санаагаар хүмүүжсэн дайчин зохиолч байсандаа. С.Сандагдорж “Тууврын замд”, ”Зоог, депутатын зоог” гэж хоёр тууж бичээд УИС–ын утга зохиолын дугуйлангаар хэлэлцэхэд би бас сууж, хушуу нэмэрлэж л байсан. Дараа нь Сандагдорж маань энэ хоёр туужиа зохиолчдын хороогоор хэлэлцүүлсэн. “Тууврын хоньд” туужинд Монголын хонийг хойд хилээр гаргах гэсэн чинь майлаад буцаж зугтаагаад байсан гэдэг нь үнэн. Үүнийг Монгол Оросын найрамдалд харш үзэл сурталтай зүйл бичлээ гэж буруутгасан. Энэ хоёр туужийг зохиолчдын хороогоор хэлэлцэхэд Д.Сэнгээ даргалаад Зохиолчдын хорооны орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нар оролцсон.
УИС–ын утга зохиолын дугуйлангаас С.Цэдэвээр удирдуулсан (тэр үед манай дугуйланг зохиолч С.Цэдэв удирдаж байсан юм. Сүүлд Монголын радиод ажиллаж байгаад таалал төгссөн) бидний арваад хүн оролцсон. ”Зоог, депутатын зоог”-ийн гол баатар нь депутатын тэмдэгтэй, харгис хатуу, завхай зайдан хүн дүрслэгдсэн байдаг л даа. Тэр хурал дээр Д.Сэнгээ дарга “Энэ гол баатар чинь хэн юм бэ?” гэхэд С.Сандагдорж “Та л байхгүй юу” гэж хэлээд буруудаж, Сэнгээ дарга уурлан босч ирээд арай л зодоон болоогүй тарж билээ. Д.Сэнгээ дарга НАХ–ын хүн байсан учир тэр доор нь дээшээ мэдэгдэж С.Сандагдоржийг хараа хяналтандаа авч байцаасан юм.
Яг энэ үеэр би “Халхын талд” гэж хорин мянган мөр шүлэглэсэн роман бичиж зохиолчдын хороонд уншаад уянгын гажилтан дахь:
... Номхон цагаан хоньдыг минь
Нохой сүүлтэй болгочих вий.
Номын үсгээ мартаж
Бусдын тэнгэрт зальбирах вий... гэсэн
Дөрвөн мөрөөс болж бас буруудан С.Сандагдоржтой хамт НАХ–д асуугдаж байсан юм. Би, буруудлаа гэдгээ мэдээд нэг шөнө “Халхын талд”-аа угаагуурын газар сэмхэн шатааж байсан чинь Т.Галсан мэдчихээд сэмхэн хүрч ирж “шатаалгахгүй” хэмээн булаалдаж “нармайгаа нээлгээд” цөөхөн хуудас авч үлдсэн нь одоо над бий. “Тууврын хоньд” туужийг Г.Санжжавынх биш гэдгийг ойлгуулах гэж жаахан гажсаныг минь уучлаарай. НАХ-ын асуудлаас болж 1959 оны 3 дугаар сарын 11-нд би Дорноговь руугаа оргож, С.Сандагдорж маань хотдоо үлдсэн. Түүнээс хойш уулзалдаагүй. Хөдөө гурван жил “нуугдаж” байгаад хотод орж ирсэн чинь Г.Санжжав маань найгүй архичин болсон байсан. Хүмүүс бичсэн байна билээ. Алтай, Туул рестораны хавиар “сүг үзэгдэл” шиг хүн явах болсон гэж. Энэ бол үнэний хувьтай. Тийм сайхан залуу байгаад хэдхэн жилийн дотор ийм ч болох гэждээ хэмээн харамсаж байсан хүмүүсийн нэг, яалтгүй Обо бид хоёр Г.Санжжавыгаа эрүүл байхад нь ч, согтуу байхад нь ч “Архиа болиоч. Шүлгээ, дуугаа бичээч” гэж гуйдаг л байсан. Нэгэнт тийм болсон хүн чинь хүний үг ойлгодоггүй, авдаггүй юм билээ. Тэгээд л, буянт ээжийн нэг сайхан хүү гучин хэдхэн насандаа бурханы орон руу явчихсан даа.
Энэ дурсамжийг би “Амьд гэрч ” номонд орсоноос товчлон авлаа.
Г.Жамьян
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч зохиолч
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.