Л.Энх-Амгалан: Аймаг, сумын засаг дарга нарын намын харьяаллаас шалгаалж сургууль, цэцэрлэгийн захирлыг томилдогийг зогсооно

Twitter Print
2021 оны 11-р сар 09-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар Боловсролын багц хууль болон боловсролын шинэлчлэлийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням "Боловсролын салбар томоохон өөрчлөлт хийхгүй бол маш удаан хугацаанд хямралд өртчихсөн байна. Энэ жилийн төсвийн хамгийн чухал зүйл бол сургуулийн өмнөх боловсолын тогтолцооноос их дээд сургууль хүртэл бүх боловсролын институцид шинэчлэлт хийж байгаа явдал юм" гэлээ.

Түүнчлэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Боловсролын багц хуулийг бага үндсэн хууль гэж хэлж болно. Үндсэн хуулийн дараа орох маш том хуулийг батлах гэж байна. Тус хуульд маш олон хүний санал бодлыг тусгаж байгаа. Тэгж байж нийгмийн хүрэлцээ шаардлагад нийцнэ гэж харж байна. Улс орон, хүний хөгжлийн индексээр манайх дэлхийд доогуурт ордог. Үүний шалтгаан нь сүүлийн манай улс 30 жилийн хугацаанд боловсролын салбарыг хаясантай холбоотой. Ядуурал, ажилгүйдлын тоо буурахгүй байгаа бүгд боловсролын зөв тогтолцоо алдагдсанаас үүдэлтэй.

Тиймээс сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, их дээд сургууль гээд боловсролын бүх шатны институцид шинэчлэлт хийх чухал, хариуцлагатай цаг үе бидэнд ирж байна. Шинэчлэлт гэдэгт цэцэглэг сургуулийн багш нарыг томилох асуудлаас эхлээд боловсролын чанар зэрэг бүх зүйл багтана. Боловролын байгууллага мэргэжлийн томилгоо хийдэг болно. Тэгэхгүй бол аймаг сумын засаг дарга нарын намын харьяаллаас шалгаалж сургууль, цэцэрлэгийн захирлыг томилдог болоод байна. Сүүлийн 7 жилд боловсролын байгууллагуудын удирдлагын 70-80 хувь нь солигдож, мэргэжлийн бус улс төрийн томилгоо хийгдсэн байна. Үүний үр дүнг өнөөдөр бид харж байна.

Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлаар УОК, Эрүүл мэндийн яам, БШУЯ-ны сайд нарын хамтарсан ажлын хэсэг орон даяар ажилласан. Улсын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тус үнэлгээгээр 2-3 настай хүүхдүүдийг одоогийн нөхцөлд цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй байна гэж гарсан. Улс орон даяар томуугийн дэгдэлтийн үе ирж байна. Иймээс хүүхдүүдээ одоогоор цэцэрлэгт хамруулах болоогүй байна. 

Өвөрхангай аймагт сэтгэл эмзэглүүлэм хэрэг гарлаа. Энэ бол боловсролын байгууллагад болон дотуур байранд хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрох нөхцөл байдал эрсдэлд орсныг харуулсан аймшигт хэрэг боллоо. Шат шатны удирдлагатай хариуцлага тооцохоор тухай асуудлыг ярилцаж байна. Жил бүр сургуулийн орчинд, дотуур байрны орчинд маш их гэмт хэргүүд гардаг. Иймээс хуулийн хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Боловсролын багц хуулийн хүрээнд Хүмүүнлэг боловсролын хууль өргөн баригдсан. Цаашид сэтгэл зүйн боловсролыг чухалчлан үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Ковидын үеийн хоцрогдол гэхээс илүүтэйгээр үүнээс өмнө ч гэсэн сурагчид маш их хоцрогдолтой байсан. Тиймээс 3.2 сая иргэнд бүгдэд нь хамаатай боловсролын багц хуулийг энэ жил батлах гэж байна" гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.