Цоохор ирвэс хоол хайж хэдэн зуун км-ыг туулж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 17-нд 16:16 цагт
Мэдээний зураг,

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хамгаалахад тулгамдаж байгаа асуудлаар Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын төлөөлөл, “Англо-Американ” ХК-ийн Монгол дахь төлөөлөгч болон Биологийн ухааны доктор, "Ирвэс" сангийн тэргүүн Б.Мөнхцог нар мэдээлэл хийлээ. Цоохор ирвэс Монгол болон Төв Азийн 11 улсын улаан номонд бүртгэгдсэн дэлхийд нэн ховор амьтан юм. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс бий гэсэн тоо баримт бий.

Үүнээс 1200 орчим цоохор ирвэс Монгол орны говь, хээрийн нутгаар тархсан байдаг аж. Өмнөговь аймгийн Гүрх уулнаас эхлэн Говийн Алтайн уулс, Монгол Алтайн нуруу, Хархираа түргэний уулс, Хөвсгөлийн уулсаар тархжээ. Тухайн уулын систем эрүүл, онгон байгаа эсэхийг шалгах, хянах шалгуур нь цоохор ирвэс болдог байна. Өөрөөр хэлбэл цоохор ирвэс байгаа нутагт байгалийн тэнцвэр хадгалагдаж байгаа гэсэн үг юм. Одоогийн байдлаар цоохор ирвэсийн тоо толгой өсөх хандлагатай байгаа аж. 1990 оны сүүл үеэр Монголд 700-900 цоохор ирвэс байна гэсэн тооцоо судалгаа хийж байжээ. Нэг үеэ бодвол хулгайгаар агнаж устгах нь багассан байна. Гэхдээ хүний үйл ажиллгааны нөлөөгөөр амьдрах орчин нь хомсдох, идэш бологч амьтдыг нь хууль бусаар агнах зэрэг үйлдэл нь цоохор ирвэс хорогдох гол шалтгаан болж буй аж.

Сүүлийн жилүүдэд Цоохор ирвэсийг хамгаалах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн байна. 2014 оноос эхэлж "Монгол орны цоохор ирвэс түүний амьдрах орчныг 2014-2021 онд хамгаалах" хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд одоогоор Ховд аймгийн Хар ус нуурын Байгалийн цогцолборт газрын Жаргалант ууланд 40 гаруй автомат зургийн аппарат тавьсан байна.

Мөн Увс аймгийн Сагил сумын “Цагаан шувуут”-аас гурван настай цоохор ирвэс барьж хүзүүвчлэн судалгааны ажлыг үргэлжлүүлж буй аж. Тухайн хүзүүвчийг зүүлгэсэнээс цоохор ирвэсийн байршил, тоо толгой, хоол тэжээл, цасны зузаан, байгаль орчны талаарх бүхий л мэдээллийг таван цаг тутамд авч хянах, хамгаалах боломжтой аж. Хүзүүвчийн тусламжтайгаар цоохор ирвэсийн зөвхөн шөнө анд гардаггүй, өдрөөр хоол тэжээлээ хайж хэдэн зуун километр явдаг болохыг тогтоосон байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.