Монголчуудын амьдралд өрх гэрийн эр эм хоёр бараг л ижил эрхтэй

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 18:13 цагт
Мэдээний зураг,

Гэрийн дотор эр хүн үр хүүхдүүддээ халамжтай, сайн аав байдаг. Үр ач нь ахмадынхаа сургаалийг "алт" гэж хүлээн авч ёсчлон дагана. Монгол эмэгтэй харьцангуй эрт гэрлэдэг.

15-16 настайдаа айлын эзэгтэй болох нь элбэг тохиолддог. Эр нөхөр сүйт бүсгүйнхээ эцэг эхэд инж болгож мал сүрэг, дээл бүсний даавуу, мөнгө төгрөг өгдөг бол сүйт бүсгүй нөхрийн гэрт ирэхдээ өөрийн үнээ мал, ор дэр, хэрэглэлтэй ирнэ. Эхнэр нөхрөөс салсан эмэгтэй дахин гэрлэж болдог бол бэлэвсэн эмэгтэй дахин хэзээ ч хадамд гардаггүй байна.

20-р зууны эхэн үеийн Монгол эмэгтэйчүүдийн амьдрал онцлох зүйлгүй, энгийн гэхэд болно. Монгол эмэгтэй бол сайн ээж, эзэгтэй нар байдаг. Тэд хоол унд хийж, үнээ малаа саан, цагаан идээгээ боловсруулж, шинээр төллөсөн малыг арчилж үр хүүхдээ асрах хувцас хунар оёх гээд гэрийн олон ажилд дарагдана. 

Гэр ахуйн эцэс төгсгөлгүй ажилд ийнхүү санаа тавих нь тэднийг эрчүүдээс ч илүү амьдралын идэвхтэй, бас эрч хүчтэй улс болгодог байна. Тэд нөхрийнхөө боол бус гэртээ бол эрх мэдэлтэй эзэгтэй нар юм. Монгол эхнэр эртнээс богта (?) гэдэг үнэт торгоор чимэглэж дөрвөлжин оройн төв дээр нь тогосны өд хатгаж үнэт чулуугаар чимсэн гоёмсог малгай өмсдөг байжээ. Харин манжын үеэс нөхөрт гарсан эмэгтэй аргал угалзын эвэр мэт дэргэр авгай үстэй, харин охид хүүхнүүд 2 салаа гэзэгтэй болжээ.

Badrakh Damba-н зураг.

Авгай үстэй эхнэр хүн толгойн боолт гэзэгний хавчаар, даруулга дугтуй зэргийг мөнгөөр үйлдэж, алт, шүр, сувд зэрэг үнэт эрдэнийн чулуу, оюу номин дун зэргээр чимэглэх болсон байна. Ер нь нүүдэлчин монголчуудын хамгийн эрхэм дээд гоёо нь мөнгөн эдлэл байжээ.

Монгол эмэгтэйн хувцас хаана ч адилхан, зөвхөн жижиг зүйлсээрээ л ялгаатай байдаг. Энэхүү гол ялгаа нь ястнуудын толгойн гоёлд байдаг.

Badrakh Damba-н зураг.

Тэгвэл 20-р зууны эмэгтэйчүүд мөрөн дээрээ 2 төвгөртэй, урт ханцуйтай нарийн дээлийг ханцуйгүй богино хантаазны хамт өмсөнө.

Мөн тэд үсээ 2 туг болгон хувааж, цавуу түрхээд 2 хавтгай тууз хэлбэртэй дэргэр болгон өвөр рүүгээ унжуулдаг. Салаа болгон сүлжсэн үсийг төмөр гархиар боож, гөлмөн төмрөн хэсгүүд, шүр туузаар чимнэ. Харин охид нь үсээ хэд хэдэн салаа болгон сүлждэг.

Badrakh Damba-н зураг.

Би нэг охин 83 салаа болгон сүлжсэн байсныг олж харсан гэж Германы эрдэмтэн доктор Аль Ивановский 1890-аад оны эхээр Монголоор аялаад Германы Лейпциг хотноо хэвлүүлсэн "Монгол улс, угсаатны зүйн зураглал" номондоо дурдаад зогсохгүй өөр олон сонирхолтой зүйлсийн тухай өгүүлсэн байдаг. Монгол хүмүүс өргөн, намхан түрийтэй, сур болон давирхаатай утсаар оёсон зузаан эсгий ултай, өсгийгүй арьсан гутал өмсөнө. Өвөл бол түрийнээсээ цухуйлган өмсдөг эсгий оймсыг угладаг.

Эрчүүд эмэгтэйчүүдийн толгойн өмсгөл нь адил шовгор оройтой, дээшээ нугарсан хүрээтэй, гадна талдаа үнэг чонын арьс эсвэл зузаан хилэн оруулгатай малгай юм. Өвлийн хүйтэнд хүрээг нь буулгаж, дух чих шилэн хүзүүгээ даарахаас хамгаалдаг. Малгайн ар талд ойролцоогоор 45 см урт хоёр улаан хүрэн туузыг унжуулна.

Badrakh Damba-н зураг.

Монголчууд ихэнхи тохиолдолд чихэндээ гурвалжин хэлбэртэй янз бүрийн дагвар цул алтан зүүлтүүд, бугуй болон гартаа туузан бугуйвч, цагиргууд, хүзүүндээ шүр болон шилэн сувснууд(?) зүүдэг. Ер нь нүүдэлчин монголчуудын хувьд мөнгөн эдлэл хамгийн их эрхэмлэдэг, үнэт гоёл нь юм. 

Түүхийн ухааны доктор О.Батсайхан

Эх сурвалж: "Монголчууд XX зууны эхэнд" ном

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.