Энэтхэгийн хөрш орнуудад халдварын тархалт нэмэгдэж, хилээ хаалаа

Twitter Print
2021 оны 04-р сар 29-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн хөрш орнуудад коронавирусын халдварын тархалт нэмэгджээ Коронавирусын халдварын тохиолдлууд өдөрт хэдэн зуун мянгаараа нэмэгдэж буй Энэтхэгийн хөрш орнуудад мөн л халдварын тархалт нэмэгджээ. Энэтхэгт сүүлийн өдрүүдэд 1 өдөрт бүртгэгдэх коронавирусын халдварын тохиолдлуудын тоо 300 мянгаас буухгүй байгаа, өнгөрсөн лхагва гарагт л гэхэд уг вирусын халдварын улмаас 3293 хүн нас бараад байна.

Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн эрүүл мэндийн тогтолцоо нурж унахын даваан дээр ирээд байгаа ба эмнэлгүүдийн ор дүүрч, өвчтэй иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй гэртээ, яаралтай тусламжийн машин дотор, эмнэлгийн гадаа нас барж байна. Эмнэлэгт хэвтэж чадсан өвчтнүүдийн хувьд хүнд нөхцөлд байгаа ба эмнэлгүүд хүчилтөрөгчийн нөөцгүй болж, өвчтнүүдийн ар гэрийнхнийг хүчилтөрөгчөө өөрсдөө олж ирэхийг зөвлөж байгаа аж.

Өнгөрсөн 3-р сарын сүүлээр Энэтхэгт коронавирусын шинэ хувилбар бүртгэгдсэн ба Энэтхэгт илэрсэн уг вирус Итали, Швейцари, Их Британи зэрэг дэлхийн хэд хэдэн оронд бүртгэгдсэн юм. Коронавирусын халдварын 2 дахь давалгаа Энэтхэг улсад маш хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор улс орнууд Энэтхэгээс ирэх нислэгүүдийг цуцалж, Энэтхэгтэй хиллэдэг хилээ хаах арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн бямба гарагт Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Энэтхэгт бүртгэгдсэн коронавирусын шинэ хувилбар Иранд орж ирвэл Иран улс маш том асуудалтай тулгарга хэмээн онцолжээ. Энэтхэг улс Пакистан, Балба, Мьянмар, Бутан болон Бангладеш улстай хиллэдэг ба хилийн зурвасын зарим хэсгээр нь иргэд улс хооронд чөлөөтэй зорчдог байна.

Энэтхэгийн зүүн хойд хэсгээр хиллэдэг Балба улсад коронавирусын халдварын тохиолдлууд буурч, өдөртөө 50-100 дотор бүртгэгдэж байсан ч Энэтхэгт халдварын 2 дахь давалгаа эхлэхтэй зэрэгцэн 4-р сарын дундаас халдварын тоо огцом өсч, өдөртөө мянга мянгаар тоологдож байна. Нийслэл Катманду, хилийн бүсэд байрдах Непалгүнж хот тус бүр халдварын голомт болоод байгаа аж. Коронавирусын халдвар нэмэгдэх болсоны нэг шалтгаан нь Энэтхэгээс эх орондоо эргэн ирж буй балбууд халдвар зөөвөрлөн ирж байгаатай холбоотой хэмээн Балбын эрх баригчид онцолжээ. Энэтхэг болон Их Британид бүртгэгдсэн коронавирусын шинэ хувилбарууд Балбад мөн хэд хэдэн тохиолдол дээр илрээд байгаа аж.

Түүнчлэн зах худалдааны төвүүд, хүмүүс олноор цугладаг газрууд, баяр ёслолууд нь коронавирусын халдвар тархах шалтгаан болоод байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнтэй холбогдуулан Балбын эрх баригчид энэ пүрэв гарагаас эхлэн хэд хэдэн хотод 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Энэтхэгийн зүүн зүгт байрлах Бангладешд өнгөрсөн 3-р сараас эхлэн коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, энэ сард оргилдоо хүрсэн юм. Бангладешийн эрх баригчид хатуу хөл хорио тогтоож, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоосноор халдварын тоо буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн даваа гарагаас эхлэн Бангладеш Энэтхэгтэй хиллэдэг хилээ 2 долоо хоногийн хугацаатай хаажээ.

Энэтхэгийн баруун хэсэгтэй хиллэдэг Пакистанд эмнэлгүүд мөн л хүчилтөрөгчийн хомсдолд ороод байна. Тус улсад коронавирусын халдварын тохиолдлуудын тоо өнгөрсөн 3-р сарын эхээс өсч эхэлжээ. Өнгөрсөн лхагва гарагт л гэхэд Пакистанд 201 хүн коронавирусын халдварын улмаас нас баржээ. Нөгөөтэйгүүр Пакистаны Эрүүл мэндийн яам Энэтхэгт бүртгэгдсэн коронавирусын шинэ хувилбар Пакистанд хараахан илрээгүй хэмээн мэдэгдсэн ба энэ сарын 19-нөөс эхлэн Энэтхэгээс ирж буй иргэдийг хүлээн авахгүй байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Пакистаны эрх баригчид тус улс хүчилтөрөгчийнхөө нийт нөөцийнхөө 90 хувийг ашигласан гэдгийг мэдэгдэж, тус улс маш хүнд нөхцөл байдалтай тулгарч буйг онцолжээ. Пакистаны засгийн газар Зэвсэгт хүчнээсээ коронавирусын эсрэг тэмцэхэд туслахыг хүссэн ба гадаа ил байрлах зоогийн газрууд, фитнесс төвүүд, сургуулиудыг хаах шийдвэр гаргасан билээ. Пакистаны Ерөнхий сайд Имран Хан хатуу хөл хорио тогтоохоос зайлсхийж байгаа ч иргэд коронавирусын халдварын эсрэг заавар зөвлөмжүүд, халдвар хамгааллын дэглэмээ дагахгүй бол хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрнэ гэдгийг анхааруулжээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/04/28/india

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.