В.Путин, Си Жиньпин нар худалдаа, хий дамжуулах хоолой зэрэг чухал сэдвээр ярилцав

Twitter Print
2023 оны 03-р сар 22-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар  өнгөрсөн мягмар гарагт хийсэн уулзалтын хүрээнд 2030 он гэхэд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, санхүү, тээвэр логистик, үйлдвэрлэл технологи зэрэг стратегийн салбарууд дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зөвшилцөлд хүрсэн байна.

Өнгөрсөн оны байдлаар ОХУ-Хятадын худалдааны эргэлт 190 тэрбум ам.долларт хүрч, 2021 оны үзүүлэлтээс 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Нөгөө талаас нийт худалдааны 2/3-ыг ОХУ-ын байгалийн нөөцийн импорт эзэлжээ. Өнгөрсөн жил Хятадаас Орост нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 12.8 хувиар нэмэгдэж, 76.1 тэрбум ам.долларт хүрсэн бол ОХУ-ын Хятадад экспортлосон бараа бүтээгдэхүүний хэмжээ даруй 43.4 хувиар өсөж, 114.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэ оны эхэнд ОХУ БНХАУ-ын байгалийн хий, газрын тосны хамгийн том экспортлогч болсон ба байгалийн хийн экспортоороо Туркменистан, Катар, Австралийг, газрын тосны экспортоороо Саудын Арабыг ардаа орхижээ.

Оросын Хятадад нийлүүлсэн хөнгөн цагааны хэмжээ сүүлийн 12 сард 93.88 хувиар өсөж, 538.59 мянган тоннд хүрсэн байна.

Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-аас БНХАУ руу Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий экспортлох "Сибирийн хүч-2" хий дамжуулах хоолойн   бүтээн байгуулалтын тухай гэрээ хэлэлцээр дээр талууд зөвшилцөлд хүрсэн хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн Оросын төрийн тэргүүн ОХУ Ази, Африк, Латин Америкийн улсуудтай хийх худалдаандаа Хятадын мөнгөн дэвсгэрт болох юанийг ашиглахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Өнөөдрийн байдлаар хоёр улсын нийт худалдааны 2/3 нь рубль болон юаниар хийгдэж байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины мэдээлснээр хоёр улсын хоорондын хөрөнгө оруулалтын багцад нийт 165 тэрбум гаруй ам. доллар 79  төсөл багтсан ба үүнд Оросоос Хятад руу үр тариа экспортлох зам барих төсөл багтаж байгаа аж.

Уулзалтын үеэр Хятадын төрийн тэргүүн  Ерөнхийлөгч В. Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин нарыг "Нэг Бүс, Нэг Зам" санаачлагын хүрээнд болох олон улсын чуулга уулзалтанд оролцохыг урьжээ.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Си Жиньпиний Украин дахь хямралыг энхийн замаар шийдвэрлэх саналыг хүлээн авч буйгаа мэдэгджээ.

Барууны орнуудын тогтоосон хориг, Украин дахь дайн зэрэгтэй холбоотойгоор Москва, Бээжин хоёрын харилцаа сүүлийн жилүүдэд улам гүнзгийрсэн билээ.

Нөгөө талаас ОХУ Хятадаас улам хамааралтай болж буйг зарим ажиглагчид онцолж байгаа юм. Энэ тухай Их Британи дахь Батлан хамгаалах, аюулгүй байдлын судалгааны төвийн мэргэжилтэн Чарльз Партон, "Одоогийн байдлаар Хятад Орост юу хийхийг нь заах дээр тулаагүй байна. Гэхдээ цаашдаа урт хугацаандаа Оросын Хятадаас хамаарах явдал улам нэмэгдэж, энэ нь Хятад хүссэн юмаа хийлгэхийн тулд Орост дарамт үзүүлэх боломжтой гэж харагдаж байна. ОХУ Хятадаас газрын тос, байгалийн хийн экспортоороо хамааралтай болох нь Хятадад давуу тал олгож байна." гэжээ.

Түүний хэлж байгаагаар барууны орнуудын тогтоосон хоригоос хамгийн их хожиж байгаа нь Бээжин аж. Хоригт орсон ОХУ бараа бүтээгдэхүүнээ ямар нэг байдлаар худалдах хэрэгтэй болсон ба Бээжин гол худалдан авагч нь болсноороо үндэсний валют болох юанийг илүү өргөн хүрээнд ашиглаж эхэлсэн юм. ОХУ америк доллар ашиглах боломжгүй болсонтой холбоотойгоор Бээжин эрчим хүчээ илүү хямд худалдан авч байгаа билээ. Эрчим хүчний тогтвортой, аюулгүй байдал нь Си Жиньпин болон Коммунист намын хувьд чухал ач холбогдолтой бөгөөд энэ тал Бээжин "хожиж" байгаа гэж хэлж болох аж.
Эх сурвалж: euronews.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Халх монгол

      (202.126.93.243) 2023-03-22 16:04
      • 1
      • 0

      За ингээд Монгол улс дараагын хэдэн зуун жил Оросын хараанаас хэзээч гарахгүй дарамтанд шаалаа.

      Хариулах